АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хоёр дахь дээд хэмжээний уулзалт энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Вьетнам улсын нийслэл Ханой хотноо болох билээ. Вьетнам улс энэхүү уулзалтад зориулж 300 ширхэг мөнгөн зоос гаргасан байна.
“Vietnam Philately” компанийн төлөөлөгч “Мөнгөн зоосны нэг талд АНУ-БНАСАУ-ын далбаа болон эв найрамдлын илэрхийлэл чидун чимсний модны мөчир, энх тайвны бэлгэ тэмдэг цагаан тагтааг, нөгөө талд нь түүхэн уулзалтын он сар өдөр, бадамлянхуа цэцгийг дүрсэлсэн" гэж мэдэгджээ. Түүхэн уулзалтад зориулан гаргасан мөнгөн зоос 21 ам.долларын үнэтэй аж.
Тус компаний төлөөлөгч мэдэгдэлдээ “Манай дизайнер болон гар урчууд маш шаргуу ажилласны эцэст долоо хоногийн дотор зоосны дүрс болон үндсэн загварыг гаргаж дуусгасан. Бид энэ түүхэн уулзалтыг тохиолдуулан энэ сарын 26 гэхэд зоосуудыг бэлэн болгохоор ажиллаж байна” гэж дурджээ.
Үүний өмнө энэ сарын 23-нд АНУ, БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний түүхэн уулзалтад зориулж АНУ 1000 ширхэг мөнгөн зоос гаргасан бөгөөд нэг бүр нь 100 ам.долларын өртөгтэй аж. Сингапур улс өнгөрсөн оны зургадугаар сард болсон хоёр удирдагчийн түүхэн уулзалтад зориулж алтан зоосууд гаргаж байв.
Эх сурвалж: Vietnam news
Холбоотой мэдээ