Зүүн хойд Азийн Монгол Улс, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ зэрэг таван улсыг холбосон эрчим хүчний нэгдсэн сүлжээг бий болгох зорилготой “Зүүн хойд Азийн бүс нутгийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” төслийн уулзалт 2019 оны гуравдугаар сарын 1-ний Баасан гаригт Улаанбаатар хотноо болох гэж байна. Монгол Улсаас Азийн том эдийн засаг болсон орнуудад цахилгаан эрчим хүч экспортлох зорилготой уг санаачлагын олон улсын уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохион байгуулагдах юм.
Уулзалтыг Эрчим хүчний яам (ЭХЯ), Азийн хөгжлийн банк (АХБ) хамтран зохион байгуулаж буй. Монголын бизнесийн зөвлөл, Азийн супер сүлжээ Монгол нийгэмлэг, Монголын сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын эрчим хүчний ассоциаци зээрг олон нийтийн байгууллагууд энэ арга хэмжээг дэмжин оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтыг нээж үг хэлэх бол Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн захирал Гурбуз Гунул “Шинэ дэлхий-Эрчим хүчний шилжилт болон геополитик” сэдвээр үндсэн илтгэлийг тавина. 167 орон гишүүнчлэлтэй Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг нь дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний технологи, үйлдвэрлэл, салбарыг дэмжих, хөрөнгө оруулалтыг сэргээгдэх эрчим хүчний салбар руу татахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
байгууллага юм. Уг байгууллага шинэ дэлхий, эрчим хүчний трансформаци буюу шилжилт, геополитик гэсэн томоохон судалгаа хийгээд байна. Судалгааны үр дүнгээ дэлхийн улс орнуудад танилцуулж эхэлжээ. Улаанбаатарт болох уулзалтын үеэр тус байгууллагаас судалгааны үр дүнгээ танилцуулна.
Уулзалтын зохион байгуулалтад хамтран ажиллаж байгаа Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан “Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 онд Владивостокийн эдийн засгийн чуулганд оролцохдоо Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ санаачлагыг дэмжиж ажиллахыг бүс нутгийн улсуудад уриалсан. Энэ удаагийн хурал төрийн тэргүүний ивээл дор болж буйгаараа онцлог.
Монгол Улсын хувьд Азийн хөгжлийн банк, ЭХЯ хамтарч томоохон судалгаа хийж байгаа. Судалгааны ажил нь энэ жил дуусна. Өнөөдрийн тухайд судалгааны урьдчилсан тайлангууд гарч байна. Ирээдүйд бий болох шинэ зах зээлийг удирдах төвийг Улаанбаатарт байгуулах зорилго бий. Бусад улстай хэлэлцэж, давуу талуудаа тэдэнд ойлгуулж, энэ удаагийнх шиг уулзалтуудыг давтамжтай зохион байгуулж байж энэ зорилго маань биеллээ олно” хэмээн онцоллоо.
Төслийн уулзалтын нэгдүгээр хуралдаан “Бүс нутгийн улс орнуудын чиг хандлага” сэдвээр өрнөнө. Японы Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэн, БНСУ-ын Цахилгаан эрчим хүчний корпораци гэх мэт Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээнд оролцогч талууд уг хуралдаанд оролцох юм.
Хоёрдугаар хуралдааны үеэр шинжээчид байр сууриа илэрхийлнэ. Уг хуралдаанд Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны төслийн багийн ахлагч Филипп Лянхарт “Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги” сэдвээр итгэл тавих бол Эрчим хүчний харти (Energy Charter), Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний хөгжүүлэлт хамтын ажиллагааны байгууллага (GEIDCO), Японы Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэн (REI), БНСУ-ын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн төлөөлөл оролцоно.
АХБ, НҮБ-ын Ази Номхон далайн бүс нутгийн соёл эдийн засгийн комисс, дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний хамтын ажиллагааны байгуулагууд болон Япон, Солонгосын эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгүүд Зүүн Хойд Азийн нэгдсэн сүлжээтэй холбоотой гаргаж буй байр суурь, судалгаануудаа танилцуулах нь энэ удаагийн төслийн уулзалтын гол онцлог болж байна.
Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ санаачлагад идэвхтэй оролцогч Японы “Софтбанк” компани, ОХУ-ын цахилгаан эрчим хүчний сүлжээний оператор “Россеть” зэрэг компаниудын төлөөлөл гуравдугаар сарын 1-ний баасан гарагт болох төслийн уулзалтад оролцоно.
Зарим оролцогчийг товч танилцуулъя.
Эрчим хүчний харти (Energy Charter): Эрчим хүчний харти буюу Эрчим хүчний хил дамнасан худалдааг зохицуулдаг олон улсын байгууллага. Европт төвтэй. Монгол улс нэг гишүүн нь. Эрчим хүчний улс хоорондын худалдааг дэмждэг. Улсууд хооронд гэрээ хэлцэл хийхэд гэрээ хэлцлийнх нь загварыг гаргаж өгдөг. Мөн дүрэм журам, стандартыг нь нэгтгэж өгдөг.
Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ санаачлагад идэвхтэй оролцож байгаа. Энэ байгууллага Улаанбаатарт болох төслийн уулзалтад төлөөллөө оролцуулж, бүс нутгийн эрчим хүчний худалдаа, Монгол Улсыг дэмжиж буйгаа илэрхийлж байгаа юм.
НҮБ-ын Ази номхон далайн бүс нутгийн Эдийн засаг, нийгмийн комисс (UNESCAP): Зүүн хойд Азид эрчим хүчний хамтын ажиллагаа, эрчим хүчний худалдааг бодлогоор дэмжиж, улс орнуудыг ойлголцуулахыг зорьж яваа байгууллага. Улаанбаатарт болох уулзалтад энэ байр сууриа илэрхийлж оролцоно.
Японы Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэн: 2011 оноос Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний чиглэлээр судалгаа хийж байгаа. Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ санаачлагад идэвхтэй оролцогчдын нэг.
Солонгосын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн: Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ санаачлагад хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа талаас оролцож байгаа. Уг санаачлагад Солонгос улс идэвхтэй байр суурьтай оролцож буй.
Дэлхийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний хамтын ажиллагааны байгууллага: Зүүн хойд Ази болон Зүүн Өмнөд Азийн бүс нутагт эрчим хүчний хамтын ажиллагааг дэмжиж ажилладаг.
Б.БАТ
Холбоотой мэдээ