У.Хүрэлсүх НҮБ-ын хурлын үр дүнгээ танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2015.04.14-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх НҮБ-ын хурлын үр дүнгээ танилцууллаа

Шадар сайд У.Хүрэлсүх өнгөрсөн сард Японы Сэндэй хотноо болсон “Гамшгийн эрсдлийг бууруулах” дэлхийн гуравдугаар бага хуралд оролцсон. Монголоос томилогдсон ажлын хэсэг уг хуралд ямар үр дүнтэй оролцсон талаарх ажлын тайлангаа өнөөдөр танилцууллаа.

НҮБ-ын Гамшгийн аюулыг бууруулах газраас зохион байгуулсан энэ хуралд дэлхийн 20 гаруй орны төр засгийн удирдагчид, 100 гаруй сайд, 20 гаруй олон улсын байгууллага, НҮБ-ын 15 төрөлжсөн байгууллага, 200 гаруй төрийн бус байгууллагын өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид оролцсон. Харин Монгол улсаас Шадар сайд У.Хүрэлсүх, ОБЕГ, Нийслэлийн Боловсролын газар, Барилга хот байгуулалтын яам, Дэлхийн зөн Монгол байгууллага, Японы хүүхдийг ивээх сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчид оролцоод ирсэн юм.

Тус хуралд Шадар сайд Х.Хүрэлсүх Монгол улсын Гамшгийн аюулаас сэргийлэх ажиллагааны баримт бичгийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажлаа танилцуулжээ.

Мөн 2015-2030 он хүртэл Гамшгийн эрсдлийг бууруулах Сэндай хотын төрийн баримт бичгийг хэлэлцэн батлахад оролцсон байна. Уулзалтын үеэр Монголын гамшгийн эрсдлийг бууруулах ажлыг бэхжүүлэх, аврагч, албан хаагчдыг хамгаалах чиглэлээр хэд, хэдэн хэлэлцээр хийжээ. Тухайлбал Орос, Хятад, Япон улсуудын сайд нартай албан уулзалт хийж энэ чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг сайжруулах асуудлыг ярилцсанаас гадна техникийн тал дээр тусламж хүсэх талаар холбогдох хүмүүстэй санал солилцож ажил хэрэг болгохоор болсон байна. Мөн гамшгийн эрсдийг бууруулах үйл ажиллагаанд хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүд болон эмзэг бүлгийнхний гамшигт өртөмтгий байдлыг бууруулах, олон нийтийг аюулгүй амьдрах уламжлалт арга ухаанд сургах зэрэг саналыг хурлыг үеэр гаргажээ.

Тус хурлаас гарсан шийдвэр, зөвлөмжүүдийг Монголын холбогдох хуульд тусгаж удахгүй УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгааг Ажлын хэсгийхэн танилцууллаа.

С.ОТГОН


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж