ЗХУ ба АНУ нь «Дунд болон ойрын зайн тусгалын пуужинг устгах гэрээ»-нд (ДОЗТПУГ) 1987 оны 12-р сарын 8-нд гарын үсэг зурсан ба энэхүү гэрээ нь 1988 оны 6-р сарын 1-нд хүчин төгөлдөр болсон. Гэрээний хүрээнд талууд дунд (1000-5,500 км) болон ойрын (500-1000 км) зайны тусгалтай хуурай газрын баллистик болон далавчит пуужинг, мөн түүнчлэн тэдгээр пуужингуудад зориулагдсан хөөргөх төхөөрөмжүүдийг үйлдвэрлэх, турших ба суурилуулахад хориг тавьсан.
ЗХУ задарсны дараа энэхүү гэрээг ОХУ, АНУ-аас гадна Беларус, Казакстан болон Украйн улсууд хэрэгжүүлж эхэлжээ. ДОЗТПУГ-г хэрэгжүүлж эхэлсний үр дүнд цөмийн зэвсгийн бүхэл бүтэн нэгэн ангилал устаж, үгүй болсон ба энэхүү алхам нь Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний хүрээнд цөмийн зэвсгийг хураах үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулсан юм. Хугацаагүй байгуулагдсан уг гэрээ нь өдгөө ч стратегийн тогтвортой байдал, олон улсын аюулгүй байдлыг хангахад чухал хүчин зүйл болсон хэвээр байна.
АНУ нь 2013 оноос хойш Оросын тал гэрээг зөрчиж байна хэмээн нэхэмжлэх болсон билээ. АНУ-ын талын үзэж буйгаар Оросын Зэвсэгт хүчний хэрэглэж буй 9М729 индексийн пуужин нь ДОЗТПУГ-д заасан 500-5500 км-ийн зайны тусгалтай юм байна. Оросын тал Америкийн талыг энэхүү нэхэмжлэлээ үндэслэхийг нэг бус удаа хүссэн ч АНУ нь манай хүслийг үл харгалзан, нөхцөл байдлыг тодруулахаас татгалзсаар байгаа.
Оросын тал Вашингтоны ямар ч үндэслэлгүй буруутгалыг няцааж, ДОЗТПУГ-нд үнэнч хэвээр, гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэвч зөрчөөгүй гэдгээ нэг бус удаа, үүний дотор өндөр түвшинд мэдэгдэж байсан. Дээр дурдсан пуужин нь гэрээнд заасан зайны тусгалтайгаар боловсруулагдаагүй, энэ зайнд туршигдаагүй учир манай талын олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэгт огтхон ч харшлаагүй гэсэн үг юм. АНУ-ын зүгээс манай талтай тулган шаардах маягаар ярьж, цэрэг, улс төрийн дарамт шахалт үзүүлж, хориг арга хэмжээ авах гэсэн оролдлогуудыг бид огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй.
Вашингтоны зорилго нь өөрсдийн үйл ажиллагаанаас дэлхий нийтийн анхаарлыг холдуулахад оршиж байна гэсэн сэтгэгдэл төрөөд байна. Үүний хажуугаар гэрээний заалтууд нь Вашингтоны чухал хэмээн дэвшүүлсэн цэргийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд саад учруулмагц тэд гэрээг «өргөн хүрээтэйгээр» тайлбарладаг. Үнэн хэрэгтээ бол дэлхийн аль ч буланд орших өрсөлдөгчдөдөө дарамт шахалт үзүүлэхийн тулд цэргийн хэрэгслийг хязгааргүй ашиглах боломжоор өөрсдийгөө хангахад эдгээр нэхэмжлэлийн бодит шалтгаан оршино.
Ийнхүү бодлого нь дэлхийн тогтвортой байдлыг хангах явцад эрсдэлтэй үр дагавартай байж болзошгүй. Олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа АНУ-ын иргэд төр засаг болоод АНУ-ын гүтгэлгийг сохроор дэмжин тархааж буй НАТО-гийн бусад гишүүн орнуудын иргэд «цэргийн давамгайлал» хэмээх хий үзэгдлийн араас хөөцөлдөх Вашингтоны бодлого нь ямар үр дүнд хүргэж болох вэ гэдэг талаар сайтар бодолцох хэрэгтэй болов уу?
Энэ оны хоёрдугаар сарын 2-нд Төрийн департамент албан тоот илгээж, АНУ нь 1987 оны «Дунд болон ойрын зайн тусгалын пуужинг устгах гэрээ»-нээс түр гарч буй тухайгаа ОХУ-ын талд мэдэгдсэн ба хоёр талын энэхүү гэрээнээс бүр мөсөн гарах цаашдын арга хэмжээг эхлүүлж буйгаа илэрхийлсэн. Үүний зэрэгцээ Америкийн тал нь ДОЗТПУГ-нд заасан үүргээ хүлээхээ больсон хэмээн мэдэгдсэн тул энэ нь тэд гэрээгээр хориглосон зэвсгийг ил тод боловсруулж, үйлдвэрлэж, ашиглаж эхлэхэд бэлэн гэсэн үг юм. Бидний зүгээс Вашингтон нь ДОЗТПУГ-ээр хүлээсэн үүргээ хэрхэн гүйцэтгэж буй талаар олон жилийн турш асуудалтай хандаж байсан. Харин өдгөө АНУ нь энэхүү гэрээг эцэслэн цуцлахаар шийдвэрлэж, ингэснээрээ зэвсэглэлийг хянах нийт системд ээлжит цохилт өгч байна.
Гэрээг авч үлдэхийн тулд Оросын зүгээс боломжтой бүхнийг хийсэн. Америкийн талыг мэргэжлийн яриа хэлцэлд урих гэж хэд хэдэн оролдлого хийв. Талууд харилцан гомдолтой байсан ч зөрчлүүдийг шийдвэрлэн зохицуулах тодорхой санаачилгуудыг санал болгож байсан. Москва ДОЗТПУГ-ний хүрээнээс хол хальсан буюу урьд өмнө нь байгаагүй өргөн хүрээний ил тод байдлын арга хэмжээнүүдийг авсан. Гэсэн хэдий ч бидний бүх хүчин чармайлтыг АНУ-ын талаас үл тоомсорлож, хориглож байв.
Вашингтоны зүгээс урган гарч ирж буй шинэ аюул заналхийллийн улмаас ОХУ нь дунд болон ойрын зайны тусгалтай пуужин үйлдвэрлэх, турших болон суурилуулах асуудлуудаар АНУ-ын талтай нэгэн адил арга хэмжээ авах эрхээ хадгалан үлдэж байна.
Үүний зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдсэний дагуу ОХУ нь дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад онцгой үүрэг гүйцэтгэж буйгаа ухамсарлан, Америкийн тал дунд болон ойрын зайны тусгалтай пуужингуудаа одоогийн байдлаар байршуулаагүй байгаа Европын болон бусад бүс нутагт өөрсдийн ижил тусгалын зэр зэвсгээ байрлуулахгүй. Хэрэв Вашингтон өөрсдийн сүйрлийн бодлогоо эргэн нягталж, ДОЗТПУГ-г дахин мөрдөх санал тавьбаас бид энэхүү гэрээ болон стратегийн тогтвортой байдлын бусад асуудлуудаар харилцан хүндэтгэлтэй, аль аль талынхаа болон дэлхий нийтийн ашиг сонирхлыг харгалзан үзсэн бодит яриа хэлэлцээ хийхэд нээлттэй байна.
Эх сурвалж: Монгол Улс дахь Оросын Холбооны Улсын Элчин сайдын яам