Өвөрхангайчууд эрс шинэчлэлийн зорилтоосоо ухралгүй сайн ажиллахыг захив

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

Өвөрхангайчууд эрс шинэчлэлийн зорилтоосоо ухралгүй сайн ажиллахыг захив

Өвөрхангайчууд эрс шинэчлэлийн зорилтоосоо ухралгүй сайн ажиллахыг захив

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын орон нутагт хийж буй томилолт өчигдөр Өвөрхангай аймагт үргэлжиллээ.

Түүнийг Өвөрхангай аймгийн төв Арвайхээрт хүрэлцэн ирэхэд аймгийн Засаг дарга Г.Ганболд, ИТХ-ын дарга А.Ишдорж болон Өвөрхангай аймгаас парламентад сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг болон төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөгчид хүндэтгэн угтлаа.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар иргэдтэй хийсэн уулзалтын үеэр хууль дээдэлж, хариуцлага сахилга, шударга ёсыг дээдлэх тогтолцоог бүрдүүлэх ажлыг парламентаас эхэлж шинэчлэл хийх; парламентын хянан шалгах чиг үүргийг шинэ шатанд гаргах; Улсын Их Хуралд тооноос чанарт шилжих хувьсал, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн шууд оролцоог хангах цахим шилжилт хийх; Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах; төвлөрлийг сааруулж, нутгийн удирдлагын бие даасан байдлыг хангах үндсэн 5 зорилтоо танилцууллаа.

Тэрбээр Улсын Их Хурлын танхимыг мэдлэг, тооцоо судалгаа, шинжлэх ухаанд суурилсан эрүүл мэтгэлцээний индэр болгох ёстой гэж үзэж, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаагаа онцлов.

Түүнчлэн эрх мэдэлтнүүдийн ёс бус үйлдэл, хувийн ашиг сонирхлоо эх орон, ард түмний эрх ашгаас дээгүүр тавьдаг, ард түмнээ алагчилдаг байдалтай хатуу тэмцэх нь иргэдээ төлөөлсөн Улсын Их Хурлын онцгой үүрэг гэж үзэж байгааг онцлон тэмдэглэлээ.

Мөн төрийн алба иргэддээ тэгш шударга хандаж, иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэлээр ажилладаг байх нь монгол төрийн нэр хүндийг сэргээх гол хүчин зүйл бөгөөд үүнийг бүх шатны төрийн албан хаагчид өдөр тутмын үйл ажиллагаандаа чухалчлахыг сануулж, төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн хэнд ч хатуу хариуцлага хүлээлгэх ёстойг анхааруулав. Энэ зорилгоор Төрийн албан хаагчийн хариуцлага, ёс зүйн хуулийг батлан мөрдүүлэх болно гэлээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг төрийн институци хоорондын харилцан хяналт, тэнцлийн зөв тогтолцоог бүрдүүлэх, Монгол Улсын, монгол хүний хөгжлийг хангах шаардлагад нийцүүлж хийнэ гэдгээ онцлоод, энэхүү өөрчлөлтийг дэмжихийг Өвөрхангайчуудаас хүслээ.

Уулзалтад оролцсон иргэд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийг мөрдөх хугацааг наашлуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, монгол ёс заншил, урлаг соёлын өвийг уламжлуулах бодлого хэрэгжүүлэх, хүүхэд залуучуудын хүмүүжил, төлөвшлийн асуудалд онцгой анхаарах, орон нутагт ипотекийн зээлийн санхүүжилтийг хуваарилах, чанаргүй дээд сургуулиудын тоог цөөлөх, аймгийн төвийн утааг багасгах зэрэг саналыг хэлж байлаа.

Арвайхээр сумын өндөр настан н.Дашпунцаг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “дордуулсан 7 өөрчлөлт”-ийг эхний ээлжинд засах, монгол төгрөгийн ханшийн уналтыг зогсоож, үнийн өсөлтөөс иргэдээ хамгаалах, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авдаг эхчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн хэмжээнд хүргэх, ЖДҮ-гийн зээлийн асуудалд орооцолдсон төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.

Харин ахмад багш н.Тавхай боловсролын агуулга, стандартыг байн байн өөрчилдгөө зогсоож, тогтвортой байлгах, сурах бичгийг нэг мөр цэгцлэх, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн тендерт бага үнийн саналаар шалгаруулдаг нь чанаргүй барилга баригдах нөхцөл болж байгааг зогсоох нь зүйтэй гэв.

Өвөрхангай аймгийн иргэд шударга ёсыг тогтоох, хариуцлага, сахилгыг сайжруулах, дуулиант том хэргүүдийг шийдэх, баялгийн тэгш хуваарилалтын тогтолцоо бүрдүүлэх зэрэг эрс шинэчлэлийн чиглэлээр төр, засгаас дэвшүүлж байгаа зорилтыг дэмжиж, итгэж байгаагаа илэрхийлж, зорилгоосоо ухралгүй сайн ажиллахыг захиж байлаа.

Түүнчлэн Өвөрхангайчууд 2016 оны сонгуулиар зөв сонголт хийсэн нь тэднийг төлөөлсөн гишүүдийн үйл ажиллагаанаас харагдаж байгааг сайшааж, улам сайн ажиллаж, ард олныхоо итгэлийг бүрэн биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байв.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр нар иргэдийн асуултад тодорхой хариулт өглөө.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шударга ёсыг тогтоох, нийгмийн баялгийг иргэддээ тэгш хуваарилах, стратегийн ордуудад төр, иргэний хяналт тогтоох зорилгоосоо бид ухрахгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын засаглалаа бэхжүүлж, “дордуулсан 7 өөрчлөлт”-ийг засах болно гэлээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүдийн хариуцлага, ёс зүйг сайжруулах асуудлыг гишүүдтэйгээ хамтран хийж, зохицуулалт зайлшгүй шаардлагатай болсон гол хуулиудаа шинэчлэх, Монголоо аж үйлдвэржүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлнэ хэмээн онцлов.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Хуулийн засаглал, шударга ёс дээр тогтсон эв  санааны нэгдлийг тогтоохын төлөө шантралгүй ажиллах болно” гээд, шударга нийгэм, хариуцлагатай төр, чинээлэг, эрүүл саруул, эрдэм боловсролтой, аз жаргалтай иргэн бүхий Монголыг цогцлоохын төлөө хамтдаа зүтгэцгээе хэмээн уриаллаа.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж