БНХАУ-ын ЭСЯ-наас "Энхрий эрдэнэ" санд 100 мянган юань хандивлажээ

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын ЭСЯ-наас "Энхрий эрдэнэ" санд 100 мянган юань хандивлажээ

БНХАУ-ын ЭСЯ-наас "Энхрий эрдэнэ" санд 100 мянган юань хандивлажээ

“Дэлхийн мисс-2018” тэмцээнд хүмүүнлэгийн ажлаараа “Шилдэг-20”-д шалгарсан Э.Энхриймаа нь “Сүрьеэгүй Монгол” төслийг санаачлан, өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн сайн дурын ажлууд тасралтгүй явуулсаар байгаа ажээ. Энэ хүрээнд тэрбээр сүрьеэ өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааг улс орон даяараа эрчимтэй нэвтрүүлж, НҮБ-ын индрээс мэдэгдэл хийсэн БНХАУ-ын тэргүүн хатагтай, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн сайн санааны элч Пэн Лиюаньд хандаж, төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцахыг хүссэн захидал бичиж хүргүүлжээ.

БНХАУ-ын ЭСЯ-аас “Сүрьеэгүй Монгол” төслийг дэмжиж 100 000 юаний тусламж үзүүлснийг гардуулах ёслол өнөөдөр болох юм байна. Уг арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү болон албаны бусад хүмүүс байлцах ажээ.

Мисс Э.Энхриймаагийн санаачлан байгуулсан “Энхрий Эрдэнэ” сангийн үйл ажиллагааны хүрээнд олон ажил хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, Монголын миссүүдтэйгээ хамтран “Сүрьеэгүй Монголын төлөө” видео сурталчилгаа хийж, олон нийтийн хүртээл болгосон байна. “Сүрьеэгүй гэр бүл” сэдэвт гар зургийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлаж, олон нийтийн газарт цуврал үзэсгэлэн зохион байгуулж, шилдэг таван зураач хүүхдийг шалгаруулж, урамшуулжээ.

Ард иргэдийн дунд “100+ төгрөг” аян өрнүүлж, цугларсан мөнгөөрөө 2500 сүрьеэ өвчтэй хүнд хэрэглэх аминдэм, элэг хамгаалах бэлдмэл авч Халдварт өвчин судлалын үндэсний төвд гардуулан өгсөн байна. Түүнчлэн Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсөн ээж, хоёр хүүгийн гэрт үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг одоо ч үргэлжлүүлсээр байгаа ажээ.

Хэдийгээр сүрьеэ өвчний эсрэг эмийг Монгол Улсын Засгийн газраас хангаж, нийт өвчтөний 85%-ийг амжилттай эмчилж байгаа боловч энэ аймшигт өвчин аюулын харанга дэлдсээр байгаа билээ.

Монгол Улсад жил бүр 4000 гаруй хүн сүрьеэгээр өвчилж, 200 гаруй хүн амьдралыг үүрд орхин, 400 гаруй хүүхэд энэ өвчнөөр өвчилдөг. Сүрьеэгийн өвчлөлийн 65 хувийг ид хийж бүтээж, нийгмийн баялаг үйлдвэрлэдэг 15-44 насны хүмүүс эзэлж байгаа нь туйлын харамсалтай баримт юм.

Ийнхүү манай улсын өмнө тулгамдаад байгаа Сүрьеэгийн тархалтыг бууруулахад туслах зорилгоор залуу хүний хувьд өөрийн хувь нэмрийг оруулахаар сэтгэл шулуудан ажиллаж байгаа мисс Э.Энхриймаагийн хувьд энэ чиглэлээр цаашид олон ажил хийхээр төлөвлөжээ.

Хандив гардуулах үйл ажиллагаа 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагт “Энхрий-Эрдэнэ” сангийн байр (3-р хорооллын эцэс СОТ-3-ын байрны баруун хойно “Дулаахан байр” бичигтэй тоосгон байшингийн 1-р давхарт)-нд болох юм байна. Холбоо барих: 99072366, 91117815, 9916326

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж