Эцэг эхдээ гологдсон үрсийн авралын хайрцаг "Baby Box"

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

Эцэг эхдээ гологдсон үрсийн авралын хайрцаг "Baby Box"

БНСУ-ын нийслэл Сөүл хотын Христийн шашны Жусаран сүмийн номлогч И Жон Ракын утас руу  2007 оны дөрөвдүгээр сарын 1-ий өдрийн үүрийн 03.20 цагт үл таних нэгэн эмэгтэй залгажээ. Тэр эмэгтэй айж сандарсан хоолойгоор уучлалт гуйгаад, сүмийнх нь үүдэнд нярай хүүхдээ орхисон тухайгаа хэлээд утсаа тасалсан байна. Тэр даруй гарч шалгатал үүдэнд нь хайрцаганд нярай хүүхдээ хийгээд үлдээсэн байв. Харамсалтай нь хүүхдийг тэврэхэд аль хэдийнэ хамаг бие нь хөрж, эндсэн байжээ.

2009 он хүртэл тэр маш олон хүүхэд энэ мэтээр эцэг эхдээ гологдон, эсвэл эцэг эх нь амьдралын боломж тааруу байдлаас болж хогийн саванд, метроны буудлын тээш хадгалдаг шүүгээнд, ариун цэврийн өрөөнд хаягдсан тухай мэдээллийг И Жон Рак сэтгэл нь эмтрэн сонсдог байж. Нэгэн өдөр тэр зурагтаар Чех улсад эцэг эх нь өсгөж чадахгүй, хүнд үрчлүүлэхээр шийдсэн хүүхдийг хүлээж авдаг хүүхдийн хайрцаг буюу “Baby Box” гэх зүйл байдгийг харжээ.

Ийнхүү түүнд өөрийн эх орондоо ч гэсэн энэ санааг хэрэгжүүлэхээр шийдэж, сүмийнхээ үүдэнд “Baby Box”-ийг байрлуулан, түүнд орхисон хүүхдүүдийг асрах болж, өдгөө зуу зуун хүүхдийн амь нас, ирээдүйг авраад байгаа аж. Жусаран сүмд 10 жилийн хугацаанд “Baby Box”-оор дамжин 1538 хүүхэд ирсний 161 нь төрсөн эцэг эх дээрээ очжээ.

Хоёр талаасаа онгойдог жижигхэн хайрцаганд өсгөж чадахгүй болсон хүүхдээ эцэг эх нь хийхэд тэр даруй гэрэл асч, дохиолол дугардаг байна. Дотор талын хаалгаар асрагч хүүхдийг авч, асрамжийн газартаа бүртгэн аваад, асарч тойлж эхэлдэг аж. Харин хүүхдээ орхисон эцэг эхчүүдийг эрэн хайж, хариуцлага тооцолгүй орхидог. Гэхдээ тэдэнд хүүхдээ өсгөхөд үнэхээр хэцүү байгаа бол хүүхдийн сүү, живх гэх мэт наад захын зайлшгүй хэрэгцээг нь сүмээс бэлдэж өгөөд, хүүхдээ өөр дээрээ авахыг ятгадаг байна. Ингэж ятгасны үр дүнд зарим нь хүүхдээ буцааж авдаг боловч асрамжийн газраас хүүхэд бүрийн хэрэглээг хангахад санхүүгийн хувьд хүндрэлтэй байдаг ажээ. Гэвч тэр чадах чинээгээрээ хүүхдүүдэд тусалсаар ирсэн байна. И Жон Ракын байгуулсан энэхүү төвийн талаар 2015 онд “The Drop Box” нэртэй баримтат кино хүртэл гарч байжээ.

БНСУ-ын парламентаас 2012 онд хүүхдийг төрсөн даруйд нь төрүүлсэн эх нь улсын бүртгэлд бүртгүүлэх, хэрэв үрчлүүлэхээр шийдсэн тохиолдолд мөн л төрсөн эхийн зөвшөөрөл заавал байхаар хуульчилсан байна. Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээс хойш “Baby Box”-т сардаа хоёр, гурав ирдэг байсан хүүхдийн тоо 20-25 болж өсчээ.

Тус улсад эцэггүй хүүхэд төрүүлнэ гэдэг нь гэм нүгэлд тооцогддог. Тиймээс эцэггүй хүүхэд тээж буй эмэгтэй жирэмслэлтээ гэр бүлийнхнээсээ нуух, нууцаар төрж, төрүүлснийхээ дараа бүртгэлд хамруулахгүй байх, хүүхдээ хаях, тэр ч байтугай дөнгөж төрсөн үрээ хөнөөх тохиолдол хүртэл элбэг байдаг байна.

Номлогч И Жон Ракын үзэж байгаагаар дээрх хуулийн цаад санаа нь зөв боловч бодит байдал дээр эх хүүхэд, хэн хэнийх нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа аж. Тэрбээр “Манай улсын соёл уламжлал, нийгмийн орчин, хууль эрх зүй ганц бие ээжүүдийг хамгаалж чадахгүй байна. Засгийн газраас ганц бие эхчүүдэд сар бүр 150 мянган вон буюу 133 ам.долларын тэтгэмж өгдөг. Тэр мөнгө нь тэдний амьдралд хаанаа ч хүрэлцдэггүй учир ганц бие эхчүүд нийгмээс ялгаварлагдан гадуурхагдаж, нийгмээрээ тэднийг жигшин зэвүүцэхэд хүргэж байна” хэмээн ярьжээ.

Бүх зүйлд саад бэрхшээл тулгардагийн адилаар түүний санаачилсан “Baby Box” ч бас иргэний нийгмийн байгууллагуудын хүчтэй шүүмжлэлд өртсөн байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Иргэний нийгмийн байгууллагуудын холбоонд харьяалагддаг 400 гаруй төрийн бус байгууллага нэгдэн “Baby Box” хэмээн зүйл нь  НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн “Хүүхэд бүр төрмөгцөө бүртгэлд хамрагдах ёстой” гэсэн зүйл заалтыг зөрчиж байна хэмээн НҮБ руу шаардлага хүргүүлжээ.

Харин И Жон Ракын зүгээс “Baby Box”-ийг зөвхөн хувийн салбарт үлдээх бус улсаас энэ тал дээр санаа тавьж, эх хүүхдийг хамгаалах тал дээр засгийн газраас идэвхтэй ажиллах шаардлагатай байна гэж үзэж байгаа юм. Хэрэв засгийн газраас “Baby Box”-ийг хүлээн зөвшөөрөх юм бол НҮБ-ын дүрмийг зөрчсөн мөн хүсээгүй жирэмслэлтийг хөхиүлэн дэмжсэн гэж буруутгагдах болоод байгаа юм.  “Би үүнийг албан ёсоор хуульчлаасай гэж хүсч байна. Ингэснээр нэг ч гэсэн амийг аварч, нэг хүүхэд ч гэсэн эрүүл аюугүй орчинд өсөн торних болно. Буураад буй төрөлтийн тоо ч өснө шүү дээ” хэмээн И Жон Рак хэлсэн байна.

Эх сурвалж: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж