100 айлын барилгын захыг 2022 он гэхэд бүрэн нүүлгэж дуусна

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

100 айлын барилгын захыг 2022 он гэхэд бүрэн нүүлгэж дуусна

100 айлын барилгын захыг 2022 он гэхэд бүрэн нүүлгэж дуусна

Цэвэр, тохитой орчинд амьдрах хүсэл иргэн бүрт бий. Гэвч Монгол Улсын нийслэл Улаанбаатарын хойморт барилгын материалын зах ажиллаж, замын түгжрэл, хөрсний бохирдол, тоосжилтын уурхай болсоор байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 2018 оны нэгдүгээр сарын 24-ний хурлаар "100 айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах" тогтоол гарч, улмаар тус захыг гурван үе шаттайгаар нүүлгэхээр болсон. Гэвч нийслэлийн төв цэгээс холгүй орших 100 айл дахь барилгын материалын зах одоог болтол ажилласаар байна.

Тус захад өчигдөр /2019.2.26/ 17.00 цагийн үед очиход хөл хөдөлгөөн ихтэй, авто зам битүү түгжрэлтэй байлаа. Явган хүний замаар тортой, хайрцагтай ямар нэгэн эд зүйл барьсан хүмүүс болгоомжтой гэгч нь зөрнө. Замын баруун эгнээнд байрлах барилгын материалын дэлгүүрийн худалдагчаас захыг нүүлгэх асуудлыг хэрхэн хүлээн авч байгааг асуухад “Захыг тэр чигт нь нүүлгэвэл дагаад л нүүнэ. Даанч бидний очих газар дэд бүтэц муутай гэж сонссон. Энэ захад олон мянган хүн ажиллаж, амьдралаа залгуулдаг.  Тийм газар очвол орлого буурч, олон хүний амьжиргаа хүндэрнэ. Нүүлгэх асуудал одоохондоо намжим байгаа болохоор ажлаа хийцгээгээд л байгаа” гэсэн юм. Түүнчлэн “Энэ захыг нүүлгэнэ гэж юу байх вэ. Олон мянган хүн олон жилийн туршид энд ажиллаад амьдраад болоод ирсэн юм. Дулааны улиралд бидний борлуулалт идэвхждэг. Тиймээс яг одоогоор нүүмээргүй байна” гэх хүн ч байсан юм.

100 АЙЛД 6000 ХҮН АЖИЛЛАЖ БАЙНА

НИТХ-ын төлөөлөгч, 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулгаас дараах тодруулыг авлаа.


-100 айлын барилгын материалын захыг нүүлгэх ажил эрчимтэй эхэлсэн ч нам жим боллоо. Энэ ажил ямар шатандаа явна вэ?

-Ажлын хэсгийн ахлагчаар жил гаруйн хугацаанд ажиллаж байна. Энэ хугацаанд 100 айлд үүссэн асуудлыг нэлээд судалж, танилцуулж, одоогийн нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах тал дээр төлөвлөгөө боловсруулсан. Ингээд гурван үе шаттайгаар захыг нүүлгэхээр болсон. Нэгдүгээр шатны ажил дууссан. Иргэд, бизнесийнхэнтэй уулзаж, газар дээр нь ажиллах, шинжилгээ хийх зэрэг нь үүнд багтаж байгаа. Үүний дүнд нийслэлийн 2018 оны төсвийн хэлэлцүүлэгт 100 айл орчмын замыг өргөтгөн, явган хүний замыг шинэчлэх, автозогсоолыг шийдэх ажлын зураг төслийг хийсэн. Ингээд 2019 оны дөрөвдүгээр сараас зам, тохижилтын ажлыг эхлүүлэхээр болсон. Энэ нь хоёрдугаар шатны ажилд тооцогдох юм.

100 айлд бизнес эрхэлж байгаа хүмүүсийн агуулах, жижиг дунд үйлдвэрийг хотын төвөөс гаргах ажил байгаа. Налайх дүүрэгт Эрээн- Замын-Үүд, Эрээн-Чойр чиглэлд явах автозам болон төмөр зам байдаг тул тэнд дээрх газруудыг төвлөрүүлэх юм. Налайхыг аж үйлдвэр, технологийн парк болгох энэ ажил олон жилийн өмнөөс яригдсан. Тус паркийн хөрөнгө оруулалтын ажлыг нийслэлээс түргэвчлүүлж, зам, тог цахилгааны асуудлыг шийдвэрлээд, ажил үргэлжилж байгаа.

-Тус захад хэдэн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна вэ. Эдгээр аж ахуй нэг нүүлгэх асуудлыг хэрхэн хүлээн авч байна вэ. Бизнес эрхлэгч дунд дэд бүтэц сайн хөгжөөгүй газарт очмооргүй байна гэх хүн ч байсан?

-100 айлд 1600 гаруй лангуу, гадуур худалдаа эрхэлж байгаа иргэд, тээвэрлэлт хийж байгаа жижиг дунд оврын тээврийн хэрэгсэл, үйлдвэр зэрэгт давхардсан тоогоор 6000 орчим хүн өдөр бүр ажиллаж байна гэсэн тоо гарсан. Мөн энд хоёр сургууль, цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв, Иргэний бүртгэл мэдээллийн төв зэрэг иргэдийн төвлөрөл бий болгож байгаа төвүүд байгаа. Энд байрлаж байгаа хоёр сургууль, цэцэрлэгт явж байгаа хүүхдүүдэд судалгаа явуулсан.

 Судалгаагаар хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ стандартаас өндөр хэмжээтэй гарсан. Энэ нь орчны бохирдолтой шууд холбоотой гэсэн дүгнэлт ч гарсан.

Анх бизнес эрхлэгчтэй уулзахад буруу ташаа ойлголттой байсан. Бид бизнес эрхлэгчид эндээс нүүснээр ямар боломжтой болохыг тайлбарлаж, ойлгуулж байгаа. Нүүлгэх ажлыг шат дараатай хэрэгжүүлэх энэ ажил 2018 оноос 2022 он хүртэл үргэлжлэх юм. Тиймээс 2022 он гэхэд Налайхын аж үйлдвэр, технологийн паркын асуудал жигдэрсэн байна. Ямар ч байсан энэ ажлын ард гарна.

-Барилгын материалын захыг нүүлгэх ажилд хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ?

-Зам нь 1.4 метр, дөрвөн эгнээтэй, явган хүний болон дугуйн замтай, гэрэлтүүлэгтэй байх зураг төсөл гарсан. Замын ажилд гурав гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Замын уулзвар бүрийг үргэлжлүүлэн зам тавих, агуулахуудыг нүүлгэж, газрыг чөлөөлөн дахин төлөвлөлтийн дагуу хувийн хөрөнгө оруулалтаар орон сууц барих ажил дараагийн шатанд багтаж байгаа. Үүнд маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдана. Нийслэлийн зүгээс энэ ажлыг бодлогоор дэмжих юм.

Зураг төслийн дагуу тавих замд хашаа байшин орж байвал тэдгээрийг чөлөөлөх ажил нийслэлийн төсөвт суугдаж байгаа. Харин дахин төлөвлөлтөд орох хувийн компаниуд өөрсдийн газарт багтаж байгаа хашаа, байшинг чөлөөлөхдөө өмчлөгчтэй нь тохирох, байр өгөх зэргээр хоорондоо тохирч гэрээ хийх асуудал байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж