Хямралаас ниссэн “Dreamliner”-ийн аялал

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Хямралаас ниссэн “Dreamliner”-ийн аялал

Сиэттл хотын Капитол Хилл дүүргийн 18 дугаар өргөн чөлөөгөөр явж байснаа Ренди Тинсет гэнэт зогсон агаар луу харав. “Тэр 787 нисэж байна. Агаарт нисэж байгааг нь харах сайхан байна шүү” гэж “Boeing” компанийн онгоцны арилжааны маркетингийн дарга инээмсэглэн, дээгүүр нь өнгөрөх онгоц руу заан өгүүлэв. “Dreamliner 787” бол “Boeing” компанийн хамгийн шилдэг онгоц бөгөөд их биеийг нь нийлмэл хуванцар материалаар хийсэн гэдэг нь үүний бусдын анхаарал татаж байгаа цор ганц зүйл ч бас биш юм. Хуванцар их биетэй болохоор илүү хөнгөн, хурдан бөгөөд “Rolls Royce”, “General Electric”-ийн хөдөлгүүрүүд нь хэмжээгээрээ үүнтэй төстэй, өнөөдөр нисэж байгаа онгоцнуудаас 20 хувь бага нүүрсхүчлийн хий ялгаруулах болно гэж үзэж байна.

2009 оны 10 сард анхны нислэгээ хийснээсхойш арав хүрэхгүй “Dreamliner”-ууд Сиеттлын тэнгэрийг хөндлөн гулд нисэн гарсан бөгөөд Эвэреттэд байдаг “Paine Field” талбайд эдгээр онгоцны нислэгийн туршилтыг хийсээр байна. Энэ долоо хоногийн сүүлээр уг онгоц анх удаагаа Их Британийн “Farnborough”-ын олон улсын нисэх салбарын шоунд оролцох бөгөөд уг шоуны гол үзүүлбэр нь байх болно гэж хүмүүс таамаглаж байна.

Нийлүүлэгчид ба технологи
Сиеттлын дөнгөж хажууханд байдаг Эвэреттэд “Boeing” компанийн асар том үйлдвэр байдаг бөгөөд энд ажилчид дараалсан гурван онгоцны сүүлийн минутны тохиргоо, угсралтыг хийж байна. Энэ онгоцнууд нисэх компаниудад хүргэгдэх онгоцнуудын анхных нь юм. Хэрвээ үйлдвэрлэлийн төлөвлөгөө өөрчлөгдөхгүй хэвийн явагдвал энэ оны эцэс гэхэд “Nippon Airways” компани анхныхаа “Dreamline”-ыг нисэх флотдоо хүлээн авах болно.

“Dreamliner”-ыг бүтээх нь амаргүй байсан бөгөөд нэлээд цаг авсан. Гэсэн хэдий ч ажилчид энэ ачааллыг дааж чадна гэдгээ нотлох мэт ажилчин шоргоолж шиг ажиллаж амжилтанд хүрсээр байна. Онгоц үйлдвэрлэнэ гэдэг нь гар ажиллагаа маш их шаарддаг бөгөөд үүгээрээ үйлдвэрлэлдээ робот их ашигладаг автомашины үйлдвэрлэлээс ялгаатай. Харин “Dreamliner”-ын хувьд энэ сорилт өмнөхөөс ч илүү байсан. Ажилчид олон тооны шинэ технологи, цахим тоног төхөөрөмжүүдтэй танилцаж, өөриймшүүлж, өөрийн болгож үйлдвэрлэлдээ ашиглах шаардлагатай тулгарсан.

Тэд мөн нийлүүлэгчдийн зүгээс учруулсан сэлбэг хэрэгслийн дутагдал, хугацаандаа ирэхгүй байсан байдал зэрэг ложистикийн асуудлуудтай тулгарч байсан. Учир нь “Boeing” зарим үйл ажиллагаа, сэлбэг хэрэгслүүдээ гадны нийлүүлэгчдэд аутсорсингоор үйлдвэрлүүлэх шийд гаргаж байсан. Суудлын даруулга хангалтгүй байсан, өмнө нь захиалсан хэсгүүд угсрах хэсгийн шаардлагыг 100 хувь бүрэн хангахгүй байсан зэрэг хүндрэлүүд “Dreamliner” төслийг хугацаанаасаа хоёр жил хагасын хойно явахад хүргэсэн.

Тулгамдсан асуудлууд
“Dreamliner” санхүүгийн хувьд амжилттай байх болно гэж “Boeing”-ын маркетингийн босс Ренди Тинсет найдаж байна. Тэрээр тус компанид 28 жил ажиллаж байгаа бөгөөд “Boeing” компани нэгэн зэрэг шинэ материал үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн шинэ горимоор ажиллаж эхэлсэн нь хэт их ачаалал өөр дээр нь авчирсан гэж ярьж байна. “Нийлүүлэлт маш том тулгамдсан асуудал байсан. Хүн бүхэн хоорондоо уялдаатай ажиллаж байгаа эсэхийг зохицуулна гэдэг маш том асуудал байсан. Угсрагчдын захиалсан хэсгүүдийг үйлдвэрлэгч, нийлүүлэгчид маань үйлдвэрлэж байгааг хянаж зохион байгуулах нь маш том сорилт байсан” гэж тэрээр “BBC” агентлагийн сурвалжлагчид ярьсан.

Түүнчлэн “Boeing” компани энэ асуудалтай нүүр тулгарснаас хойш олон сар болж байгаа ч энэ асуудлыг бүрмөсөн шийдэж чадаагүй байгаа гэнэ. Өнгөрсөн сард “Dreamliner”-ын сүүл хэсгийн зарим хэсгүүд дутуу байгааг “Boeing” мэдсэн. Үүнээс болж шаардлагатай сэлбэгийг олж тавихын тулд найман өдөр илүү зарцуулсан байна. “787-ийн олон бүрэлдэхүүн хэсгийг өөр компаниудад захиалгаар хийлгүүлж байгаа тул онгоцоо эцсийн байдлаар нь угсарсны дараа дахин дахин шалгах хэрэгтэй” гэж агаар мандлын шинжээч Саж Ахмед ярьж байна.

Урт хугацааны амжилт
Харин бусад өрсөлдөгчид болон аж үйлдвэрийн салбарын ажиглагчид “Boeing”-д илүү ууч сэтгэлээр хандаж байна. “Бид Boeing амалсан ажлаа хугацаандаа хийхгүй байна гэсэн шүүмжлэл олон сонссон. Гэвч тийм шүүмжлэлүүдийг түүний өрсөлдөгч Airbus-аас огт сонсоогүй. Учир нь энэ хоёр өөрсдөө онгоц үйлдвэрлэхэд ямар хүнд хэцүү вэ гэдгийг мэддэг юм” гэж нисэх компанид зөвлөгөө өгдөг “Accenture” компанийн нисэх салбарын мэргэжилтэн Дамиен Ласоу ярьж байна. Мөн өөр нэг зөвлөгөөний компани “Ascend”-ын мэргэжилтэн энэ талаар “онгоц үйлдвэрлэл удааширсан нь тус онгоцны урт хугацааны амжилтанд сөрөг нөлөө үзүүлэхгүй. “Boeing” компанийн удирдлагуудтай уулзахад тэд сүүлийн хэдэн жил байгаагүй их итгэл төгс байгаа нь харагдсан” гэж ярьж байна.

Эрчтэй борлуулалт
“Dreamliner”-ын симулятор дотор, нисгэгчийн суудал дээрээс харахад яагаад тэд ийм итгэл төгс байгаагийн учрыг тайлж болно. Хэдийгээр 787 өмнө нь үйлдвэрлэж байсан онгоцнуудаас өөр ч гэсэн жолоодоход маш хялбар юм. Өмнө нь “Boeing”-ийн өөр онгоцууд, тухайлбал 737, 767, 777 онгоцуудыг барьж байсан нисгэгч нар ердөө тав хоногийн сургалтанд суугаад л энэ онгоцыг барьж чадна. Түүнчлэн “Boeing” компани хэрэглэгчдийн “Dreamliner”-ийг өөрсдийн хэрэгцээ сонирхолд нийцүүлэн өөрчлөх боломж олгоод байгаа. Хэрэглэгч нар суудлын хувилбарууд, энтертейнмент системүүд, заалны төхөөрөмжүүд зэргээс сонголт хийж болно.

Нийлүүлэгчид хаалттай зах зээлд нэвтрэх боломжтой болж байгаа бөгөөд ингэснээр тэд эрсдлийг давхар үүрэлцэх ба бүтээгдэхүүний үнэ буурч, хүн бүр цаг, хүчээ хэмнэх болно гэж “Boeing” үзэж байна. Зорчигчдод “Dreamliner”-ын кабин хамгийн их таалагдах бөгөөд экстра-том цонх, илүү чийглэг агаар, нэмэгдүүлсэн кабины даралт өндөр сэтгэгдэл төрүүлэх болно гэж таамаглаж байна. “Энэ онгоц манай зорчигчдод нислэгийн хамгийн шилдэг мэдрэмжийг төрүүлэх болно гэж итгэж байгаа учраас бид Dreamliner онгоцыг сонгосон”  гэж “Thomson Airways” компанийн захирал Крис Брауне ярьж байна.

Нэмэлт захиалгууд
“Boeing” компани одоогийн байдлаар “Dreamliner” онгоцны 860 захиалгыг 56 орноос хүлээж аваад байгаа бөгөөд энэ нь бараг 150 тэрбум ам.долларын наймаа юм. “Энэ бол олон жилийн түүхэнд гарч байгаагүй “Boeing”-ын хамгийн ашигтай борлуулалтын үйл ажиллагаа болж байна. Хэдийгээр янз бүрийн мэдээ мэдээлэл гадуур сонсогдож байгаа ч гэсэн 787 ирээдүйн бүх хөлгүүдийн шалгуур болох бололтой” гэж “Ascend” компани үзэж байна. Австралийн нисэх компани “Qantas” 50 “Dreamliner” захиалсан бөгөөд энэ нь тус компани үйлчилгээгээ өргөжүүлж Өмнөд Европ, Азийн зах зээлд амжилттай нэвтрэхэд туслах болно гэж тооцоолж байна гэж “BBC” агентлаг мэдээллээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж