Нийслэлийн Засаг даргыг томилох Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын /НИТХ/ ээлжит бус VII хуралдаан өчигдөр /2019.02.25/ боллоо. Өмнөх дарга С.Батболд хоёр жил гаруйн хугацаанд хотын мэрээр ажиллаад, өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-нд чөлөөлөгдсөн билээ.
Үүнээс улбаалж, шинэ даргын төлөөх марафон хоёр сар гаруй хугацаанд С.Амарсайхан, С.Мөнхчулуун нарын хооронд өрнөсөн юм.
Өчигдрийн хуралдаанд МАН-ын Удирдах зөвлөл болон тэргүүлэгчдийн зүгээс өмнө нь НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн бол энэ удаад ч мөн дахин нэр дэвшүүлсэн. Харин С.Мөнхчулууныг намын Удирдах зөвлөлийн шийдвэр болон бусад шийдвэрийг зөрчсөн гэж үзэн МАН-ын Хяналтын хороо авч хэлэлцэн, намаасаа хассан. Тиймээс тэрбээр өчигдрийн хуралдаанд бие даан нэр дэвшсэн юм.
Санал хураалтын дүнгээр гишүүдийн олонх буюу 25 төлөөлөгчийн саналаар НИТХ-ын дарга С.Амарсайхан Хотын даргаар сонгогдсон. Тодруулбал, санал хураалтаар хүчинтэй 44 хуудас хүчингүй нэг хуудас НИТХ-ын дарга С.Амарсайханд 25 санал, С.Мөнхчулуунд 19 төлөөлөгч санал өгсөн байна.
Өмнө нь буюу нэгдүгээр сарын 16-ны өдрийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар заалнаас нэр дэвшсэн С.Мөнхчулууныг төлөөлөгчдийн олонхын дэмжлэг буюу 24 хүний санал авч, хотын даргад нэрийг нь дэвшүүлсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлалгүй буцаасан. Ерөнхий сайд түүнийг хотын даргаар батламжлахгүй гэдгээ яг нэг сарын дараа буюу энэ сарын 15-ны өдөр мэдэгдсэн юм. Албан бичигтээ шалтгааныг нь дурдаагүй байсан нь олон хүний анхаарлыг одоо ч татаж буй. Ерөнхий сайдын хувьд С.Мөнхчулууныг батламжлаагүй буцаасан нь улс төрийн зорилготой гэж хардах хүмүүс цөөнгүй бий.
Нэгэнт Ерөнхий сайд С.Мөнхчулууныг батламжлаагүйгээс хойш холбогдох хуулийн дагуу НИТХ 15 хоногийн дотор хуралдаж, санал хураалт явуулан хотын даргын асуудлыг шийдэх үүрэгтэй. Энэ дагуу өчигдрийн хурал товлогдсон. С.Амарсайханыг Ерөнхий сайд батламжилж байж сая Улаанбаатар хотын захирагч болох учиртай. Харин Ерөнхий сайд НИТХ-ын тогтоолыг хүлээж авснаас хойш ажлын тав хоногийн дотор шийдвэр гаргах хуулийн заалттай юм.
У.Хүрэлсүхийн төдийгүй намын Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу С.Амарсайхан Хотын даргаар сонгогдсон учраас Ерөнхий сайд батламжлах байх. Тиймээс С.Амарсайхан дэвшиж, НИТХ-ын даргыг сонгоно. Гэхдээ өмнө нь Удирдах зөвлөлөөс одоогийн НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Давгыг НИТХ-ын даргаар томилох тогтоол хүчинтэй байгаа. Тиймээс дараагийн НИТХ-ын дарга Р.Дагва болох болов уу.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ