УИХ-ын гишүүд ШХАБ-д элсэхийг дэмжих үү?

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд ШХАБ-д элсэхийг дэмжих үү?

Манай улс ШХАБ-д 15 дахь жилдээ ажиглагч статустайгаар оролцож байна. Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад /ШХАБ/ элсэх ёстой, элсэх ёсгүй гэсэн байр суурь өнгөрсөн хавраас хойш яригдаж эхэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эдийн засгийн форум-2018”-д оролцох үеэрээ ШХАБ-д Монгол Улс элсэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Түүнээс хойш тус байгууллагад Монгол Улс элсэх нь зөв, буруу гэсэн хэлэлцүүлэг өнөө хэр олон нийтийн дунд өрнөсөөр байгаа билээ.  Монгол Улс ШХАБ-д элсэх эсэх асуудлаар УИХ-ын гишүүдийн байр суурийг сонирхлоо.


УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ЦОГЗОЛМАА:

ШХАБ-д Ерөнхийлөгчийн засаглалтай улс орнууд ихэвчлэн гишүүнээр элсдэг. Манай улс ШХАБ-д элсэхийг би хувьдаа дэмжихгүй. Гишүүн улс орнуудад геополитикийн бодлого нь эмзэг байгаа энэ цаг үед манай улс эрсдэлтэй алхам хийхгүй байх нь зөв. Манай улсын гадаад бодлого тайван, тогтвортой байхын үндэс нь төв байр суурь. Ялангуяа дотроо улс төрийн тогтворгүй байдалтай ийм үед ШХАБ-д элсэх асуудлыг яаран ярих цаг нь биш.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ТЭМҮҮЛЭН:

Монгол Улс ШХАБ-д ажиглагчийн статустайгаар оролцоод 15 жил болж байна. ШХАБ дахь манай улсын оролцоо цаашид ямар байх вэ гэдгийг өмнө нь “Монгол Улс цаашид ШХАБ-ын идэвхтэй ажиглагч гишүүн байх болно” гэсэн ганцхан өгүүлбэрээр тодорхойлж ирсэн. Зарчмын хувьд ШХАБ-д орох нь Монгол Улсын гадаад бодлоготой нийцэхгүй. Хэрэв гишүүнээр орох эсэх асуудлаар шийдвэр гаргах гэж байгаа бол ямар давуу, сул талуудтай вэ, яагаад Монгол Улс одоог болтол ажиглагчаар оролцож, анхааралтай ажиглаж ирсэн бэ гэдгийг нухацтай үнэлж цэгнэсний эцэст шийдэх асуудал. Энэ байгууллагад элсэх нь зүйтэй гэдэг саналыг гаргах гэж байгаа бол яагаад 15 жилийн дараа одоо гаргаж байна, цаг хугацааны хувьд юу нөлөөлөв гэдэг асуудлыг үнэлж цэгнэх ёстой. Гадаад бодлогын асуудалд тухайн цаг үеийн зөвхөн эмоци, нөхцөл байдалд тааруулж шийдвэр гаргаж болдоггүй ийм онцлогтой.

Зарчмын хувьд Монгол Улсын гадаад бодлого бол холоос эхэлдэггүй, хаяанаасаа, хөршөөсөө эхэлдэг. Энэ ч үүднээс Монгол Улс гадаад бодлогынхоо үзэл баримтлалдаа хоёр хөрштэйгөө энэ тэнцүү, тэнцвэртэй харьцана гэж тодорхой заасан. Гэтэл энэ хамтын ажиллагааны байгууллагын гол багана нь болсон ОХУ, БНХАУ гэсэн хоёр улсын ашиг сонирхол зөрчилддөг, нэгдсэн консенсуст хүрдэггүй асуудлууд олон байна. Гишүүн улс болсны дараа саналын эрхтэй оролцохдоо гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэл болсон хөрш орныхоо эрх ашиг хөндөгдсөн, байр суурь нь зөрчилдсөн асуудлуудад ямар байр сууринаас хандах вэ гэдгийг ч бодох ёстой. Мөн Монгол Улс НҮБ-ын гишүүн улс орон. Олон улсын байгууллагын хамтын ажиллагааны түвшинд Монгол Улсын нэр хүндэд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг үнэлж цэгнэж байж шийдвэр гаргах олон асуудал байна. Үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийнхаа асуудлаар тэр дундаа гадаад бодлого дээрээ аливаа улс нэгдмэл нэг бодлоготой, нэг цонхны бодлогоор хандах шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл гадаад бодлогынхоо хүрээнд Засгийн Газар, УИХ, Ерөнхийлөгч нэг цонхны бодлогоор нэг үг дуутай, нэг бодлоготой, нэг амаар дуугардаг байх ёстой. Яагаад вэ гэвэл гадаад бодлого нь тухайн улс орны эдийн засаг, аюулгүй байдал, бүрэн эрхт байдалтай шууд хамааралтай асуудал учраас хариуцлагатай хандах учиртай. Аль нэг институтийн бодлого гэж байх ёсгүй, Монгол Улсын нэгдмэл бодлого энд үйлчилнэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ:

Ажиглагч хэвээр байсан нь зөв. Цаг нь одоо биш.

УИХ-ЫН ГИШҮҮН А.УНДРАА:

Ажиглагчийн байр сууриндаа байх нь зөв.  Монгол Улс газар зүйн хувьд хоёр том мөнхийн хөрштэй. Гадаад бодлогын тэргүүн эгнээнд хоёр хөрштэйгөө сайн хөршийн найрсаг харилцаатай байхаас гадна гуравдагч хөршийн гадаад бодлого ч мөн чухал элемент. Бид гуравдагч хөршөө оюун санаа, үнэт зүйлийн шалгуураар түнш улсаараа сонгодог. Тиймээс гуравдагч хөршийн гадаад бодлогоос ухралт хийж болохгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ОЮУНДАРЬ:

Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын үйл ажиллагаанд 15 жил ажиглагч улсын байр сууринаас хандаж ирсэн. Бид ШХАБ-ын асуудалд маш болгоомжтой хандах ёстой. Ажиглагч улсаар 15 жил явснаар буруудсан зүйл байхгүй. Барууны судлаачдын хувьд ШХАБ-ыг цэргийн эвслийн байгууллага гэж ойлголдог. Манай улс гадаад бодлогын хувьд маш идэвхтэй, олон тулгуурт бодлоготой улс. Гэтэл ШХАБ-ын үйл хэрэг, зорилго нь тодорхой биш ийм үед элсэх нь буруу. Магадгүй ШХАБ эдийн засгийн интеграчлалтай байгууллага байсан бол өөр хэрэг. Эхлээд сайтар судлах ёстой. ШХАБ-д элслээ гэхэд дараа нь гарах механизм нь юу байх вэ зэрэг асуудлыг олон талаас нь сайтар судлах ёстой.

УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:

Би ШХАБ-д элсэх тухай асуудлыг хөнгөнөөр шийдэж болохгүй гэдэг хатуу байр суурьтай. Элсэх эсэх талаар ярилцаж болно. Гэхдээ шийдвэрийг нь парламент гаргах ёстой. Олон улсын гэрээ нь НҮБ-ын конвенцээр баталгаажсан байдаг. Жижиг улсын хувьд олон улсын аливаа гэрээнд орох нь эрсдэлтэй. ОХУ-ын зүгээс ШХАБ-ыг цэрэг армийн эвсэл гэж тайлбарладаг. Харин Хятадын хувьд эдийн засгийн хамтын ажиллагаа гэж ШХАБ-ыг зарласан. Манай улс ШХАБ-д элсэх цаг нь биш гэж би хувьдаа үздэг. Сайн бодох ёстой. ШХАБ-д элссэн улс орнуудын хүн амын тоог мөн улс төрийн дэглэм зэргийг нь бид нарийн тооцож судалж байж шийдвэр гаргах асуудал. Монголоороо тоглосон аливаа шийдвэрийг бид хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:

ШХАБ-д ажиглагчаараа л үлдсэн нь дээр. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээр гуравдагч хөршийн бодлоготой болсон. Үүнээс өмнө зөвхөн хоёр хөршийн харилцаатай явж ирсэн. Хоёр хөршийн хооронд эдийн засгийн чухал томоохон төслүүд явагддаг. Гэвч хоёр хөрш манай улсын гадаад худалдааны зах зээлд “хориг” тавих хэмжээний татвар оногдуулдаг. Манайх ОХУ руу бүтээгдэхүүн экспортлоход татвар нь хэт өндөр. 25 хувийн татвар төлдөг журмыг хойд хөрш барьдаг. Урд хөрш ч мөн ялгаагүй өндөр татвар оногдуулдаг. Хэрэв ШХАБ-д элсэхээр болбол бизнес эрхлэгчдийн гадаад зах зээлд гаргах бараа бүтээгдэхүүний татварыг хөнгөвчлөх асуудлыг сайтар ярилцах шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж