Энэтхэгийн Шинэ Дели хотод “Токио 2020” олимпийн эрх олгох буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээн болж байна. Өнөөдөр явагдсан эмэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд Г.Нандинзаяа 414.1 оноогоор зургадугаар байрт орлоо. Энэ дасгалд Швейцарь, БНХАУ-ын тамирчид алт, мөнгөн медаль хүртэж, олимпийн эрхээ авчээ.
Азийн наадмын аварга Г.Нандинзаяа урьдчилсан буудлагад 1172 оноогоор долдугаар байрт орж, шигшээ харваанд өрсөлдөх эрхийг авсан юм. Мөн "Инчон 2014" Азийн наадмын аварга Ч.Нарантуяа 1169 оноогоор 15-р байрт орсон бол залуу тамирчин О.Есүгэн 1153 оноогоор 56-р байрт жагссан байна. Энэ дасгалд нийт 61 тамирчин оролцжээ.
“Токио 2020” олимпийн наадмын эрх олгож буй “Дэлхийн цом”-ын тэмцээн энэ сарын 28-ны өдөр өндөрлөнө.
Сануулахад, 2018 онд Индонезид болсон Азийн зуны спортын XVIII наадамд эмэгтэйчүүдийн урт бууны 3х20-ын 50 метрийн дасгалд Г.Нандинзаяа алтан медаль хүртэж, Ч.Нарантуяа мөнгөн медалийн эзэн болсон билээ.
Холбоотой мэдээ