"Антибиотикт тэсвэртэй бактерийг устгах бүрэн боломжтой"

Хуучирсан мэдээ: 2019.02.27-нд нийтлэгдсэн

"Антибиотикт тэсвэртэй бактерийг устгах бүрэн боломжтой"

"Антибиотикт тэсвэртэй бактерийг устгах бүрэн боломжтой"

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хими-Биологийн инженерчлэлийн тэнхимийн ахлах багш, доктор Ph.D Б.Даваапүрэвтэй ярилцлаа.


-Сүүлийн үед манай улсын эрдэмтэд импортыг орлох экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд судалгаа, шинжилгээний ажлаа чиглүүлж байгаа нь анзаарагдаж байна. Та бүхний хувьд “Ам зайлагч” бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж эхэлжээ. Яагаад заавал “Ам зайлагч” бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэхээр сонгосон юм бэ?

-Монголчуудын дунд насанд хүрсэн хүмүүсийн 90 орчим хувь нь, хүүхдүүдийн 80 орчим хувь нь амны хөндийн үрэвсэлтэй байна гэсэн судалгаа байдаг. Энэ үзүүлэлт нь амны хөндийн өвчлөл нь үндэсний хэмжээнд анхаарах шаардлагатай эрүүл мэндийн асуудал болсныг илтгэж байна. Шүд эрүүл бол бие эрүүл гэж ярьдаг. Амны хөндийн үрэвсэл нь даамжирснаар үе мөч, зүрх, бөөрийг үрэвсүүлэн олон өвчний үндэс суурь болдог байна. Иймээс энэ асуудлыг шийдэх үүднээс амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, антибиотикт тэсвэржсэн бактерийг устгах үйлчилгээтэй, ургамлын гаралтай ам зайлагч бүтээгдэхүүн бий болгох нь зүйтэй юм байна гэсэн шийдэлд хүрээд судалгаа, шинжилгээний ажлаа хийж, одоо бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн шатандаа явж байна. Бидний бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрснээр МУИС-ийн судлаачдын олон жилийн судалгааны үр дүнд бий болсон мэдлэг шингэсэн, хэрэглэгчдийн эрүүл мэндийг дэмжих инновацийн бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлээд зогсохгүй, дотоодын байгалийн нөөцийг үр ашигтай зарцуулж, нэмүү өртөг шингэсэн экспортод чиглэсэн бүтээгдэхүүнийг бий болгох ач холбогдолтой юм.

-Ам зайлагч бүтээгдэхүүний гол түүхий эд нь юу вэ?

-Цомцогт бэрцэцэг гэж ургамал бий. Төвд, Монголын уламжлалт анагаах ухаанд цэцгийг нь уушги, хоол боловсруулах замын халдварт өвчинд, газрын дээд хэсгийг нь цусны халдварын үед хэрэглэж байсан. Бидний судалгаагаар Цомцогт бэрцэцэг нь Quorum sensing inhibitor буюу бактерийн гадны нөлөөнд тэсвэрлэх чадварыг дарангуйлах өндөр идэвхтэй нь тогтоогдоод байна. Судалгааг гүнзгийрүүлэн идэвх үзүүлж буй нэгдлийг цэврээр ялгаж, химийн бүтцийг тогтоох ажлыг Япон улсын Тохо их сургуультай хамтран хийж байна. Мөн энэ цэцгийг Монгол Улсын Засгийн газраас 2014 оны аравдугаар сарын 25-нд Монголын ард түмний амгалан тайван амьдрал, байгаль дэлхийг хайрлах бэлгэдэл болгон “Үндэсний бахархалт цэцэг” болгон зарласан байдаг.

-Антибиотикт тэсвэртэй бактерийг устгана гэдэг нь анхаарал татаж байна. Сүүлийн үед  антибиотик уугаад уугаад өвчин эдгэхгүй байх хандлага ихэсч байна. Тэгэхээр энэ асуудлыг шийднэ гэсэн үг үү?

-Манай лаборатори 2006 оноос эхлэн ургамал, микро организмаас бактерийн эсрэг идэвхтэй нэгдэл илрүүлэх, антиоксидант идэвхтэй нэгдэл илрүүлэх зэрэг судалгааны ажлыг тасралтгүй хийсээр ирсэн. 2010 оноос эхлэн бид антибиотикт тэсвэржсэн бактерийн эсрэг идэвхийг илрүүлэх судалгаа хийж байна.

Амны хөндийд маш олон зүйлийн микро организм байдаг. Амны хөндийд байршин шүд болон буйлыг үрэвсүүлж буй өвчин үүсгэгч бактериуд нь бөөгнөрч биомасс үүсгэн гадна талаараа биофилмийн бүрхүүл үүсгэх нь түгээмэл байдаг бөгөөд бичил биетнүүдийн биомассд биофилм үүссэнээр эмд тэсвэрлэх чадвар нь 100-1000 дахин нэмэгдэхээс гадна эзэн эсийн дархлааны системд тэсвэртэй болж тухайн өвчин архагших үндэс болдог байна.

Бидний хийж буй  “Ам зайлагч” бүтээгдэхүүн маань лабораторийн тест омог болох Chromobacterium violaceum дээр өндөр идэвхтэй нь тогтоогдоод байна. Мөн хоруу чанаргүй гэж туршилтаар нотлогдсон. Үүнээс гадна бид сүүлийн үед олон эмд тэсвэртэй Staphylococcus aureus  (MRSA) дээр судалгаа хийж эхлээд байна.

Монголчууд ам зайлагчийг хэр их хэрэглэдэг юм бэ? Энэ зах зээлд өрсөлдөөн хэр байна гэж харж байна вэ?

-Монголчуудын 30 орчим хувь нь ам зайлагч бүтээгдэхүүн хэрэглэж байна гэсэн анхдагч судалгааг манай оюутнууд хэд хэдэн шүдний эмнэлгээр явж, эмч нартай нь уулзаж, тэнд эмчлүүлж буй хүмүүсээс анкет бөглүүлэн гаргасан байгаа. Харин манай улсын зах зээл дээр дотоод, гадаадын 13 нэр төрлийн ам зайлагч бий. Бидний гаргахаар төлөвлөж буй бүтээгдэхүүний гол онцлог нь амны хөндийн антибиотикт тэсвэржсэн бактерийг устгах чадвартай, ургамлын гаралтай бөгөөд урьдчилан сэргийлэх байдлаар ч хэрэглэх боломжтой.

-Бүтээгдэхүүний гол түүхий эд нь цомцогт бэрцэцэг гэлээ. Энэ ургамал нь антибиотикт тэсвэртэй бактерийг устгах чадамж нь илүү. Тэгвэл цомцогт бэрцэцгийн нөөц манай улсад хэр байна вэ?

-Харьцангуй хангалттай гэж бид харж байна. Гэхдээ энэ ургамал дээр нөөцийн судалгаа хийгдсэн баримт олдоогүй.

Өнөөдөр ургамлын түүхий эдийг гадаад улс руу шууд тэр чигээр нь гаргаж байна. Бид гадны улс руу зөөхөөсөө илүүтэй Монголын ургамлыг Монголдоо судлаад, мэдлэг, технологи шингэсэн үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлээд, эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал юм.

Мөн цомцогт бэрцэцгийн зөвхөн газрын дээд хэсгийг бүтээгдэхүүний түүхий эдэд хэрэглэж байгаа болохоор үндэс нь газрын дор үлдэж, дараа жил нь ургах боломжтой. Тармилжуулах асуудал бас яригдаж байгаа. Нөөцийн асуудлыг бодолцон цаашид аль болох ургамал гэхээсээ илүү Монгол орны хөрс, ургамлын дотор амьдарч буй микроорганизм болох актиномицетээс биологийн идэвхи илрүүлэх судалгааг хийж байна. Ургамлыг бодоход микроорганизмыг хүссэн хэмжээгээрээ лабораторийн орчинд өсгөвөрлөх боломжтой. Бидний сайн мэдэх антибиотикууд болох эритромицин, канамицин, гентамицин, тетрациклин, стрептомицин зэргийг актиномицетээс гарган авсан байдаг. Нөгөө талаар цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд энэ хатуу ширүүн нөхцөлд дасан зохицон амьдарч буй ургамал, микро организм нь биологийн хувьд онцлог бөгөөд сонирхолтой үр дүн гарах боломжтой гэж харж байгаа.

1990 он хүртэл уламжлалт анагаах ухаан нуугдмал, дарагдмал байсан. Харин 90 оноос хойш энэ салбар сэргэж эхэлсэн. Олон жил дарагдмал байсан энэ салбарт шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээ үгүйлэгдэж байна.

Жишээлбэл, энэ ургамал хавдарт сайн гэж уламжлалт анагаах ухаанд бичсэн байдаг бол бид түүнийг нь шууд хэрэглэх биш шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийгээд нотолчихъё. Ингэсэн цагт эрүүл мэндийг дэмжих брэнд бүтээгдэхүүнийг бид дотооддоо үйлдвэрлэж чадна. Иймээс л бид энэ үгүйлэгдэж буй орон зайд орон, цуврал бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд хичээж явна. Дараагийн хийхээр төлөвлөөд буй бүтээгдэхүүн маань хоолойны махны үрэвслийн эсрэг бүтээгдэхүүн бөгөөд хоолойны махыг үрэвсүүлж буй гол өвчин үүсгэгч бактери болох цус задлагч бетта стрептокок бактери ашиглан судалгааны ажлаа эхлүүлээд явж байна.

-Судалгаа, шинжилгээний ажил хийгээд явахад тулгамдаж буй ямар асуудал байна вэ?

-Манай лабораториос нэг гарааны компани байгуулагдан өмнөх бүтээгдэхүүнүүд болох ургамлын гаралтай антиоксидант идэвхтэй "Зуу наслаарай цай", батга эмчлэх "Phyto-acne" тос гарсан байгаа. Харин одоо бид оюутнуудтайгаа хамтраад ам зайлагч бүтээгдэхүүн болон хоолойн махны үрэвслийг эмчлэх бүтээгдэхүүн дээр дараагийн гарааны компаниа байгуулах бодолтой байгаа. Монголдоо судалгаа хийгээд явахад судалгааны орчин, нөхцөл байдал харьцангуй дээрдсэн гэж бодож байна. Их сургуулийн багшийн хувьд судалгаа шинжилгээнээс гадна хичээл заах дээр хамаг цаг явчихдаг нэг асуудал бий. Бид жилийн дөрвөн улиралд, зуны амралтаар ч лабораторитой суугаад судалгаагаа хийж байдаг. Судалгааны ажлын үр дүнгээ цаашид инноваци болгоод бүтээгдэхүүн хийгээд явахаар бичиг баримт, энэ тэндээс олон зөвшөөрөл хөөцөлдөх гээд маш их хүнд суртал, түвэгтэй байдалтай тулгардаг.

Манай лаборатори бол МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Био инженерчлэлийн хөтөлбөрт хамрагддаг. Энэ хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудад төгсөөд ажлын байр тэр болгон олддоггүй. Тэгэхээр бид оюутнууддаа өөрөө өөрсдөдөө ажлын байраа бий болгох ёстой гэсэн зарчим тавин чиглүүлж, удирдаад гарааны компани байгуулаад хөгжүүлэх гээд явж байна.

-Монголын ноолуур дэлхийд алдартай. Гэтэл боловсон хүчнийг нь бэлтгэдэг сургуульд нь жилдээ дөрвөөс таван хүүхэд л элсэн орж, төгсч байна. Үүнтэй адил танай хөтөлбөрийг сонгож, элсэн суралцах оюутнууд хэр их байна вэ?

Манай хөтөлбөр бол шинэ. Дөнгөж өнгөрсөн жил анхны төгсөлтөө хийсэн. Жилд дунджаар 15 орчим хүүхэд элсэж байна. Боломжийн тоо гэж харж байгаа. Тоо гэхээсээ илүүтэй элссэн оюутнуудаа инженерчлэлийн ухаантай, инновацийн чиглэлийн судалгааг эзэмшүүлэн түүнийгээ амьдруулдаг, ирээдүйд Монголд инноваци шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх чадвартай боловсон хүчин болоосой л гэж хүсч байна.

Магадгүй 10, 20 жилийн дараа шинжлэх ухааны мэдлэг, инноваци шингэсэн эх орны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг одоогийн гарааны компаниудаас Монголын эдийн засгийг аваад явах нэг том хэсэг нь үүснэ гэж найдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж