БНСУ-ын хоёр дахь том агаарын тээвэрлэгч Asiana Airline компани Инчеон-Улаанбаатар, Бусан-Улаанбаатарын чиглэлд долоо хоногт дөрвөн удаа нислэг үйлдэх болсноор өрсөлдөөн бий болж, тийзний үнэ буурах боломж бүрдэх нь ээ.
Зам тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газраас нислэгийн тийзний үнэ буурах боломжтой болж байна гэж мэдээлэл өглөө. Иргэний нисэхийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр Монголын талаас дээрх авиа компаниудыг нислэгийн тийзний үнээ шууд буулгах ёстой гэсэн захиргаадалтын арга хэрэглэхгүй ч нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлснээр авиа компаниуд хоосон суудалтай нисэхгүйн тулд үнээ буулгаж таарна гэж үзэж байна.
Мөн нэг эерэг мэдээлэл байгаа нь олон улсын нислэгт Asiana Airline компани нэмэгдэж орж ирснээр МИАТ компанид ч ашигтай тусах бололцоо бүрдэнэ. Тодруулж хэлбэл, Asiana Airline компанийн бусад улс руу үйлддэг нислэгийн тодорхой чиглэлд МИАТ мөн агаарын хөлгөө үргэлжлүүлэн нислэг үйлдүүлэх бололцоо бүрдэж буй ажээ. Ингэснээр МИАТ компанийн олон улсад үйлдэх нислэгийн тоо нэмэгдэх юм. Энэ асуудал дээр хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээр хийж баталгаажуулсан бол авиа компаниуд үүнийгээ баталгаауулж, мөн гэрээ байгуулах ёстой аж.
Asiana Airline Монгол руу хийх анхны нислэгийг ирэх гуравдугаар сарын 31-нд Инчеон-Улаанбаатарын чиглэлд үйлдэхээр бэлтгэж буй гэнэ. Монголд ажиллах төлөөлөгчөө томилсон гэх мэдээлэл ч байна.
Одоогийн байдлаар БНСУ-руу МИАТ компаниас гадна Korean Air компани нислэг үйлддэг. Монголчууд олноор ажиллаж амьдардаг орон руу хоёрхон компанид нислэг үйлдэх онцгой эрх олгосноос тийзний үнэ буурахгүй, иргэдээ “мөлжиж” байна гэх шүүмжлэл олон жилийн турш яригдаж ирсэн. Энэ дагуу 2003 оноос эхлэн Зам тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн газар БНСУ-ын холбогдох эрх бүхий байгууллагуудтай хэлэлцэж, зөвшилцсөний дүнд энэхүү асуудал шийдэгдэж буй ажээ.
Одоогоор холбогдох албаныхан тийзний үнэ яг хэдэн хувиар буурах вэ гэдэгт албан ёсоор хариулт өгөхгүй байгаа ч 20 хувиар буурна гэсэн урьдчилсан мэдээлэл байна.
МИАТ компаниар үйлчлүүлэхэд Инчеон-Улаанбаатарын нислэгийн үнэ хоёр талдаа 1-1,3 сая төгрөгийн хооронд байдаг бол онгоцны шатахууны үнэ өсөх үед тийзний үнэ дагаж өсдөг аж. Мөн жуулчид олноор ирдэг улиралд тийзний үнийг дамлан нэг талынх нь 800 мянган төгрөгт хүрэх тохиолдол ч гарч байжээ.
Албаныхны тооцоогоор дээрх чиглэлд долоо хоногт 18-22 хүртэлх тоогоор нислэг үйлдэх бодит шаардлага бий гэж үздэг. Харин ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс Монгол талаас долоо хоногт 11 удаа, Солонгос талаас есөн удаа нислэг хийх боломж бүрдэх нь ээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ