Г.Занданшатар: Хууль засагладаг, шударга ёс үйлчилдэг тогтолцоог бүрдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар: Хууль засагладаг, шударга ёс үйлчилдэг тогтолцоог бүрдүүлнэ

Г.Занданшатар: Хууль засагладаг, шударга ёс үйлчилдэг тогтолцоог бүрдүүлнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллах томилолтынхоо үеэр аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, санал бодлыг нь сонсон, асуултад хариулав.

Тэрбээр уулзалтын эхэнд “Миний бие Монгол Улсын Их Хурлын даргын амаргүй хариуцлагатай, чухал албыг эрхлэн хашихаар сонгогдсоныхоо дараа монгол хүний ёсоор нутгийн уул усандаа сүслэн залбирч, намайг ямагт түшин тулсаар ирсэн нутгийн түмэнтэйгээ уулзан золгож, үг сургаалыг тань сонсохоор хүрэлцэн ирлээ” гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Бүхнийг болж бүтэж буй мэтээр сайхан үг хөврүүлэмгүй байна. Болж буй нь мэдээж бий ч, болохгүй нь түүнээс илүү байгааг бид ч, Та нар ч мэдэж байгаа. Иргэд маань нийгэмд шударга ёс алдагдсанд сэтгэл нь шаналж байна. Төрийн албанд хариуцлага, сахилга бат, ёс зүй дутагдаж байгаад зовниж байна. Нийгмийн баялаг нийт иргэдэд биш, цөөн хэсэг бүлгийн баяжих, хөрөнгөжих, түүгээрээ нийт нийгмийг дарангуйлах хэрэгсэл болж буйд эгдүүцэж байна. Хуулийн засаглал биш, өнгө мөнгөний засаглал тогтсонд дургүйцэж байна” гээд Улсын Их Хурлын үйл ажиллагааны бодлого, зорилт болгон дэвшүүлж байгаа 5 асуудлыг хөндөж ярилаа.

Нэгдүгээрт, Хууль дээдэлдэг, хариуцлага сахилга, шударга ёс, ёс зүйг эрхэмлэдэг тогтолцоог бүрдүүлэх ажлыг дээрээсээ, тухайлбал Улсын Их Хурлаас эхлүүлнэ.

Парламентад дэлхийн жишигт нийцүүлсэн шинэчлэл хийж, цахим шилжилт хийнэ. Төр, иргэн хоёрын шууд холбоог эрх зүйн цахим системээр дамжуулж бүрдүүлнэ.

Хоёрдугаарт, Парламентын хянан шалгах чиг үүргийг шинэ шатанд гаргана.

Нийгэмд дуулиан үүсгэсэн, шийдэгдэхгүй байгаа томоохон хэргүүдийг нэг мөр шийдэх, шударга бус байдлыг халах зорилгоор Улсын Их Хурлаас хянан шалгах Ажлын хэсэг, түр хороодыг байгуулж ажиллуулна.

Иргэддээ үйлчилж чадахгүй, тэгш шударга хандаж чадахгүй байгаагийн уршгаар төрд итгэх ард түмний итгэл буурсан. Тиймээс төрд итгэх ард түмний итгэлийг сэргээх нь Улсын Их Хурлын үйл ажиллагааны нэг үндсэн зорилт байх болно.

Гуравдугаарт, Улсын Их Хурал тооноос чанарт шилжих хувьсал хийх болно. Олон хууль батлах биш, чухлыг шийдвэрлэх, батлан гаргасан хуулийн чанарыг сайжруулахыг чухалчилна. Тухайлбал, Улсын Их Хурлын дэгийн тухай хууль, Татварын багц хуулиуд болон Тендерийн хууль, Хөдөлмөрийн хууль тогтоомжийг шинэчлэх асуудлыг ойрын үед хэлэлцэнэ.

Дөрөвдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ парламент хийх ёстой. Одоо хийхгүй бол хожим харамсахад хүрнэ. Бидэнд харзнаж хүлээх, халширч хойш суух эрх байхгүй.

Өөрчлөлтийг хийхдээ аливаа нам, улс төрийн эрх ашгийн үүднээс хийж огт болохгүй гэсэн зарчмыг баримтална.

Тавдугаарт, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх, төвлөрлийг сааруулах нь Улсын Их Хурлын үндсэн зорилтын нэг байх болно. Улсын Их Хурал төрийн байгууллагуудын чиг үүргийг оновчтой хуваарилах, төвлөрлийг сааруулах, шинэчлэлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ.

Эдгээр зорилтууд парламентын шинэчлэлийн төдийгүй Монгол төрийн шинэчлэлийн, Монгол Улс сэргэн мандаж хөгжихөд түлхүүр хүчин зүйл болно. Зорилгоо хэрэгжүүлэхэд нийт ард түмний, ялангуяа төрөлх нутаг Хонгорынхны маань дэмжлэг ихээхэн чухал шүү. Биднийг дэмжиж, хамтарч ажиллахыг Та бүхнээсээ хүсье гэж тэрбээр хэлсэн юм.

Баянхонгор аймгийн иргэд Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь баяр хүргэж, тус аймгаас гаралтай хоёр хүн Монгол төр, хууль тогтоох дээд байгууллагыг тэргүүлж буйд бахархаж байгаагаа хэлж, тэднийгээ дэмжиж, нийгмийн эрс шинэчлэлийн зорилтыг Баянхонгорынхон манлайлан хэрэгжүүлж, бусад аймгуудад үлгэр дуурайл үзүүлж ажиллах ёстойг онцолж байлаа.

Санал бодлоо илэрхийлсэн иргэд улстөржилтөд цэг тавих, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй бүрэн эрхийг цуцлах, малын хулгайтай тэмцэх асуудалд онцгой анхаарч, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах, Зөрчлийн хуулийн зарим зүйл, заалтыг эргэж харах, бэлчээрийн доройтол, цөлжилтийг сааруулах бодитой арга хэмжээ авах, Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалын санаачилсан  Бэлчээрийн ашиглалтын үлгэрчилсэн журмыг дэмжиж, хууль болгон батлах, малын хөлийн татвар бий болгох, ЖДҮ-гийн зээлийг хөдөөд, жинхэнэ эздэд нь хүртээх, ЖДҮ-гийн зээлийн асуудалд холбогдсон Улсын Их Хурлын гишүүдэд хариуцлага тооцох, аймгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг өөрчлөн шинэчлэх, архидалтыг багасгах, морио унаж эдэлж, мотоциклоос татгалзах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж байлаа.

Тэдний асуусан асуултад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, аймгийн Засаг дарга Г.Батжаргал нар дэлгэрэнгүй хариулт өгөв.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар аймгийн боловсролын салбарын чанарын үзүүлэлт 21 аймгийн дотор сүүл мушгиж байгаад нухацтай дүгнэлт хийж, нэг сарын дотор юу хийж, ямар өөрчлөлт хийх ёстойгоо тодорхойлохыг даалгалаа. Энэ зорилгоор БСШУС-ын яамнаас ажлын хэсэг гаргаж, шалгуулан, дүгнэлт гаргуулна гэв.

Мөн иргэдийг өмссөн зүүсэн, ядруу дорой байдлаар нь алагчилж ханддаг байдалдаа эрс өөрчлөлт хийж, “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн хүрээнд юу хийж, ямар арга хэмжээ авахаа нарийвчлан төлөвлөх, хэрэгжүүлэх нэг сарын хугацаатай үүрэг өгөв. Түүнчлэн архидалтаас татгалзаж, архигүй байгууллага, архинаас татгалзсан аймаг болох хөдөлгөөн өрнүүлэх, төрийн албанд архидалтыг бүрмөсөн хориглож, зөрчсөн албан хаагчдад хатуу арга хэмжээ авах, иргэндээ үйлчилж чадахгүй байгаа алба хаагчдыг ажлаас халах хүртэл арга хэмжээ авах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж