ЖДҮ-ээс зээл авсан 16 гишүүнээс хариуцлага нэхнэ

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

ЖДҮ-ээс зээл авсан 16 гишүүнээс хариуцлага нэхнэ

ЖДҮ-ээс зээл авсан 16 гишүүнээс хариуцлага нэхнэ

Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан УИХ-ын гишүүдийг эсэргүүцэж  хэсэг залуус нэгдэн “Сошиал жагсаал”-ыг  өрнүүлжээ. Жагсаал зохион байгуулагчид өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд фэйсбүүкт 500 мянган хүнийг нэгтгэж, твиттер сүлжээнд 40 орчим мянган дагагчтай болсон байна. Цахим орчинд үзэл бодлоороо нэгдсэн залуус их хэмжээний зээл авч, авлигын хэрэгт холбогдсон улс төрчдөд ял оногдуулах хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийллээ.

Залуус цахим орчноор хязгаарлагдахгүйгээр “Хэвтүүл” хөдөлгөөнтэй нэгдэж ирэх гуравдугаар сарын 2-нд болох жагсаалд нэгдэх аж. Иргэн н.Алтангэрэл “Өнөөдрийн байдлаар УИХ-ын 16 гишүүн Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас их хэмжээний зээл авсан нь баримтаар нотлогдоод байна. Монгол Улсад хүн бүр хуулийн өмнө эрх тэгш эрхтэй гэж заасан байдаг ч өнөөдөр эсрэгээрээ хууль үйлчилж байгаад гомдолтой байна. Залуу хүний хувьд үүнийг шударга бус гэж үзсэн учраас эрхийнхээ төлөө “Сошиа жагсаал”-д нэгдлээ” гэлээ.

Мөн жагсаал зохион байгуулагчдын төлөөлөл А.Цэрэнбат “Бид өнгөрсөн нэгдүгээр сараас хойш сошиалд жагсаал зохион байгууллаа. Бидний ажиглалтаар цахим орчинд хүмүүс маш идэвхтэй үзэл бодлоороо нэгдэж байгаа ч жижиг дунд үйлдвэрлэгчдийн дийлэнх нь Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийн талаарх ойлголтгүй байна. Үүнийг далимдуулан улс төрчид мэдлэг, албан тушаалаа ашиглаж олон мянган иргэн ажлын байртай болох боломжийг биднээс хумсалж, их хэмжээний зээл авч байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээл нь дундаж давхаргынхныг дэмжих зорилготой байдаг ч Монголд чинээлэг давхаргын цөөн хэдэн гэр бүлд л зориулагдсан байна. Энэ шударга бус үйлдлийг тэвчиж, уучилж чадахгүй” хэмээв.

Цахим орчинд хөдөлгөөн өрнүүлсэн залуус ЖДҮС-аас зээл авсан улс төрчид найм хүртэлх жилийн хорих ялаар шийтгүүлэх ёстой гэж үзэж буйгаа онцолсон. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1.3 дугаар зүйл ангид “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасч, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.

Сануулахад, Хэвтүүл хөдөлгөөнийхэн гуравдугаар сарын 2-нд Сүхбаатарын талбайд ЖДҮ-чдийг эсэргүүцэж,  тайван жагсаал зохион байгуулах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж