Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш монголчуудад зориулсан “Монгол Сүнчой-2019” хэмээх анхны онлайн номын айлдах гэж байна. Түүний онлайн номын айлдварыг Монголд анх удаа зохион байгуулахаар Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд болон “Ламын гэгээн монгол сүнчой” төрийн бус байгууллага хамтран ажиллаж, Бөхийн өргөөнд сүсэгтэн олныг хүлээн авахаар болжээ.
“ТЕХНИКИЙН ШАЛТГААНЫ УЛМААС БӨХИЙН ӨРГӨӨНД ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛСОН”
Угтаа бол энэхүү ном айлтгал Буянт-Ухаа спорт цогцолборыг БНХАУ-ын төрийн өмчит “Шанхай констракшин” компани байгуулсан учраас XIV Далай багшийн онлайн айлдварыг тэнд зохион байгуулахаас татгалзсан гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Энэ талаар уг онлайн айлдварыг зохион байгуулж буй Гандантэгчинлэн хийдийн лам М.Сумъяабазараас тодрууллаа.
Тэрбээр “Урвуулагч” хэмээх шороон гахайн жилийн хаврын тэргүүн сарын шинийн 24-ний өдөр Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн тодруулсан Ламын Гэгээн Данзанжамбалчойжишинэн хэмээх монгол хутагтын айлтгалаар Монголд анх удаа Далай багш онлайн айлдвараа айлдах гэж байна. Уг номын айлдварыг Далайн багш Энэтхэг улсын Драмсала хот дахь өөрийн номын өргөөнөөс шууд онлайнаар холбогдох юм. Түүний айлдварыг монгол хэлний орчуулгатайгаар сүсэгтэн олонд үнэ төлбөргүй хүргэнэ. Энэ хоёрдугаар сарын 28-нд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулах гэж байсан айлдвар маань техникийн шалтгааны улмаас Бөхийн өргөөнд зохион байгуулахаар болж өөрчлөгдсөн. Тиймээс сүсэгтэн олон маань энэ сарын 28-ны өглөөний 10.00 цагт Бөхийн өргөөнд хүрэлцэн ирнэ үү” гэв.
ДЭЭРХИЙН ГЭГЭЭНТЭНИЙ РАВНАЙЛСАН ЗАНГИА, ҮРЭЛ, РАШААН, УТЛАГА ХҮРТЭЭНЭ
Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшийн онлайн айлдвараар “Их Богд Зонхова ламын шүтэн барилдлагын магтаал”, “Бодь мөрийн зэргийн хураангуй утга” зэрэг хоёр айлдварыг монгол хэлний орчуулгатайгаар үнэ төлбөргүй тарааж, номонд даган баясах боломжтой болох ажээ.
Мөн Далай багшийн айлдварын үеэр сүсэгтэн олноо 108 лам сар шинийн ном хурж, Дээрхийн Гэгээнтэний адислаж, равнайлсан зангиа, үрэл, рашаан, утлага хүртээх гэнэ. Далай багшийн айлдварын урилгыг Гандантэгчинлэн хийдийн Дашчоймпил дацангаас үнэ төлбөргүй тарааж байгаа бөгөөд урилга хэдийнэ дууссан. Гэхдээ урилгыг аваад ирж амжаагүй хүмүүсийн суудалд хүрэлцэн ирсэн сүсэгтэн олныг оруулж, болно гэдгийг зохион байгуулагчид хэллээ.
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багшийн Монголчуудад зориулсан онлайн номын айлдвар "МОНГОЛ СҮНЧОЙ 2019"
Posted by Lamiin Gegeen Mongol Sunchoi on Friday, February 8, 2019
А.СҮРЭН
Холбоотой мэдээ