Японы “Шима Сейки” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар, “Монголын ноос, ноолуурын холбоо”-той хамтран манай улсын сүлжмэлийн салбарын компаниудын удирдлагуудыг тус компанитай танилцуулжээ. Өмнөх хоёр жилийн аялал, сургалтад загвар зохион бүтээгч, программистууд оролцдог байсан бол энэ удаа компанийн захирлууд хамрагдсанаараа онцлогтой аж. Учир нь технологийн дэвшилтэт систем дээр компанийн удирдлагууд өөрсдөө ажиллаж сурах, шинэ технологи, тэр дундаа “APEX-3” системийг хэрхэн ашиглах, үйлдвэрлэлийн явцын үргүй зардлыг багасгах, хэмнэлт хэрхэн бий болгох талаар илүү дэлгэрэнгүй мэдэж авчээ.
“Шима Сейки” компанийн үүсгэн байгуулагч Шима энэ үеэр “Өндөр зэрэглэлийн бүрэн автомат машиныг тансаг ширхэгт монгол ноолууртай хоршуулснаар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий дээд зэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний зорилго юм” гэж онцолсон байна. Мөн монголын өнөөгийн эдийн засгийн байдал, компаниудын хүсэлтийг харгалзан хоёр орны чөлөөт худалдааны гэрээ, хэлэлцээрийн шугамаар машин тоног төхөөрөмжийн зээл олгох боломжийг нааштайгаар шийдэхээ илэрхийлсэн байна.
Дашрамд тэмдэглэхэд, тус компани 2008 оноос Монголд төлөөлөгчийн газраа нээн ажиллуулан Монголын сүлжмэлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн зах зээлийн 80 хувийг хангаж иржээ.
Д.ЖАРГАЛ