НИТХ: С.Амарсайхан олонхын саналаар Хотын даргаар сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

LiveНИТХ: С.Амарсайхан олонхын саналаар Хотын даргаар сонгогдлоо

НИТХ: С.Амарсайхан олонхын саналаар Хотын даргаар сонгогдлоо
19 : 19
2019-2-26

НИТХ: С.Амарсайхан олонхын саналаар Хотын даргаар сонгогдлоо

НИТХ-ын хуралдаанаар Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах санал хураалт дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдаанд нийт 45 төлөөлөгч оролцсон бөгөөд гишүүдийн олонх буюу 25 төлөөлөгчийн саналаар НИТХ-ын дарга С.Амарсайхан Хотын даргаар сонгогдлоо. Тодруулбал, санал хураалтаар хүчинтэй 44 хуудас хүчингүй нэг хуудас НИТХ-ын дарга С.Амарсайханд  25 санал, С.Мөнхчулуунд 19 төлөөлөгч санал өгсөн байна.

Тэрбээр, 2017  оны аравдугаар сараас эхлэн НИТХ-ын даргаар томилогдон ажиллаж байгаа юм. МАН-ын Удирдах зөвлөл болон НИТХ-ын тэргүүлэгчдийн зүгээс Хотын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлж, ийнхүү Хотын даргаар сонгогдлоо. Түүнийг өмнө нь бас нэр дэвшүүлсэн ч С.Мөнхчулуунд ялагдаж байсан юм. 

С.АМАРСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ?

НИТХ-ын дарга С.Амарсайхан нь 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн. Эрх зүйн магистр зэрэгтэй.

1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан

2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе

2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны менежер

2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.

2012 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Энэ хугацаанд НИТХ-ын тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, Эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажилласан. 

2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллаж байсан.

Онцлоход, одоо НИТХ-ын хуралдаанаас гарсан шийдвэр болох хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчийг Ерөнхий сайдад танилцуулах бөгөөд Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах хуулийн заалттай.

18 : 50
2019-2-26

НИТХ: Санал хураалт эхэллээ

НИТХ-ын хуралдаанаар Хотын даргыг сонгох санал хураалт эхэллээ. Хотын даргад С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар өрсөлдөж байгаа юм. 

Сануулахад, тооллогын комиссын даргаар Н.Батсүмбэрэл, гишүүдээр Д.Амарбаясгалан Г.Төмөрбаатар, Ц.Одонтунгалаг, Д.Баярсайхан нарын таван гишүүд багтсан юм.

18 : 12
2019-2-26

НИТХ: Тооллогын комиссыг баталлаа

НИТХ-ын хуралдаанаас томилсон тооллогын комисс дөнгөж сая хуралдаж дууссаны дараа санал хураалт явуулах журмаа танилцууллаа. Тус журамд дурдагдсанаар тооллогыг 45 төлөөлөгч дунд санал өгөх бөгөөд саналын хуудасны хүснэгтэд нэр дэвшигчийн нэрийг бичиж дугуйлах юм байна.

Санал хураалтын үеэр саналын зураг дарсан тохиолдолд тухайн саналыг хүчингүй болгох мөн хэвлэл мэдээлийн байгууллагыхныг ажиглагчаар орохыг төлөөлөгч Б. Батнасан гаргалаа. Харин Ц.Сандаг-Очир төлөөлөгч хоёр нэр дэвшигчийг санал хураах үед хамт байлцах саналыг гаргасан бол Ц.Байгалмаа төлөөлөгч тэмдэглэгээ хийсэн саналын хуудсыг хүчингүй болгох саналыг журамд тусгах санал гаргасан юм.

Хэрэв санал хураалт тэнцсэн тохиолдолд санал хураалтыг дахин явуулах ба 50 хувиас дээш санал авсан тохиолдолд хотын даргаар томилно. Үүний дараа НИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайдад хүргүүлж, тав хоногийн дотор батламжлах юм.

Тооллогын комисс хэвлэл мэдээллийн байгууллагыг оруулах шаардлаггүй гэж үзсэн бөгөөд саналын хуудсыг дугуйлахаас өөр тэмдэглэгээ хийсэн бол хүчингүй болгохоор журамд дурджээ. Санал хураах комиссын төлөөлөгчид танхимын үүдэнд төлөөлөгчдийн гар утсыг хурааж аван саналын зургыг дарах зэргээс сэргийлэх юм байна. Яг одоо санал хураахад бэлэн болсон ч хоёр намын хооронд дахин үл ойлголцол үүслээ. Тодруулбал, АН-ын зүгээс санал хураалтын үеэр хэвлэл мэдээллийн байгууллагыг оруулж ирэх саналыг гаргаад байсан юм.

Сануулахад, тооллогын комиссын даргаар Н.Батсүмбэрэл, гишүүдээр Д.Амарбаясгалан Г.Төмөрбаатар, Ц.Одонтунгалаг, Д.Баярсайхан нарын таван гишүүд багтсан юм.

17 : 41
2019-2-26

НИТХ: Завсарлага дуусч, хуралдаан эхэллээ

НИТХ-ын хуралдаан дөнгөж сая эхэллээ. Тус хуралдаанаас МАН-ын бүлэг нэг цагийн завсарлага авсан бөгөөд тооллогын комисс батлах асуудал ийнхүү маргаан дагуулаад байна. 

Хотын даргад өрсөлдөгчдийн санал хураалтыг зохион байгуулах комиссыг томилох ёстой бөгөөд зохион байгуулах комисс нь таван гишүүнтэй байх ёстой. Зарим төлөөлөгчдийн зүгээс өмнөх зохион байгуулагчдыг томилох саналтай байгаа бол МАН-ын бүлгийн зүгээс өмнөх хуралдааны шийдвэр хүчингүй болсон учраас шинээр байгуулах нь зүйтэй гэсэн саналтай байгаа юм. 

Хуралдаан эхлэн тооллогын комисст багтах гишүүдийг баталлаа. Тооллогын комисст Н.Батсүмбэрэл Д.Амарбаясгалан Г.Төмөрбаатар, Ц.Одонтунгалаг, Д.Баярсайхан нарын таван гишүүд багтсан юм. Тэд яг одоо саналын хураалтын хуудсыг бэлдэж байна. 

16 : 34
2019-2-26

Ц.Баатархүү: МАН улстөржсөөр засаглаж чадахгүй байна

НИТХ-ын АН-ын дарга Ц.Баатархүү: “МАН-ын удирдах зөвлөл улс төрийн шийдвэр гаргасан учраас МАН-ын таван төлөөлөгчийг санал хураах тооллогын комисст  заавал оруулна. Өөр  хүн оруулахгүй гэх байдлаар иймэрхүү улстөржилтөөөс болоод тооллогын комиссын гишүүдийн нэр уначаад байна. Түрүүхэн хурал завсарлахын өмнө санал хураалт явуулахаар тооллогын комист нэг хүнээ оруулах гэж байсан ч МАН-ын бүлэг гэнэтхэн завсарлага авчихлаа. Энэ санамсаргүй зүйл боллоо. Яагаад тооллогын комисс руу нам эвслийн бүлгүүд анхаараад байна вэ гэхээр хэрэв хотын даргыг сонгох үйл явц хууль зөрчих  юм бол шүүхийн байгууллагад очдог. Тиймээс   хуулийн дагуу шийдэгдээсэй гэж хүсч байна. Харин сөрөг хүчин тооллогын комисст нэр дэвшүүлээгүй. Энэ олонхийн асуудал. Гэхдээ бид хяналтаа тавья л гэж байгаа. 34 суудалтай МАН бидэнтэй бидэнгүйгээр асуудлаа шийдчих боломжтой. Хуралд  нэг хүний нэр дэвшүүлээд олонхоороо шийдээд явах бүрэн боломж бий.  Ерөөсөө л  төлөөлөгч нар шийдээд явчих зүйл дээр МАН-ын улстөрийн  зөвлөл хуралдаж шийдвэр тулгадаг. Энэ байдалд АН-ын бүлэг дургүйцлээ илэрхийлээд байгаа. Одоо мөрдөгдөж байгаа хуулийн дэг дээр нэг тодорхойгүй зүйл бий. Тэр нь  хэдэн удаа завсарлага авах ёстойг зааж өгөөгүй. Иймээс л нам эвслийн бүлгүүд олон удаа завсарлага авдаг дэгтэй гэсэн үг. Тухайлбал, МАН ээлжит 21 дүгээр чуулган дээр долоон удаа завсарлага авсан байдаг. Оны өмнө эхэлсэн хурал одоог хүртэл  дуусаагүй л явна. Үүнээс харахад нийслэлийн хурал засаглаж чадахгүй байна. Улаанбаатар хотын удирдлагыг тасралтгүй тогтвортой хэрэгжүүлэх боломжоо алдчихлаа гэж бодож байна. Бид ямар ч байсан тооллогын комисст хүнээ нэр дэвшүүлнэ. Хүмүүс олонхоороо түрий бариад унагах эсхүл хяалтаа тавь гээд оруулахыг хэвлэл мэдээллийн байгууллага хянаад явах байх .Мөн энэ сонгуульд хэвлэл мэдээллийхнийг ажиглагчаар ороосой гэж хүсч байна” гэв.

15 : 24
2019-2-26

НИТХ: МАН-ын бүлэг завсарлага авлаа

НИТХ-ын хуралдаан үргэлжилж байна. Ардчилсан намын бүлгээс нэг цагийн завсарлага авсан бөгөөд тооллогын комисс батлах эсэх асуудал дээр маргаан үүсч, ийнхүү Ардчилсан намын бүлэг нэг цагийн завсарлага авсан байсан юм.

Энэ үеэр төлөөлөгч Э.Бат-үүл “Нийслэлийн Засаг даргыг чөлөөлөх асуудал НИТХ-ын үйл ажиллагаа маш их доголдсон. Ялангуяа Ардын нам завсарлагаа авах хэмжээгээ алдсан. Манай намаас хоёр дахь удаагаа л завсарлага авлаа. Ардын нам шиг мессежээр завсарлага авдаггүй. Хурлын даргалагч хоёр намыг хэт ялгаварлаж байна. Өнөөдрийн хурал Иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрхийг үгүйсгээд эхэллээ. Б.Батнасан хурлыг удирдаж чадна гэж С.Амарсайхан сонгосон байх. Гэтэл Б.Батнасан юу ч ойлгохгүй байна. Хамгийн гол нь иргэдийн төлөөлөгчдийн оруулсан асуудал нь хууль зөрчсөн бол заавал горимын санал оруулж санал хураадаг. Бид орон нутгийн агентлаг биш. Хуралдаан даргалж чадахгүй байгаа Б.Батнасанг өөрчилье. Бүлгийн дарга улс төрийн зорилгоор санал хураах гэж байгааг бид дэмжих юм уу. Бүр ичгүүргүй мэдээлэл хийдэг боллоо” гэв. Тэрбээр хурал даргалагчийг өөрчлөх горимын санал орууллаа. Хурлыг даргалагч Б.Батнасан “Дэгийн дагуу хурлыг явуулах гэж хичээлээ. Би санал хэлэх нэрс аваагүй байхад та нар дайраад байгаа. Би дэгийн дагуу удирдаад явж байна гэж бодож байна гэсэн тайлбарыг өглөө. 

НИТХ-ын хуралдаанаар Хотын даргад өрсөлдөгчдийн санал хураалтыг зохион байгуулах комиссыг томилох эсэх асуудлыг хэлэлцэх гэж байсан ч МАН-ын бүлгийн зүгээс дахин нэг цагийн завсарлага авлаа. 

МАН-ын бүлгийн дарга Р.Дагва нэг цагийн завсарлага авах шалтгаанаа ийн тайлбарлалаа. Тэрбээр “Тооллогын комисс нийтдээ гурван субьектээс арван хүний нэр дэвшүүлсэн. Арван нэр дотор нэг нэр хоёр хүний саналаас гараад давхцсан. Давхцсан болохоор нийтдээ есөн хүний нэр тооллогын комисст нэр дэвшээд байгаа юм. Сая таван хүний нэр дэвшсэн асуудал унасан учраас цаана нь дөрвөн хүний нэр үлдээд байна. Толлогын комиссын гишүүдийн тоо нь тав. Тийм учраас нэг цагийн завсарлага авч байна. Өмнөх хурлын шийдвэрт ерөнхий сайд хариугаа өгчихсөн. Өнөөдөр шинэ хурал болж байгаа учраас өмнөх хурлын тооллогын комиссын гишүүд дахин ажиллах нь учир дутагдалтай. Зарим хүмүүс зориуд хурлыг үймүүлээд хууль болон дэгийн заалтыг өөрийнхөөрөө тайлбарлаад янзан бүр болоод байна. Тэр болгонтой нь муудалцаад байвал энэ хурал шившиг болж дуусах байлгүйдээ” хэмээв.

Өнөөдрийн хуралдаанаар нийтдээ АН хоёр, МАН нэг удаа, нийтдээ гурван удаагийн нэг цагийн завсарлага аваад байна. 

13 : 56
2019-2-26

НИТХ: АН-ын бүлэг дахин нэг цагийн завсарлага авлаа

НИТХ-ын хуралдаан түр завсарлаад үргэлжиллээ. МАН-ын бүлгээс арван минутын завсарлага аваад байсан хурал дөнгөж сая эхэллээ. Учир нь тооллогын комисс батлахаар МАН-ын бүлгийн дарга Р.Дагва санал оруулсан ч төлөөлөгчдийн зүгээс эсэргүүцэж, өмнөх тооллогын комиссыг хэвээр батлах ёстой гэсэн санал оруулсан юм. Тиймээс МАН-ын бүлэг завсарлага авч, энэ асуудлыг хэлэлцээд хуралдаан үргэлжилж эхэлсэн ч дахин Ардчилсан намын бүлэг нэг цагийн завсарлага авлаа. 

Өмнөх хурлын тооллогын комиссын таван гишүүний бүрэлдэхүүнд Д.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, Б.Сүхбаатар, Э.Бат-Амгалан Ц.Одонтунгалаг нар байсан юм.

12 : 33
2019-2-26

НИТХ: С.Мөнхчулуун өөрийгөө нэр дэвшүүллээ

НИТХ-ын хуралдааныг төлөөлөгч Б.Батнасан удирдаж байгаа бөгөөд төлөөлөгч Э.Бат-Үүлийн зүгээс Ерөнхий сайдыг хуралдаанд оролцох горимын санал гаргасан юм. 
Тэрбээр хэлэхдээ "Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийг дээд шатны байгууллага шийдэж болохгүй. ИТ-өөс өмнөх засаг дарга дээр ажлыг нь дүгнэсэн байсан. Гэтэл ерөнхиий сайд огцруулах хүсэлт гаргасан. Бид ерөнхий сайдын хуулийн хэлтэс юм уу. Яагаад татгалзсан үндэслэл нь алга байна. Хэрэв татгалзах үндэслэл байхгүй бол дургүй хүнээ хасдаг жишиг тогтоох гээд байна. Энд ерөнхий сайдыг дууд. Энэ миний горимын санал" гэсэн юм. 
Гэвч хуралдаан даргалагч "Энэ бол горимын санал биш. Өмнө нь мөн Ерөнхий сайдын энэ хуралдаанд оролцох санал гаргаж байсан. Гэхдээ Ерөнхий сайд хуулийн хүрээнд саналаа хүргүүлсэн учраас энэ удаагийн хуралдаанд Ерөнхий сайд оролцох боломжгүй" гэсэн юм. 
Ингээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хуралдаанд оролцуулахыг саналаар санал хурааж, хуралдаанд оролцогчдын 25 төлөөлөгч дэмжээгүй бол 18 төлөөлөгч дэмжсэн. Тиймээс энэ санал дэмжигдсэнгүй.
Ингээд төлөөлөгч С.Мөнхчулуун горимын санал гаргаж, "Өөрийнхөө нэрийг дэвшүүлж байна" гэсэн юм.
 Мөн энэ үеэр иргэн Э.Бямбацэрэн "Өөрийгөө Хотын даргад нэр дэвшүүлэх" санал гаргасан боловч хуулийн хүрээнд энэ нь боломжгүй гэдгийг хуралдаан даргалагч илэрхийлсэн юм. 
 
Сануулахад, өнөөдрийн НИТХ-ын хуралдаанд 45 төлөөлөгч ирэх ёстойгоос 100 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. 
12 : 27
2019-2-26

НИТХ: МАН-ын бүлэг С.Амарсайханыг нэр дэвшүүллээ

НИТХ-ын ээлжит бус хуралдааны нэг цагийн завсарлага дуусч, дөнгөж сая эхэллээ. Хуралдааны эхэнд НИТХ дахь Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл горимын санал хэллээ. Тэрбээр, С.Амарсайхан дарга хурал удирдаад явчих гээд байна. Хэлэлцэх эсэх асуудлыг анхнаасаа ярьдаг. С.Амарсайхан удирдах ёсгүй юм. Ашиг сонирхлын зөрчил байж болохыг үгүйсгэхгүй. С.Мөнхчулууныг ерөнхий сайд буцаасан шалтгааныг мэдмээр байна. Иргэдийн хурлаас нэр дэвшүүлж явуулсан хүнийг ямар шалтгаанаар буцаасан юм. Чухал асуудал хэлэлцэж байгаа хурал хуулийн дагуу явах ёстой шүү" гэв.

Ингээд хуралдааныг эхлүүлж, С.Амарсайханы нэрийг НИТХ дахь МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн учраас НИТХ-ын дарга С.Амарсайхан хуралдаан даргалахаас татгалзаж, Б.Батнасан төлөөлөгч НИТХ-ын хуралдааны даргалж байна. 

НИТХ-ын хуралдаан үргэлжилж байна. 

12 : 08
2019-2-26

С.Амарсайханыг эсэргүүцэгчдийг саатуулав

НИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар Хотын даргыг томилох асуудлыг хэлэлцэх байсан ч Ардчилсан намын бүлэг нэг цагийн завсарлага аваад байгаа билээ.  

Энэ үеэр монголын худалдаачдын холбооны төлөөллүүд хурлын танхимын гадна С.Амарсайхныг эсэргүүцэж байна гэх утга бүхий лоозон барин түүнтэй уулзахыг хүсч байгаагаа хэлж байсан юм.

Тус холбооны тэргүүн З.Пунцалдулам хэлэхдээ “НИТХ-ын дарга С.Амарсайхан бид нарыг хүлээж авч уузахдаа смарт картны түргэн үйлчилгээний цэгийг /ТҮЦ/ нэг ширхэгийг ч тавиулахгүй гэж байсан. Гэтэл өнөөдөр хотоор дүүрэн цагаан түц-үүд байна. НИТХ-ын дарга байхдаа хэлсэн амандаа хүрээгүй хүн өнөөдөр хотын дарга болоод ямар ажил хийх юм. Хэзээ ч ард түмний төлөө ажил хийхгүй. Хуйвалдаантайгаар С.Амарсайхныг сонгох гээд байна. 

Тэдний зүгээс ямар нэгэн улс төрийн захиалга байхгүй. Өнөөдөр энд ирсэн шалтгаан бол нийт худалдаачдынхаа төлөө юм. Ард түмнээ боддог зөв сэтгэлтэй хүн хотын дарга болох ёстой” гэсэн шаардлагагы тавьж байв. Ямартай ч албаны хүмүүс хамгаалалт гаргаж, цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд дөнгөж сая үймээн гаргасан гэх тэдгээр 8-10 хүнийг цагдаагийн байгууллага руу авч явлаа.

Харин НИТХ-ын хурлын хэвлэлийн төлөөлөгч хэвлэлд өгсөн яриандаа “ Урьдчилаад хүсэлт гаргасны дараа С.Амарсайхантай уулзах эрх нь нээлттэй. Хурлын дарга гэдэг хүн бодлого тодорхойлдог болохоос ТҮЦ ачих буулгах шийдвэрийг гаргахгүй. Асуудлын улстөржүүлснээс болоод ийм байдалд хүрлээ” гэж байсан юм.
 

 

11 : 22
2019-2-26

НИТХ-ын хуралдаанаас АН нэг цагийн завсарлага авлаа

НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан дөнгөж сая эхэлсэн бөгөөд хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлаа баталж, хуралдааныг эхлүүлсэн юм. 

Ингээд хуралдаанаар Хотын даргыг томилох саналыг НИТХ дахь МАН-ын дарга Р.Дагва танилцуулах байсан ч Ардчилсан намын бүлгийн зүгээс нэг цагийн завсарлага авах санал гаргасан юм. Ингээд НИТХ-ын дарга С.Амарсайхан Ардчилсан намын бүлэгт нэг цагийн завсарлага өглөө. 

Сануулахад, эрх баригч намын зүгээс Хотын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлэхээр болсон юм. 

Мөн Хангарьд ордны 14 давхарт болж буй НИТХ-ын ээлжит бус хуралдааны үүдэнд иргэд эмх замбараагүй байдал үүсгэж, эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юм. Тэдний зүгээс Хотын даргын сонгуулийг шударга явуулахыг сануулж, өрсөлдөж буй С.Амарсайханыг эсэргүүцэж буй аж. Тодруулбал, Монголын худалдаачдын холбооны төлөөлөл нэр дэвшиж байгаа С.Амарсайханыг эсэргүүцэж, нэрээ татахыг шаардаж эсэргүүцэл зарлаж байна. Тэдний зүгээс ТҮЦ-ний асуудлаар НИТХ-ын дарга С.Амарсайхан шийдвэр гаргасан ч хэлсэн амандаа хүрч чадаагүй. Тиймээс Хотын дарга хийх боломжгүй гэж үзэж, ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байгаа гэлээ.

 

08 : 12
2019-2-26

Хотын даргад С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар өрсөлдөнө

НИТХ-ын хуралдаан өнөөдөр /2019.02.26/ ээлжит бусаар хуралдаж Хотын даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ. Энэ удаагийн Хотын даргын өрсөлдөөнд НИТХ-ын дарга С.Амарсайханыг МАН-ын Удирдах зөвлөлөөс  санал болгосон бол НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун  дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд буй.

Өмнө нь буюу 2019.01.16-ны өдрийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар С.Мөнхчулууныг төлөөлөгчдийн олонхийн саналаар Хотын даргад дэмжсэн ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлаагүй.  Мөн намын Удирдах зөвлөлийн шийдвэр болон бусад шийдвэрийг зөрчсөн гэж С.Мөнхчулууныг МАН-ын Хяналтын хороо авч хэлэлцэж, намаасаа хассан. Тиймээс С.Мөнхчулууны хувьд өнөөдрийн хуралдаанд бие даан нэр дэвших болов уу. Харин МАН-ын Удирдах зөвлөл болон тэргүүлэгчдийн зүгээс өмнө нь НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн бөгөөд энэ удаад ч мөн дахин нэр дэвшүүлж буй.

Энэ удаагийн хуралдаанаар дэмжигдсэн төлөөлөгчийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлын тав хоногт батламжлах хуулийн зохицуулалттай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
152
ЗөвЗөв
25
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж