УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа үдээс хойш үргэлжлүүлсэн юм. Тус бүлэг үдээс хойшхи хуралдаанаараа Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг багц төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж, хуралдаанаа өндөрлүүллээ.
Гэхдээ уг хуулийн төсөлтэй холбоотойгоор бүлэг нэгдсэн байр суурьт хүрсэн эсэх талаар албан ёсны мэдээлэл хийсэнгүй. Маргааш энэ тухай хэвлэлийнхэнд мэдээлэл өгч магадгүй нь.
Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төсвийн тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах замаар орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого баримталдаг бол ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь 100 хувь улсын төсөвт төвлөрдөг юм. Харин дээрх хуулийн өөрчлөлтөөр 30-50 хүртэлх татварын орлогыг орон нутгийн санд төвлөрүүлэх заалт тусгаад байгаа. Энэ асуудлыг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг хэлэлцээд “Дэмжих боломжгүй хуулийн төсөл” гэж үзсэн. Харин МАН-ын байр суурь маргааш тодорхой болно.
Г.ДАРЬ