Бидний түүх соёл урлагийн бүтээл

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Бидний түүх соёл урлагийн бүтээл

Морин хуур судлаач, урлаач Х.Мөнх-Эрдэнэ хэмээх залуутай морин хуурын талаар болон саяхан гадаадад анх удаа Тайваньд дэлгэгдсэн  морин хуурын үзэсгэлэнгийн нь талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

-Өөрийгөө уншигчдад маань танилцуулаач, мөн яаж яваад судлаач, урлаач болчив?  

– Намайг Хүрэлбатын Мөнх-эрдэнэ гэдэг. Манай ээжийн талд урлагийн хүмүүс  олон байдаг. Энэ нь нөлөөлсөн байх. Анх 1994 онд манай ээжийн  дүү нь намайг хүүхдийн урлан бүтээх төвийн сийлбэрийн дугуйланд оруулж байсан юм. Монгол Кубын найрамдлын билэг тэмдэг болсон 52-р сургууль миний хувьд мартаж болохгүй зүйл. Сургуулийн хөдөлмөрийн кабинетын суурь машинууд дээр Цэдэндамбаа багшийнхаа заавраар маш их зүйл хийж үзсэн. Манай анги даасан багш  байсан болохоор маш ойрхон байсан. Хүүхдүүдийг өөрсдөөр нь бүх зүйлийг хийлгэх, түүндээ  итгэл үнэмшилтэй хандаж байхыг  ховсдсон юм шиг сургаж чадсан. Энд сурсан бүхэн маань надад суурь болсон. 2007 оны намар санаандгүй нагац ах Дэлгэрбаярынхаа урланд далд хийчихсэн байсан ажлыг нь олж үзээд нилээн юм бодсон. Тэр нь байдгаараа шороонд дарагдчихсан, маш сонин сийлбэртэй моднууд  сэтгэл зүрхийг минь маш ихээр булаасан. Тэгээд л морин хуур хөгжмийг хийх арга технологи, дэг ёс гээд бүх талаас нь  судалж, суралцаж эхэлсэн.

-Морин хуураас өөр хөгжмийн зэмсэг байна ямар нэртэй хөгжим бэ? Эдгээр хөгжмүүд  юугаараа онцлог вэ?

-Зөвхөн хөгжим талаас нь харах биш урлагийн бүтээл, ур хийц  талаас нь харж бас болно. Хуур болон зарим хөгжмийнхөө царыг  могойн арьс мөн ямаа, бодонгийн арьсаар  татсан. Мөн адууны дэл сүүлээр чавхдаслагдсан. Энэ хялгаснууд захчин таван хошуунаас ирсэн. Угшил сайтай шарга адууны дэл сүүлнүүд. Ховд аймгийн уугуул Цэвээн гэж хөгшин  хийж байгаа зүйлийг минь сонсоод өгч явуулсан юм. 33 сайн хүлгийн нэг нэг багц сүүл. Хэний ямар адуунаас авснаа хүртэл тэмдгэлсэн байсан. Энэ Тува, Халимагийн товшуур, Казакын доомбор, мөн хуучир, арслан хуур зэрэг байна. Хийцийн хувьд  давтагдаагүй, давтагдашгүй. Алт мөнгө, байгалийн чулуугаар чимэглэсэн.  Миний ах миний багш Дэлгэрбаяр болон маш олон хүмүүсийн хамтын бүтээл.

-Энд нэг учир байх шиг байна. Яагаад заавал 33 гэж? Мөн саяхан Тайваньд үзэсгэлэнгээ гаргаад ирсэн гэсэн?

-Гучин гурав гэж билэгдсэн байх, би тэгж билэгшээсэн. Хөгшчүүл ямар нэг юм мэдэж байгаа биз. Гурвын тоо маш их зүйлийг агуулж байдаг. Гурван цаг, хуурын гурван чавхдас, мөн ямар нэгэн үйлийн эхлэлийг гурвын тоогоор билэгддэгийг ард түмэн мэднэ. Бид түүхэндээ анхных байж болох язгуур хөгжмийн зэмсгийн үзэсгэлэнг гадаад улсад гаргасан. Бидний зорилго морин хуурын аялгуу эгшиг, түүний мөн чанарыг илүү олон хүнд хүргэх. Үүний эхлэл нь Тайвань байлаа. Эрх чөлөө шударга ёс, эв нэгдлийн билэг тэмдэг болсон Формоса арлаас эхэлсэн нь завшаантай хэрэг. Тэнд биднийг халуун дотноор хүлээн авсан. Маш найрсаг хүмүүстэй, ёстой л тайван газар.

 МУСГЗ О.Эрдэнэчулуун гуай шавь нарынхаа хамт урласан маш сайхан хийцтэй  150 гаруй бүтээл, загвар зохион бүтээгч Энхтуяа эгчийн урласан Монгол  хатдын дээл өмсгөлүүд, Улсын ардын дуу бүжгийн эрдмийн чуулгын морин хуурч, уртын дууч, бүжигчин, үндсэний хувцас загварын үзүүлбэр зэргийг багтаасан томоохон үзэсгэлэнд хамтран оролцоод ирсэн. Уг үзэсгэлэнг  Тайпэй дахь Улаанбаатарын Худалдаа, Эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн М.Чойдорж, Тайваны Төв номын сан “Тогоруут-Уул 21-р зуун” олон улсын форум хамтран зохион байгуулсан. Маш их баярлалаа гэж хэлмээр байна. МУ-ын анхны ерөнхийлөгч асан П.Очирбат гуай, УИХ-ын гишүүн С.Оюун, Да.Ганболд зэрэг бусад албаны хүмүүс оролцсон уг арга хэмжээ өндөр зохион байгуулалттай байсан нь харагдсан. Энэ арал өөрөө дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг болохоор олон улсад Монголын соёл урлагыг нилээн өргөн хүрээнд сурталчилж чадсан болов уу.

Тайвань явхаасаа өмнө Төрийн хүндэтгэлийн өргөөнөө анхных нь аялгуу эгшгийг дуурсган багахан ёслол үйлдсэн. Энэ бол бидний хувьд том амжилт.

-Одоо үзэсгэлэнгээ хаана гаргах гэж байна. Монголдоо тоглох уу? Ямар төлөвлгөөтэй байна?

-Одоохондоо төлөвлөсөн зүйл алга.Энэтхэгт, мөн аравдугаар сард Москвад гаргана гэж найдаж байгаа. Монголдоо энэ бүхнээ дэлгэн үзүүлхийг маш их хүсэж байна. Саналаа хүргүүлсэн байгаа хариу хүлээж байна. Бидний хувьд энэ бүх язгуур соёлоо, мөн орчин үеийн урлагаа илүү олон хүнд хүргэхийг, таниулахыг зорьдог. Төв Азийн нүүдэлчид бидний  түүх, соёл бүхэлдээ урлагын бүтээл, энэ ертөнцийн бас нэгэн гайхамшиг болж чаддаг. Харин энэ бүхэндээ эзэн ёсоор хандах сэтгэл  дутаад байна. Хааяа амьдарч буй энэ байдлаасаа үнэхээр их санаа зовох юм. Бид шавар шавхайнд амьдармааргүй байна. Энэ бүхний эсрэг бага ч гэсэн бидний хийж чадах ажил бол шинэ үеийн урлаг. Монгол гэдэг тусгаар улсын нэр төр, ирээдүйн байдал өнөөдрийн залуус биднээс шууд хамаарна. Хийж босгож буй  бүх л зүйлс бидний ирээдүй, үр хүүхдүүдэд маань л үлдэж хоцроно. 

 -Энэ хөгжмийн зэмсгүүдийг харахад сүрдмээр юм. Ногоон толгойтой улаан дэлтэй морь, зарим нь цагаан арслан, хорт могойг сийлсэн байх юм энэ ямар учиртай юм бэ?

-Шашны талаас маш их зүйл тусгагдсан. Ногоон морь бол бурханы унаа, эрдэнэ үүрсэн хийморийн билэгдэл. Шашин бол Төрийн дараах маш том сүр хүч. Бидний бүх түүх адуунаас эхтэй байдаг шиг Морин хуур ч гэсэн энэ амьтнаас үүсэлтэй. Сайн хүлэг тэнгэрт хальж эргэн ирэхдээ ийм дүрээр морилдогийг  Монголын шашны дүрслэх урлагт улаан дэлтэй ногоон биетэйгээр дүрслэн харуулдаг. Энэ бол хүн ба нийгмийн уялдаа. Майдар бол ирээдүйд биднийг хамгаалахаар ирэх бурхан гэж  ном сударт гардаг. Магадгүй бид тэрхүү бурханы унааг  зэхэх үйлийг үүгээр эхлүүлж байгаа ч юм билүү.

 -Тодруулахгүй юу энэ талаараа,  ямар бурхан, юу гэсэн үг вэ?

-Бурхадууд  хүмүүс дунд төрж хүмүүс дунд үхдэг. Ирээдүйд амьдрах бидний хүүхдүүдээс тэр бурхадууд төрнө. Тэдний тоглох хөгжим нь морин хуур байгаасай. үүгээр дамжуулж өөрсдийн хэн гэдгээ мэдрээсэй гэсэн санаатай юм.  Гэхдээ энэ бүх зүйл бүгд учиртай. Жишээ нь энэ цагаан арслан бол Уул нутгын Савдаг. Эртнээс Монголчууд байгаль эхээ аргадан дуулж, хуурдаж өршөөл энэрэл хүртдэг байсан. Тэгэхдээ хуур хөгжимдөө дүрийг нь тусгаж аргаддаг янз янзын тайлга тахилга хийдэг байсныг ахмадууд  сайн мэднэ. Хун хуур, матар хуур, мөн арслан хуур гээд олон янз байгаа. Морин толгойтой болсон нь бас л учиртай. Харин энэ могойн толгойтой товшуур хөгжим орчин үеийн шийдэл. Орчин үеийн нэг савдгыг аргадах гэж хийсэн эд (инээв).

-Энэ бүх зүйлийг дэлгэрэнгүй тайлбарласан ном зохиол бий юу? Хаанаас энэ бүхнийг олж мэдэв ээ?

-Иймэрхүү судалгаа шинжилгээний ажил нилээн байгаа. Мэнд-Ооёо гуайн Морин хуурын талаар сонирхолтой бүтээл бий.Олж чадвал олон судар ном байгаа. Гэхдээ л бид энэ бүхнээ нэг хэсэг салхинд үнсээр нь тахил өргөчихсөн улс болохоор хэцүү. Монголчууд бид морин хуураа маш их дээдэлдэг ард түмэн. Би ингэж боддог юм.

Хуур хөгжмөө гадныханд үзүүлээд, тоглоод байх сонирхолгүй үеүүд бидний түүхэнд  байсан. Монголын анхдугаар богд өндөр гэгээн Занабазар арга мухардаад 17–р зууны сүүлээр Төрт эрхээ Манжид  шилжүүлж байсан. 1911 онд мөн өөрөө  тусгаар тогтнолоо эргүүлэн авсан. Энэ хугацаанд магадгүй морин хуурын хийцийг аль болох даруухан, бүүр шанага хүрзнээс ялгаагүй харагдахаар урлаж байсан байж болох. Бас социализмын үед морин хуурын тэргүүнийг машин трактораар сольж байсан тохиолдол ч бий. Энэ бол Монгол өвгөдийн морин хуураа авч үлдэх гэсэн гүн ухаан байсан юм болов уу гэж бодогддог.  Бидний түүхийг хадгалж буй чухал зэвсэг бол морин хуур. Морин хуур байснаараа бид уртын дуунуудаа, хөөмийгөө, биелэгээгээ мартаагүй. Гол соёлуудаа авч үлдэж чадсан.

Одоо цаг үе өөрчлөгдөж байна. Монголчууд бид илүү сайныг хийж  байж дэлхийн дээр өрсөлдөнө.Үүнийгээ авч үлдэж чадна. Миний багш Дэлгэрбаяр эцгээсээ болон, нагац ах Ардын зураач  уран Жамбаа, Бууран, Жүүгээ, цоохор Гамбаа зэрэг маш олон буурал өвгөдөөс суралцаж байсан сүүлийн үе нь. Энэ бүтээлүүдийг олон шилдэг урчуудын заавар зөвлөгөөгөөр бүтээсэн. Хөгжмийн үйлдвэрт ажиллаж байсан Иза, Чимэд зэрэг бурхан болоочид,  Хичээнгүй, Отгонбаатар, Мөөгий нар миний багшийн сайн нөхдүүд нь.  Эдгээр ахмадуудын аман ярианууд надад үндсэн чиг баримжаа болдог.

-Чиний нүдээр Монголын маань ирээдүй ямар харагдах юм бэ?

-Мэдээж гэрэлтэй. Энэ гэрэл гэгээг үр хүүхдүүдийнхээ нүднээс харж болно. Гэхдээ эцэг эхчүүд та нар минь бодолтой бодлоготой байвал гэрэлтэй амьдрах боломжтой. Удахгуй энэ бүтээлүүд бидний шүтээн болох болно. Яг одоо морин хуур хөгжим болоод Монголын соёл урлагийн хувьд хувьсал явагдаж байна. Удахгүй зах дээр зарагдах хуурнууд бүгд ногоон толгойтой улаан дэлтэй болж, хийцийн хувьд ч сайжрах болно. Бүтээж буй зүйл маань энэ царцчихаад байгаа нийгмийг хөдөлгөөнд орууллаа. Ажиллахгүй байгаа тархи, харахгүй байгаа нүд, сонсохгүй байгаа чихийг бага ч болов нээж байх шиг. Томоохон хөгжмийн зэмсгийн үйлдвэрийн морин хуурнуудын хийц өөрчлөгдөж эхэлж байна. Урлаачид маань арай илүү хөрөнгө зараад сайн бүтээл хийгээд эхлэвэл эргээд түүнээс олох ашиг нь ч төдий чинээ нэмэгдэнэ. Өнөөдөр бид ядуу хоосон байх нь яахав, ирээдүйд байх хүүхдүүд маань л бидний хийсэн бүтээснийг хараад битгий жигсээсэй гэж хүсэж байна.

-Нууц биш бол хөгжмүүдээ хэдээр зардаг вэ?

-Морин хуурын талаар хоёулаа ярьж амжаагүй маш олон нууц байгаа. Зарим нарийн зүйлсийг дэлгэх нь буруу байх. Үнэ мөнгөний хувьд үнэлсэн зүйл байхгүй. Шүтээн болон амилж байгаа болохоор. Жишээ нь: М.Шийтрийн Засаг төрийн зандан ширээ Зээрд азарга, О.Маарын түмний эх Хээр азарга зэрэг хурдан хүлгүүдийн дэл сүүлнээс билгэдэн чавхдаслагдсан. Эд бол зарагдахгүйгээр байх ёстой тэр газраа очно.  

-Хэн нэг хүнд зориулж урлаж болно биз?

-Бололгүй яахав. Тухайн хүний  хүслийг нь харгалзаад хэлбэр хэмжээ, дүрс байдал зэрэг асуудлууд болон тэр хүнд ямар чулуу ээлтэй байна алт мөнгө шигтгэх үү, ямар амьтнаар дүрслэн хийвэл тэр айлын шүтээн болох байна гэхчлэн харгалзан үзэж байгаад хийнэ дээ. Хамгийн сүүлд 2008 оны намар Matsushita Electric Industrial-ийн ерөнхийлөгч Fumio Ohtsubo гэдэг Япон хүнд эдгээр хуурнуудын нэг нь хүргэгдсэн. Osaka-д Panasonic-н музейд хадгалагдаж байгаа. Мөн Kawasaki –ийн дэд захирал, Эрхүү хотын мээр асан зэрэг хүмүүст зориулж урлаж байсан.

Хуур хөгжмийн мод маш чухал. Морин хуур амьд зүйлсийн холбоос болж чаддаг нь биширмээр. Мод, хялгас, хүн гурав. Ганцхан, хүний сэтгэл зүрхээр эгшиглэж буй хөгжмийн аялгуу нь ертөнцийн  нэгэн гайхамшиг болдог. Ботго ингэ хоёрыг яаж уяраадагийг бид мэднэ. Нутгаа мартсан эрсийн сэтгэлийг эргүүлдэг, буруу бүхнийг тэгшилдэг хорвоо дээрх ганц хөгжим. Энэ бол бидний уламжлал.

-Уран бүтээлд чинь амжилт хүсье.

-Чамд болон танай сэтгүүлийн хамт олонд туйлын их баярлалаа. Яг үнэндээ бидэнд  дэмжлэг маш их хэрэгтэй байна. Хөндөж буй эдгээр сэдвүүдийг судалсан эрдэмтэн мэргэд, ахмадуудаасаа үзэж сонсож байсан үлгэр домог нарийн ширийн зүйлсүүдийг олж сонсохыг маш их хүсэж байна. Хэлэх гээд байгаа гол санаа маань хөгшид нь залуусаа, залуус нь дүү нараа, дүү нар нь өвгөдөө сэтгэл зүрхнээсээ хайрлаж хүндэлдэг байсан тэр цагыг иргэн авчрахыг хүсэж байгаа юм. Энэ ярилцлагыг олж уншаад ямар нэг зүйл хэлэхийг хүсвэл залуус бид дуртайяа хүлээн авна шүү.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж