ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай хоригдсон шүүгч Л.Бямбаа нь өөрийгөө боомилж амиа алдсан байж болзошгүй хэргийн талаар бид мэдээлсэн.
Хэргийг тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр 461-р хорих ангид 48 цагийн хугацаанд саатуулагдахаар ирсэн гавьяат хуульч Л.Бямбаа нь суллагдахаасаа хоёр цагийн өмнө өмсч байсан хувцсаараа өөрийгөө боомилсон гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Хэргийн газраас гэрээслэл олдсон бөгөөд талийгаач өрөөндөө ганцаараа хоригдож байгаад амиа алдсан байдаг. Хорих ангийн хонгил болон өрөөнүүдэд байрлуулсан хяналтын камерын бичлэгүүдийг хэрэгт хавсарган, шалгаж эхэлсэн бөгөөд талийгаачийн үлдээсэн гэх гэрээслэлийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжлүүлэхээр хүргүүлжээ. Хэргийг одоо харьяаллын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Уг хэргийг Улсын мөрдөн байцаах газар, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм. Талийгаачийг үхэлд хүргэсэн шалтгаан нь хэн нэгний дарамт шахалт байв уу, эсвэл хэн нэгнийг амиараа хамгаалах шаардлага гарсан уу гэх мэт таамаг олон нийтийн дунд өрнөж буй. Гэхдээ талийгаачийн нас барсан шалтгааныг хуулийн байгууллага эцэслэн шийдэх юм. Түүнээс гадна талийгаач Л.Бямбааг нас барахдаа гэрээслэл үлдээсэн бөгөөд түүндээ "Өөөрийнхөө хүүг ямар нэг буруугүй" талаар дурдсан гэж эх сурвалж мэдээлж байна.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр талийгаач гаднын нөлөөгүй амиа алджээ. Түүнийг амиа алдахаас өмнө сэтгэл санаа нь тогтворгүй нааш цааш холхиж байсан дүр зураг хорих ангийн камерт бичигдэн үлдсэн байна. Талийгаач гурван хуудас бүхий гэрээслэлдээ “Аавыгаа сайн хайрлаж яваарай, миний хүү буруугүй хэмээн бичиж үлдээсэн гэнэ. Хорих ангид саатуулагдсан сэжигтэн амиа алдсан хэрэгт өчигдөр /2019.02.25/ хавтаст хэрэг нээж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт /2019.02.21/ Л.Бямбаагийн гэр болон ажлын байранд нэгжлэг хийж ноцтой нотлох баримтуудыг хураан авснаа өчигдөр мэдэгдсэн. Дараа нь талийгаачаас гурван цаг орчим мэдүүлэг авсны эцэст сэжигтнээр тогтоон цагдан хорих ангид 48 цаг саатуулжээ.
Авлигатай тэмцэх газраас өгч буй мэдээллээр талийгаачийг Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт нэр холбогдож хээл хахууль өгсөн гэх хэрэгт хамтран оролцогчоор шалгагдаж байсан гэлээ. Гэхдээ түүнийг хэчнээн төгрөгийн хахуулийн хэрэгт холбогдсоныг АТГ мөрдөн шалгах ажиллагааны нууц хэмээн тайлбарлаж мэдээлэл өгөөгүй билээ.
Хамгийн ноцтой нь төрийн тусгай хамгаалалттай газар талийгаач өрөөндөө ганцаараа гэрээслэл бичээд амиа хорлож байхад харуул хамгаалалт нь юу хийж байсан нь бас л эргэлзээтэй. Эх сурвалжийн мэдээллээр хэрэг гарсан орой 21.40 цагийн орчимд талийгаач амиа егүүтгэжээ. Тэгтэл үүнээс хоёр цагийн дараа хянагч нар түүнийг нас барсан гэдгийг мэдэж хорих ангийн даргадаа дуулгажээ. ШШГЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн хэлэхдээ "Талийгаач хоригдож байсан өрөөндөө ганцаараа байсан бөгөөд давхар орны дээд талын хөндлөвч төмөрнөөс хөхний даруулгын мөрөвчөөр хоолой боосон байсан гэв. Хяналт шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Хяналтын ажилтнууд болон давхрын харуулууд ажилдаа хайхрамжгүй хандсан, сонор сэрэмж алдсан гэх асуудлууд байгааг үгүйсгэхгүй. Иймд шалгалтын дараа бүх зүйл тодорхой болно. Ер нь өрөөг хянаж байдаг харуул хяналтын камераар 20-30 төхөөрөмж дээр хяналт тавьж ажилладаг. Харин хувцасных нь тухайд гэвэл тухайн эдэлж хэрэглэж байсан гадуур болон дотуур хувцастай орохыг зөвшөөрдөг. Сэтгэл санааны байдал ч анхаарал татах хэмжээнд байгаагүй" гэдгийг тодотгосон.
Талийгаачийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт сэжиглэн, эрх бүхий байгууллагаас 48 цагийн хугацаатай баривчилж, холбогдох хууль, журмын хүрээнд 2019 оны хоёрдугаар сарын 22-ны өдрөөс Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байжээ.
Талийгаачийн цогцсыг шүүхийн үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгч харьяаллын дагуу хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн талаар ар гэрийхэн нь тодотгосон.
Талийгаачийн ойр дотнын хүрээнийхэн түүнийг амиа хорлох сэтгэл зүйтэй хүн байгаагүй гэдгийг хэлж байна.
Хэвлэлийн хуудаснаа гарсанчлан талийгаачийн нэр төрийг сэргээлгэж, хариуцлага алдсан хянагч, байцаагчид хариуцлага тооцуулна гэдгээ мэдэгдсээр байгаа. Хорих ангид түүний бичиж үлдээсэн гурван гэрээслэлийн талаар хуулийн байгууллага болоод ар гэрийнхэн нь одоогоор ам нээгээгүй байна.
АТГ-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн нэр бүхий шүүгчдийг өнгөрөгч долоо хоногт шалгаж эхэлсэн. Дээрх нэр бүхий шүүгчид дотор талийгаачийн хүү Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат багтаад байна. Эх сурвалжийн мэдээлснээр шүүгч нар хөрөнгө орлогын мэдүүлгээ зөрүүтэй мэдүүлсэн эсвэл хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй гэнэ. Тиймээс гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа юм байна. Мөн шүүгчдийн албан үүргийг нь түдгэлзүүлэхийг прокурорын байгууллагад мэдэгдсэн ч тэд өнөөдрийн байдлаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа гэх мэдээллийг өглөө.
Э.АРИУН
Холбоотой мэдээ