Хүүгийнхээ аминд хүрсэн эцэгт эрүү үүсгэжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.13-нд нийтлэгдсэн

Хүүгийнхээ аминд хүрсэн эцэгт эрүү үүсгэжээ

-Хүүхэд хүчирхийлэлд өртөж болзошгүй тэр өдрөөс л хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг дэвшүүлж, ярьдаг байя-

Сэтгэл сэртхийлгэсэн хүчирхийлэл нийгэмд гарсаар. Хүүхэд хүчирхийлэлд өртсөөр, хэргийг хуулийнхан шалгасаар…   Эндээс харахад дараах асуултууд эзнээ хүлээнэ.  Хэзээ хөшигний цаадах хүчирхийлэл зогсох вэ? Хүүхэд хамгаалах төрийн байгууллага буюу  "Хүүхдийн төлөө үндэсний газар"  хэзээ ажлаа утгаар нь хийх вэ?

Хамгийн сүүлийн баримт:  Дөрөвдүгээр сарын 7.   Сонгинохайрхан дүүрэгт оршин суугч 42 настай Б нь гуравхан настай хүүгээ сандлаар зодож, амийг нь егүүтгэжээ.  Улмаар хуулийнхан сэжигтэн Б-г хорьж, хэрэгт эрүү үүсгэн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна. 

Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад Ё.Лхагвасүрэнгийн мэдээлснээр хүүгийн эцэг Б-г Эрүүгийн хэргийн тусгай ангийн 91.2.12 т зааснаар бусдын амь насыг харгис, хэрцгий аргаар хөнөөсөн гэдэгт буруутган мөрдөн байцаалтыг явуулж байна.

Баримт 2:  Найман настай охин хүчирхийлэлд өртлөө. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд оршин суугч 21 настай Ж гэгч нь энэ хэргийг үйлдсэн байна.  Сэжигтэнг Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.3-т зааснаар бага насны хүүхдийг биеэ хамгаалах чадваргүйг  далимдуулж, хүчирхийлсэн гэсэн зүйл ангиар буруутган, хэрэгт эрүү үүсгэн шалгаж байна.

Баримт 3:   Хоёрдугаар сарын 21.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд криминалистикийн шинжээчээр ажилладаг Т.Цогт, хамтран амьдрагч Г.Маралмаа нар дөрөвхөн настай бяцхан охины аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан.

ЦЕГ дээрх хэргийг шалгаж  дуусаад,  Дүүргийн нэгдүгээр прокурорын газарт шилжүүлсэн байна. Дүүргийн нэгдүгээр прокурорын газар хуулийн дагуу энэ хэргийг 14 хоногт шалган, хянаж дуусах ёстой.



Энд зөвхөн сүүлийн хоёр сард нийгмийг цочроосон хэргүүдийг дурдлаа.  2015 оны эхний гурван сарын тоон мэдээллээр хүүхэд хүчирхийлэлд өртсөн 33 хэрэг бүртгэгджээ. Дээрх статистик мэдээллээс харахад хөшигний ард үйлдэгдэх хүчирхийлэл хаана явааг харж болно.  Хүүхэд, хүчирхийлэлд өртөж, сэтгэл санаа, бие махбодь бүр цаашлаад амь насаар хохирсны дараа нийгэм цочирч, нийт олноороо дуугарах бус, хүүхэд хүчирхийлэлд өртөж болзошгүй тэр өдрөөс л хүүхдийн эрхийг хамгаалах, асуудлыг дэвшүүлж, ярьдаг байя. Хүүхдийг хамгаалдаг, Хүүхдийн төлөө үндэсний газар,  дарга И.Нарантуяа үндсэн үүрэгтээ анхаарлаа хандуулж, чиглэсэн ажлаа үр дүнтэй хийхийг дээрх гэмт хэргийн тоон мэдээлэл сануулсаар байна.

Д.УЛАМБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж