ОХУ, Хятадын дипломат харилцаа сүүлийн 20 жилд эрс сайжраад байна. Геополитик, эдийн засгийн хөгжил дэвшил нь хоёр орны дунд стратегийн шинэ орчин нөхцөлийг бий болгожээ. ОХУ нь газрын тос, байгалийн хийн арвин нөөцтэй бол Хятадын хурдацтай өсч буй эдийн засаг илүү их хэмжээний түүхий эдийг шаардаж байна. Түүнчлэн ОХУ болон Барууны хооронд үүссэн улс төрийн зөрчил, үл ойлголцол нь байгалийн хийн нийлүүлэлтэд саад учруулж эхэлсэн юм. Оросын газрын тосны худалдааны урсгалыг тогтвортой байлгахын тулд төрийн өмчийн Газпром компани болон Хятадын Үндэсний газрын тосны корпорацын хооронд хэлэлцээг эрчимжүүлэх улс төрийн шийдвэр гарчээ. ОХУ-аас Хятад руу байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум ам.долларын өртөгтэй Сибирийн хүч хийн хоолойн төслийн түүхэн гэрээг аль эрт 2014 онд байгуулж, 30 жилийн хугацаанд 38 тэрбум метр куб хий нийлүүлэхээр тооцжээ. Уг хоолойгоор хий дамжуулж эхлэх хугацааг ирэх арванхоёрдугаар сарын 1-нд гэж тогтсон аж. Үүний зэрэгцээ өөр шинэ хоолой барих төсөл хэлэлцээний шатандаа яваа аж. Ингэснээр Хятад улс нь ирэх 10 жилд Газпромын томоохон хэрэглэгч орон болох юм.
ЧУХАЛ ҮЕ
Сибирийн хүч-2 буюу Алтайн хоолойн яриа шинэ зүйл биш аж. Дэд бүтцийн асуудлыг хоёр тал аль хэдийн хэлэлцсэн боловч бүтээн байгуулалтын бодит төлөвлөгөөг боловсруулаагүй байгаа аж. Хятадын хувьд байгалийн хийн хэрэгцээ жил ирэх бүр нэмэгдэх төлөвтэй байна.
Байгаль орчны нөхцөл байдлаас шалтгаалан Хятад улс нь нүүрснээс байгалийн хийд шилжих бодлогыг хэрэгжүүлэхээр болсон. Ингэснээр Хятадын байгалийн хийн хэрэгцээ 2015 онд 23 хувиар өссөн байна. Түүнчлэн шингэрүүлсэн байгалийн хийн импорт 2018 онд 75 тэрбум куб метр болж өмнөх жилийнхээс 44 хувиар нэмэгджээ.
Одоогоор Хятад нь зөвхөн Төв Азиас байгалийн хий импортолж байгаа аж. Хятадын хэрэглээ цаашид ч өсөх төлөвтэй байгаагаас Хятадын дарга Ши Жиньпин өнгөрсөн онд Владивостокийн эдийн засгийн форумын үеэр ОХУ-ын төрийн тэргүүнтэй байгалийн хийн шинэ хоолойн хэлэлцээг дахин эхлүүлэхээр ярилцжээ. Төв Азиас хараат байдлаа бууруулснаар Хятадын алс баруун хязгаарын эрчим хүчний аюулгүй байдал хангагдах аж. Одоо байгаа дэд бүтэц нь Төв Ази ба Хятадын хоолой гэж нэрлэх ба А, В, С гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Үүгээр жилд 55 тэрбум куб метр байгалийн хий дамжуулах хүчин чадалтай. Харин D хоолойн төслийн ажил тус бүсээс хэт хараат болох Бээжингийн болгоомжлолоос болоод зогсонги байдалд оржээ. Хятадын Үндэсний газрын тосны корпораци нь Туркменистан дахь байнгын эд материалын доголдол нь хомсдол үүсгэж байгаад буруутгадаг. Түүнчлэн Казахстан улсыг байгалийн хийг зувчуулснаар 2012-2013 оны өвөл Хятадад хомсдол үүсгэсэнд харддаг аж.
ГАЗПРОМЫН ЭРТНИЙ МӨРӨӨДӨЛ
Европ тив Оросын газрын тосны хувьд хүндрэлтэй зах зээл болсон. ОХУ-аас болгоомжилсон хандлага өндөр байгаа энэ үед Хойд урсгал-2 хийн хоолойн бүтээн байгуулалтын ажил хүндрэлтэй тулаад байна. Түүнчлэн АНУ-аас Европын зарим орныг байгалийн хийн хоолойтой холбоотойгоор хориг арга хэмжээгээр сүрдүүлжээ.
Саяхан Европын холбооны сайд нар Хойд урсгал-2 төслийн талаар хэлэлцээр байгуулсан нь бүтээн байгуулалтыг хойшлуулах ч бүрэн зогсоохгүй гэх таамаг байна. Мөн Турк урсгал байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл ч эсэргүүцэлтэй тулжээ. Иймд ОХУ-аас байгалийн хий нийлүүлэгч орноо нэмэгдүүлж, зах зээлээ тэлэхэд анхаарч байна. Баруун Сибирь дахь одоогийн дэд бүтцийг ашиглавал Газпром нь Хятад руу байгалийн хий нийлүүлэх төслийг илүү хямдаар хэрэгжүүлэх боломжтой аж.
Эх сурвалж: Oilprice.com
Холбоотой мэдээ