Хаврын улс төрийн ялагч нь МАХН

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

Хаврын улс төрийн ялагч нь МАХН

Хаврын чуулган хуваарь ёсоор дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийнэ. Чуулган завсарласан хэдий ч улс төр бужигнаантай, Ерөнхийлөгчийн зүгээс гуравдугаар сарын 1-ний дотор ээлжит бус чуулган хуралдуулахыг УИХ-ын даргад албан ёсоор хүсэлт, албан бусаар шахалт тавьж буй. Гэвч, одоогоор ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тов гараагүй байна. Хэдий Төрийн ордон нам гүм байгаа ч зургадугаар сард болох Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тоглолтууд хэдийн эхэлсэн. Ерөнхийлөгчийн довтолгоо үргэлжилж байгаа бол өөрийн хүнээ парламентын даргаар тавьсан МАН-ын даргын улс төр улам эрчимж байна. Сөрөг хүчин болох АН асуудалтайгаа зууралдсан хэвээр, энэ бүгдээс ашиг унагаахын горилж байгаа ганц хүн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр. Парламент дахь тус намын ганц төлөөлөл О.Баасанхүүтэйгээ таарамж муутай болсон МАХН-ынхан даргаа хаврын улс төрд сойж, УИХ-ын гишүүн болгох том зорилготой, үүнийг нь Ерөнхийлөгч балиашиглаж байгаа гэсэн яриа Саарал ордноос сонсогдож буй юм.

ЭРХ БАРИГЧИД СЭЛГЭЭ ХИЙЖ, ЖДҮ-ЧИДЭЭ АВРАХ УУ?

Эрх баригч намын хувьд ирэх хаврын чуулган олон сорилттой тулгарах шинжтэй. Хагарсан шаазан эвлэдэггүй шиг тал дундуураа цуурсан МАН нэгдэж нийлэх нь өнгөрч байх шиг, ямар ч байсан эрх барьж байгаа дөрвөн жилдээ хэрүүл зодоонтой хэвээр байх бололтой. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах Ерөнхийлөгчийн хүсэлтэд парламентыг намрын чуулганаар хийгээгүй ажлаа хийхийг хүссэн. Энэхүү хүсэлт нь ерөнхийдөө АТГ, прокурор, Аудитын ерөнхий газар, Монголбанкны ерөнхийлөгч зэрэг хүмүүсийг солиход чиглэгдэж байгаа нь ил тод. Ялангуяа хуулийн байгууллагын зарим удирдлагыг сольж, ЖДҮ-чидээ авч үлдэх боломжийг эрэлхийлж байгаа сурагтай. Гэвч ЖДҮ-чдийг хэвтүүлэхээр хөдөлгөөн байгуулж, бүр жагсаал хүртэл зохион байгуулахаар хэсэг бүлэг хүмүүс хөдөлж эхэлсэн бөгөөд тэднийг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх асан М.Хүдэрбаатар тэргүүлээд эхэлсэн нь Ардчилсан нам, тэр дундаа Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуягийн улс төр эхлэв үү гэлтэй. Эндээс харахад Н.Алтанхуягийн ард Ерөнхийлөгчийн улс төр ч явж байх магадлал бий.

ЖДҮ-чдийн эсрэг хэвтүүл хөдөлгөөний ард хэн ч байсан ард түмнийхээ халаас руу дүрсэн учраас ЖДҮ авсан гишүүдэд хариуцлага тооцох нь нийгмийн хүлээлт. Энэ хүлээлтийг биелүүлэх үү эсвэл арьсаа хамгаалаад үлдэх гэдэг эрх баригч намын дарга У.Хүрэлсүхэд хүндхэн даваатай учрах нь. Түүнээс өмнө эрх бүхий хуулийн байгууллагын удирдлагуудыг сольж чадахгүй бол, нийгмээс нэмэх оноо авна гэдэг юу л бол.

Эрх баригчдын зүгээс ирэх хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөж буй. УИХ-ын шинэ дарга ч “Бидэнд ухрах зам үгүй, тиймээс хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх ёстой” хэмээн ажлын хэсгийнхнийг шамдуулаад буй. Хэрэв эрх баригчид хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг оруулж ирнэ гэвэл Ерөнхийлөгчийн эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй. Тиймээс энэ хавар эрх баригчдын хувьд сонголт, сорилтоор дүүрэн байх болов уу.

АРДЧИЛСАН НАМ С.ЭРДЭНИЙГ СОЛИХ УУ?

УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын гавьяагаар сөрөг хүчин болох Ардчилсан нам бүлэггүй болж буй. Тэд эрх баригч намын даргын хүслийн төлөө тэмцэж, бүлгээ задалж, сул гишүүд болсон. Тиймээс Ардчилсан нам хаврын чуулганаас эхлэн бүлэггүй бол, зөвлөхийн статустай болно. Мэдээж сөрөг хүчин бүлэггүй байна гэдэг улс төрийн хувьд хүндхэн нөхцөл байдал. Завсарлага авах, санал дүгнэлтээ өгөхөөс эхлээд бүлэггүйн зовлон олон бий.

Тэгвэл хаврын чуулганаар АН бүлэггүй болохтой зэрэгцэн Ардчилсан намын даргыг солих “ажиллагаа” эхэлсэн гэх яриа улс төрийн хүрээнд төдийгүй, АН дотор ч яригдах болов. 2016 оны сонгуульд ялагдсан Ардчилсан нам дотооддоо шинэчлэл хийж, намын даргаа нийт гишүүдээсээ сонгодог зарчмаар С.Эрдэнийг олонхиороо сонгосон. Түүнээс хойш АН-д олон шинэчлэл хийгдэж байгаа  ч намын даргадаа сэтгэл хангалуун бус гишүүд нэмэгдсээр байгаа сурагтай. АН нэг хүний нам боллоо, намын дунд шат С.Эрдэнийн хүнээр дүүрэх боллоо, намынхаа Үндэсний бодлогын хорооны гишүүдийг хассан, С.Баярцогтыг намаасаа хөөсөн гээд С.Эрдэнэ өнгөрсөн хугацаанд хасах оноо олныг цуглуулсан. Тиймээс С.Эрдэнийг намын даргаас нь чөлөөлж, түүний суудлыг хэд хэдэн хүн горилж яваа гэх бор шувуу Ардчилсан нам дотор ниснэ лээ.  Бүр Ерөнхийлөгчтэй нилээн ойр хүн ч санаатай байгаа гэх юм билээ. Хаврын чуулганаар АН УИХ-д бүлэггүй болж, дотооддоо дахин шинэчлэл, өөрчлөлт хийх бололтой.

ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛИЙГ МАХН ӨНГӨЛӨХ ҮҮ?

УИХ-ын залуу гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүнээсээ чөлөөлөгдөж, Хэнтий аймагт нөхөн сонгууль зохион байгуулахаар болсон. Өнгөрсөн оны аравдугаар сард болох байсан ч Цэцийн дүгнэлт гарснаас нөхөн сонгууль хойшилсон. Гэвч намрын чуулган хаахын өмнө Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуулийг товлон зарлаж, ирэх хавар зургадугаар сарын 30-нд зохион байгуулах шийдвэр гарсан. Түүнээс өмнө хэн нэгэн захиалгатай, захиалгагүйгээр Цэцэд хандчихгүй бол нөхөн сонгууль болдгоороо болно. Нөхөн сонгууль улс төрийн 28 нам оролцох боломжтой. Гэхдээ энэ удаагийн нөхөн сонгуульд улс төрийн гурван том хүчин болох АН, МАН, МАХН-ын хувьд ирэх 2020 оны сонгуулийн сорилт болно. Чухам энэ нөхөн сонгуулиас аль намын рейтинг хаана явна, хэн гэдэг улстөрч өнгөлж явааг улстөрчдийн рейтинг тогтоодог судалгаанаас илүү харуулна. Тиймээс аль аль нам нь энэ сонгуульд ач холбогдол өгөх болов уу гэсэн таамаг бий. Гэвч энэ удаагийн сонгуульд МАН, АН хэнийг ч дэвшүүлсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр гараад ирэх болов уу гэсэн таамаг улс төрийн хүрээнд яригдаж байгаа юм. Түүний хувьд ч өнгөрсөн хугацаанд хэнтийчүүдийг тойглож, ойр ойрхон Хэнтийг зорих болсон, намуудын дотооддоо хийдэг судалгаагаар ч хамгийн өндөр оноо авч байгаа зэрэг нь энэ хаврын хамгийн чухал нөхөн сонгуулийн ялагч нь МАХН-ын дарга Н.Энхбаяр байх болов уу гэсэн таамаг улс төрийн хүрээнд сүүлийн үед хүчтэй яригдах болов.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй, хуулийн байгууллагын удирдлагуудын халаа сэлгээтэй, нөхөн сонгуультай халуун хаврын улс төр ч хаяанд иржээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж