"Нийгмийн ёс суртахууны доройтлыг  “Бүсгүйн зурвас” өгүүлнэ"

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

"Нийгмийн ёс суртахууны доройтлыг  “Бүсгүйн зурвас” өгүүлнэ"

"Нийгмийн ёс суртахууны доройтлыг  “Бүсгүйн зурвас” өгүүлнэ"

Нэртэй төртэй төрийн түшээ сайд Архайтай хөрөг ярилцлага хийхээр цаг тохирсон сэтгүүлч бүсгүй сайдын гэрт очиж буйгаар “Бүсгүйн зурвас” жүжиг эхэлнэ. Ийн ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны шинэхэн бүтээлээ үзэгчдэд хүргэх гэж байна . Ингээд тус театрын ерөнхий зураач Т.Ганхуягтай ярилцлаа.


-Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2019 оны шинэ бүтээл болох “Бүсгүйн зурвас” жүжгээ үзэгчдэдээ хүргэхээр тун завгүй ажиллаж байна. Шинэ жүжгийн бэлтгэл ажил хэдэн хувьтай байгааг сонирхож болох уу?

-Ер нь ямар ч жүжгийн бэлтгэл ажил 3-6 сарын өмнө эхэлдэг. Үүний адилаар “Бүсгүйн зурвас” шинэ жүжгийн маань зохиолын сонгон шалгаруулалт өнгөрөгч арваннэгдүгээр сарын сүүлчээр болж, зохиол дээрээ ажилласан. Харин жүжгийн ерөнхий зураачийн ажил эрт эхэлдэг. Театрын зураачийн ажил жүжгийн зохиол сонгогдсон өдрөөс л эхэлнэ. Тиймээс “Бүсгүйн зурвас” жүжгийн тайзны зураг эскиз гаргах ажилдаа арванхоёрдугаар сард ороод, оны дараа Уран сайхны зөвлөлөөрөө зураг эскизээ батлуулсан. Үүний дараагаар жүжгээ яг үзэгчдэд хүргэхээр бэлэн боллоо шүү гэж үзээд дахин Уран сайхныхаа зөвлөлд шалгуулдаг. Тэгэхдээ энэ жүжгийн анхны санаа гарсан байна уу, ярьсан шигээ зураг эскизээ хийсэн үү, өнөөдрийн нийгмийг хэрхэн өгүүлж байна вэ гэдгийг нягталж шалгадаг гэсэн үг. Өнөөдрийн байдлаар шинэ уран бүтээлийн маань тайз, бүх хувцас хэрэгсэл маань бэлэн болсон. Маргааш театрынхаа Уран сайхны зөвлөлд шалгуулах гээд байж байна даа.

-Яагаад заавал зохиолч Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” зохиолоос сэдэвлэх болов?

-Драмын театрын уран бүтээлийн зохиолын сонголтыг хийх давуу эрх ерөнхий найруулагчид бий. Найруулагч өөрөө энэ зохиолоор хийх эмзэглэл төрж байж бүтээл төрдөг шүү дээ. Тиймээс Н.Наранбаатар найруулагч “Бүсгүйн зурвас” жүжгийг яг одоо л энэ театрын тайзнаа тавих цаг болжээ гэж үзэж, сонголтоо хийсэн биз.

Бид өнөөдөр мэдээллийн зуунд амьдраад байгаа юм шиг хэрнээ тэр олон мэдээллийг хэрхэн хүлээн авч байна вэ? Энэ бол манай нийгмийн нэг эмзэглэл болоод байна шүү дээ. Өнөөдөр хэн үнэн, хэн худлаа яриад байгаа юм бэ. Тэр мэдээллийн үнэн, худлыг хэн шүүж, тунгаах ёстой юм бэ. Энэ замбараагүй мэдээллээс болоод бидний хойч үед сөргөөр нөлөөлж, монгол уламжлал, дархлаа устаж байна. Ард түмэн улс төрд сонголт хийхдээ юуг сэтгэл зүрхэндээ бодож явах ёстойг энэ бүтээлээрээ дамжуулан үзэгчдэд ойлгуулна. Ард түмэн маань “Дотроо бодолтой, дороо суурьтай” байхыг л энэ жүжгээрээ өгүүлэх болно.

-Зохиолч Л.Өлзийтөгсийн зохиол “Бүсгүйн зурвас” жүжгийн тайз, чимэглэл, хувцас эдлэл хэрэгслийг тун өвөрмөцөөр шийдэж, орчин цагийн сценографийг ашиглаж байгаа гэв үү?

-Орчин цагийн сценограф гэдэг нь тодорхой дүрийг л илэрхийлж буй юм. Жүжигт таван гол дүр байдаг бол зургаа дахь дүр нь тайз байдаг. Үзэгчид тухайн жүжгийн тайзыг хараад жүжгийн хэлэх гэсэн санаа, утга агуулгыг тайз, хувцас, дүрээр дамжуулан ойлгодог. Үүнийг л сценограф гэж хэлээд байгаа юм. Сценограф бол ямар ч цаг үед, ямар ч жүжигт хийсэн шинэлэг өнгө төрхийг байнга шаарддаг. Үргэлж шинийг эрэлхийлж, шинэ санааг шаардаж байдаг тайзны шийдэл л дээ. Театрын тайз, эскиз цоо шинэ биш л дээ. Гэхдээ “Бүсгүйн зурвас” жүжигтээ шинэлэг байж магадгүй. Бидний ажилд үзэгчид л дүн тавина шүү дээ. Бидний хувьд үзэгчдийн сэтгэлд л нийцсэн жүжиг, тайзыг хийх ёстой.

-Театрын ерөнхий зураачийн хувьд “Бүсгүйн зурвас” жүжгийн тайзаараа юуг өгүүлэхийг зорьж байна вэ?

-“Бүсгүйн зурвас” шинэ уран бүтээлийн зураачийн гол санаа бол нийгмийн олон санааг давхцуулж хийж байгаагаараа онцлог. Учир нь хамгийн сүүлийн үеийн урлагийн ертөнцийн чиглэл өрөг буюу инстоляци. Энэ өрөг урлаг нь олон санааны нэгдэл шүү дээ. Үүнтэй адил “Бүсгүйн зурвас” жүжгийн тайз, декорацын санаа бол жүжгийнхээ агуулгыг бүхлээр нь агуулж байгаа. Жишээлбэл, театрын тайз дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн хэрэгслийн талаар өгүүлнэ. Монголчууд төрт ёсны уламжлалтай. Бид одоо ч төрийн хар хүн гэж ярьдаг. Төрийн хар гэж ямар хүн юм бэ, хүмүүний амьдралын дотоод сэтгэлийн энэрэл, хайр, нигүүсэл энэ бүхэн байхгүй болбол бидний ёс суртахуун яаж доройтож байна вэ. Ерөөсөө  “Бүсгүйн зурвас” жүжгээрээ энэ нийгмийн ёс суртахууны доройтлын тухай л тайз, декорац тэр чигээрээ дуугарч байгаа.

-Уран бүтээл хийх явцад олон л бэрхшээлтэй тулгардаг байх. Жүжгийн зураг, эскизийг гаргахад бэрхшээлтэй зүйл гарсан уу?

-Уран бүтээлчид алхам тутамдаа л бэрхшээлтэй тулгардаг. Анх жүжгийнхээ зураг, эскизийг театрынхаа Уран сайхны зөвлөлөөр батлуулна. Жүжгийн зураг макетууд нь бодит тайзан дээрээ бага зэрэг зөрдөг. Заримдаа бодож байсан зүйл маань буруу өнцгөөс харагдах тохиолдол ч гарна. Жишээлбэл, “Бүсгүйн зурвас” жүжгийн тайзны өнгөн дээр маш их санал ирнэ. Ерөнхий зураачаас гадна жүжигчид, найруулагчаас саналаа хэлнэ. Жүжгийн найруулагч “Би энэ жүжгийн тайзыг тод улаанаар бус бор өнгөөр харж байсан” гэх мэт.  Ерөнхий зураач бас тэс өөр өнгөөр хардаг байх жишээтэй. Энэ мэт тухайн жүжгийн санаагаа төгс илэрхийлэхийн тулд алхам бүртээ л санал солилцдог.

-Яг энэ тайзны ард хэчнээн уран бүтээлчид ажиллаж байна вэ?

-Улсын драмын эрдмийн театрт ерөнхий зураачийн удирдлага дор тайз, декорац, хувцас хийдэг үйлдвэрлэлийн баг ажилладаг. Энэ багт мужаан, туслах зураач, конструктор зураач, оёдолчин, нүүр хувиргагч, хөдөлгөөний, тайзны гэрэлтүүлэгч зэрэг 50 орчим ажилтан ажилладаг. Ерөнхий зураач ямар хэлбэр дүрстэй, ямар өнгө будагтай, ямар шийдэлтэй байна гэдгийг нарийн гаргаж өгөөд, ажилчдадаа хуваарилж, хэд хоногийн дараа гаргахаа төлөвлөдөг. Их хариуцлагатай ажил л даа.

-Улсын драмын театрын уран бүтээлчид хэдхэн хоногийн дараа 2019 оны шинэхэн уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэх гэж байна. Театрынхаа уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?

-Өнгөрөгч намар цагийн нээлтээрээ театрын уран бүтээлчид маань “Оддын өвчин” жүжиг тоглосон. Мөн одоогоос яг жилийн өмнө “Би эндээс явахгүй” хэмээх Э.Оюун гуайн 100 жилийн ойд зориулан хуучин жүжгээ шинэчлэн тоглосон. Энэ жүжиг маань үзэгчдэд сайн хүрч, орлогоо давуулан биелүүлсэн байдаг.

Улсын драмын эрдмийн театрын уран сайхны бодлого урт, дунд, ойрын хугацааны гэж ангилдаг. Театрын уран бүтээлчид маань 2019 онд төлөвлөгөөт гурван уран бүтээл туурвих ёстой. Нэгдүгээрт нийгмийн залуус руу чиглэсэн драмын жүжиг тавих төлөвлөгөөтэй. Мөн ирэх зургадугаар сарын 1-нд бага насны хүүхдүүдэд зориулсан уран бүтээл хийнэ. Хойч үедээ анхаарахгүй бол болохгүй. Тиймээс манай театрын уран бүтээлчид хүүхдэд зориулсан бүтээлийг жил бүр хийхийг боддог. Ирэх намар бас дахин томоохон хэмжээний уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байна. Бид төсвийн байгууллага учраас уран бүтээлийн зардалдаа багтан тухайн жилийнхээ бүтээлийг хийдэг.

-Монголын театр урлагийн салбарт боловсон хүчний асуудал хөндөгдөж байгаа. Драмын театрын хувьд шинэ боловсон хүчин хэр дутагдалтай байна вэ?

-Тийм. Монголын театр урлагийн салбарт боловсон хүчний асуудал тулгамдаад байна. Өнөөдөр бидэнд найруулагч дутагдалтай байна. Зураач мэргэжилтэн бүр дутагдалтай. Хуучин цагт ЗХУ-ын Киевийн Театр урлагийн их сургуульд мэргэжлийн конструктор зураач, гэрлийн найруулагчийг бэлтгэдэг байсан. Энэ нь Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш тасалдсан. Бид өнөөдөр боловсон хүчнээ дотооддоо бэлтгэж байгаа  боловч бас чамлалттай л байна. Ганц манай театр ч бус Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт өнөөдөр ерөнхий найруулагч байхгүй байна. Би сая хөдөө орон нутагт явж байхад найруулагч, зураач, жүжигчин, хөгжимчин дутагдалтай байх жишээтэй.

"Бүсгүйн зурвас" нийгмийн уянгын драм

УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР ҮЗҮҮЛЖ БАЙНА.Хоёр өөр орчинд хүн болж өсчихөөд бие биендээ уусна нэгдэнэ гэдэг амаргүй даваа. Бүхий л цаг хугацааны туршид хайр улам цэцэглэж , бас үгүй болдог"Бүсгүйн зурвас" нийгмийн уянгын драм 2019 оны 3-р сарын 1-нээс өдөр бүр /Ажлын өдрүүдэд 19:00 цагт//Амралтын өдрүүдэд 18:00 цагт/ Зохиолч Л.Өлзийтөгс Ерөнхий найруулагч Н.Наранбаатар /ТС/Ерөнхий зураач Т.Ганхуяг /СТА/Хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч Г.Ган-Очир /СТА/Ассистент найруулагч А.Чингүн /СТА/Туслах найруулагч О.Итгэл#ДүрүүдэдАрхай-Б.Жаргалсайхан /МУГЖ/, С.Болд-Эрдэнэ /СТА/, Итгэл-Б.Золзаяа, М.Тогтохжаргал /СТА/Туяа-Г.Урнаа /МУГЖ/, Ж.Оюундарь /МУГЖ/Б.Шинэбаяр /СТА/, С.Сарантуяа АЖ, Л.Дэмидбаатар /МУГЖ/, Ж.Пүрэвдорж /СТА/, Б.Одончимэг /СТА/, Э.Тодгэрэл /СТА/, Д.АсардарьП.Мягмарсүрэн, Ц.Төгсбилэгт, Г.Номуун,О.Сүххуяг, Ц.Цэлмүүн, Ц.АнхбаярТАСАЛБАРЫН ҮНЭ: 10.000₮, 15,000₮, 20,000₮, 25,000₮, 30,000₮VIP 50,000₮/Суудлын зэрэглэлээс хамаарна/ТАСАЛБАР ХУДАЛДАН АВАХ:✔️УДЭТ-ын касс /70118187/✔️WWW.TICKET.MN,✔️ҮНЭГҮЙ ХҮРГЭЛТ: 1900-1800Жүжиг мэт амьдралд – Амьдарч буй мэт жүжиглэсээр орших…

Posted by Улсын Драмын Эрдмийн Театр on Wednesday, February 20, 2019

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж