Улсын бүртгэлийн ерөнхий газраас гадаад паспорт, иргэний үнэмлэхийг онлайнаар захиалдаг үйлчилгээг гуравдугаар сарын 15-наас нэвтрүүлэх гэж байна. Тодруулбал, Улсын бүртгэлийн багц хуулийн журамд заасны дагуу улсын бүртгэлийн газрын эд хөрөнгийн бүртгэл 100 хувь, иргэний улсын бүртгэл 99 хувь, хуулийн этгээдийн бүртгэл 95 хувь цахимжих юм байна. Энэхүү бүртгэлийн сүлжээг боловсронгуй болгох төслийг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлжээ.
Эхний ээлжинд 12 аймгийн 39 сум, нийслэлийн хоёр дүүргийн 11-н хороог нэгдсэн сүлжээнд холбожээ. 2019 оны есдүгээр сарын 1-н гэхэд Монгол орны 220 сум бүгд бүртгэлийн сүлжээнд холбогдож, иргэд сумаасаа бүртгэлийн үйлчилгээ авах боломжтой болох юм.
Түүнчлэн сумын иргэн улсын бүртгэлийн үйлчилгээ авахын тулд 2-290 километр зам туулж, 2-19 цаг зарцуулж, 10-250 мянган төгрөгийн зардал гаргаж, аймгийн төвийг зорьдог байсан бол Улсын бүртгэлийн сүлжээнд холбогдсоноор иргэд сумын төвөөсөө үйлчилгээ авч цаг, мөнгөө хэмнэх боломжтой болох аж. Ингэснээр Монгол Улсын иргэн гадаадад байсан ч, бүртгэлийн сүлжээнд холбогдсон сум, хорооноос ч гадаад паспорт, иргэний үнэмлэхээ онлайнаар захиалах боломж бүрдэх гэнэ.
Мөн гадаад паспортын хугацаа дуусах дөхөж байгааг нь сануулж иргэний гар утсанд мессеж очих юм байна.
Одоогийн байдлаар иргэд харьяалал харгалзахгүйгээр дараах арван цэг болох Баянгол, Сүхбаатар,Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Дүнжингарав, Драгон, Мишээл, 7-н буудлын Оргил худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандсанаар гадаад паспортаа энгийн, яаралтайгаар захиалан авч байна. Энгийнээр /32500 төгрөг/ захиалсан тохиолдолд ажлын арван хоногт, яаралтайгаар /42500 төгрөг/ бол ажлын гурван хоногт гарна гарч буй.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ