Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн захирал Ө.Энхтөрийг чөлөөлжээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр түүнийг өнгөрсөн долоо хоногийн баасан гариг буюу хоёрдугаар сарын 22-нд чөлөөлсөн байна. Одоогоор чөлөөлсөн үндэслэл тодорхойгүй байгаа юм.
Одоо тус сургуулийг тэргүүн дэд захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ удирдаж буй аж. Дараагийн шинэ захирал томилогдтол ажлыг нь түр орлох юм байна.
Сануулахад, Хууль сахиулахын их сургуулийн захирлаас чөлөөлөгдөөд байгаа Ө.Энхтөр нь 2013-2016 онд Авлигтай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байсан бол 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдон ажиллажээ. Хууль зүй, дотоод хэргийн яамыг сайд асан С.Бямбацогт удирдаж байхад Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилогдсон. Гэвч Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж түүнийг 2017 оны аравдугаар сард чөлөөлж, улмаар Хууль сахиулахын их сургуулийн захирлаар томилсон ч жил гаруйн дараа чөлөөллөө.
Г.ХОРОЛ