АНУ-ын Калифорни мужид одоогоос 41 жилийн өмнө 24 настай бүсгүй Ронда Вич дөрвөн настай хүүгийн хамт бусдын гарт амиа алдсан хэрэг гарсан юм. Уг хэрэгт түүний найз залуу Крэйг Колиг буруутгаж, түүнд бүх насаар нь хорих ял оноожээ.
Гэвч 39 жилийн дараа энэхүү хэргийг дахин шалгаж, Колиг гэмт хэрэгтэн биш гэдгийг ДНК-ийн шинжилгээгээр тогтоосноор түүнийг 2017 онд цагаатган сулласан байна. Калифорни мужийн Сими Вали хотын захиргаа хилсээр гүтгэгдсэн 71 настай Колид 21 сая ам.долларын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргаснаа Бямба гаригт /2019.02.23/ зарлажээ. Харин хэргийг үйлдсэн жинхэнэ гэмт хэрэгтэнг одоог хүртэл олоогүй байгаа аж.
Хэрвээ шүүхэд дахин зарга үүсгэж хохирлоо барагдуулах юм бол маш их цаг хугацаа, зардал мөнгө шаардлагатай болно гэж үзээд түүнд дээрх мөнгийг шууд олгохоор болсон байна. Мөн Колигийн эцэг эх хүүгээ шоронд хоригдох үед өмгөөлөгч хөлслөхийн тулд амьдарч байсан байраа барьцаанд тавьж, асар их хохирол амсаж байсан бөгөөд Колиг шоронд байх хугацаанд өөд болцгоожээ.
Эх сурвалж:CNN