Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын тушаалаар нэг сая мод ургуулах хөдөлгөөнийг улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ. Сүүлийн жилүүдэд байгалийн аюулт үзэгдэл, хүний санаатай, санамсаргүй үйл ажиллагаанаас болж ой мод өдрөөс өдөрт хомстож байна. Энэ ч утгаараа байгаль орчноо хамгаалах, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд улсын хэмжээнд 1 сая мод ургуулах хөдөлгөөн зарлагдаад байна.
Энэ нь модыг тариад орхих биш цаашид арчлан хамгаалж ургуулахад хөдөлгөөний агуулга зорилго оршиж байна. Тус хөдөлгөөнийг зохион байгуулах хэрэгжүүлэх чиглэлд ажлын хэсгийн ахлагчаар аймгийн засаг даргын орлогч Д.Энхбат, БОАЖГ, хотын захирагчийн алба, ЦНБОӨҮГ, сум дундын ойн анги, залуучуудын холбоо зэрэг байгууллага багтаж байна.
1 сая мод ургуулах хөдөлгөөнд мөн хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил хийгдэхээр тусгагджээ. Түүнчлэн энэхүү хөдөлгөөний хүрээнд аймаг сумдын дунд болзолт уралдаан зарлагдсан. Тэргүүлсэн аймаг 8 сая, сум 4 сая төгрөг-ний урамшуулалтай гэнэ. Харин энэхүү хөдөлгөөнд албан ёсоор оролцож өөрийн хүчээр мод тарих боломжгүй иргэд, аж ахуй нэгж байгууллагын хандивыг тусгай дансанд төвлөрүүлэх юм байна.
Төвлөрсөн хөрөнгийг тарьсан модны арчилгаа хамгаалалтад зарцуулах юм. 2014 оны байдлаар манай аймагт хавар намар нийтдээ 26233 ширхэг мод таригдсан . Энэхүү ажилд 440 орчим ААН,1300 гаруй иргэн хамрагджээ.Манай аймгийн газар нутгийн 18 орчим хувийг ойн сан эзэлдэг байна.
Эх сурвалж: http://erdenetinfo.mn