Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс өнөөдөр "Татвар төлөгчдийн өдөр" болон Татварын мэргэшсэн зөвлөх нийгэмлэгийн 10 жилийн ойд зориулан онлайн олимпиад зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хуралд Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Д.Шинэбаатар, Татварын ерөнхий газрын Татвар төлөгчдөд үйлчлэх газрын дарга Д.Баяраа, “Новософт” ХХК-ийн захирал Э.Тогтуун нар оролцов.
Тус олимпиад нь татварын бүртгэлийн чиглэлээр орон даяар нээлттэй зохион байгууллагдах бөгөөд оролцогчдын ур чадварыг нээн илрүүлэх, мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, журам стандартын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хэрэглээ бий болгох зорилготой бөгөөд татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч, нягтлан бодогч, татварын улсын байцаагч, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж буй оюутнууд оролцох боломжтойг онцлов.
Энэ удаагын олимпиадын зохион байгуулагчаар Татварын мэргэжсэн зөвлөхийн нийгэмлэг, “Новософт” ХХК, хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн татварын ерөнхий газар, дэмжигчээр Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллах аж.
Олимпиад нь хоёр үе шаттай явагдана бөгөөд эхний шатны шалгаруулалт дөрөвдүгээр сарын 28-нд 14.00-18.00 цагийн хооронд, дараагийн шатны шалгаруулалт тавдугаар сарын 7-нд болох юм байна.
Б.АМАРЖАРГАЛ