Иргэний оролцооны соёлыг зөвшөөрөх цаг болжээ

Хуучирсан мэдээ: 2015.04.13-нд нийтлэгдсэн

Иргэний оролцооны соёлыг зөвшөөрөх цаг болжээ

Төрийн байгууллагын зүгээс иргэний оролцооны соёлыг хүлээн зөвшөөрөх цаг нь болжээ


Иргэдийн оролцоо, шууд ардчилал болон төвлөрлийг сааруулах асуудал Монгол Улсын түвшинд ямар байгаа болон цаашид юунд анхаарах шаардлагатай байгаа талаар МУИС-ийн багш, доктор, дэд профессор А.Энхбаттай ярилцлаа.

-Бид ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш 25 жил боллоо. Ардчиллын үйл явц өнгөрсөн хугацаанд ямар байв? Судлаачийн хувьд та байр сууриа илэрхийлнэ үү?

-Ардчилал гэдэг нь иргэдийн зүгээс төрийн хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанд шууд иргэдээс эсвэл иргэдээс сонгогдсон төлөөлөгчдөөр дамжуулан нөлөөлөхийг хэлдэг. Ардчиллын үзэл баримтлалын хамгийн чухал бүрэлдүүн хэсэг нь ард түмэн. Өнөөгийн ардчилалд иргэдийн санаачилга болон бүх нийтийн санал асуулга гэсэн хоёр төрөл ихээр ажиглагдаж байгаа. Ардчиллын үйл явцын талаар олон үзэл бодол, байр сууриар судлаачид үгээ хэлэх байх гэж бодож байна. Миний хувьд гурван гол зүйл дээр өнгөрсөн хугацаанд бид анхаарлаа хандуулах шаардлагатай байж гэж боддог, энэ нь нэгдүгээрт, ил тод, нээлттэй байдал, хоёрдугаарт иргэдийн оролцоо, гуравдугаарт хариуцлагын зарчим. Иргэдээс төрийн үйл ажиллагаанд нөлөөлөх нөлөөллийг бий болгохын тулд иргэд мэдээллээр хангагдсан байх шаардлагатай. Ил тод байдал гэдэг бол нээлттэй, харилцаа холбоотой, хариуцлагатай байхыг хэлдэг ба зайлшгүй хангагдаж байх ёстой нөхцөл юм. Төрийн зүгээс ил тод байдлыг бий болгосон тохиолдолд иргэдийн идэвхитэй оролцоо оршин тогтнох боломжтой ба нөгөө талаар төрийн зүгээс чухам юу хийсэн бэ гэдгийг нарийн хянах явдал. Төрийн ил тод байдал нь иргэдийн оролцооны зарчимтай салшгүй холбоотой. Иргэдийн бодит оролцоо хангалттай, шаардлага хангасан мэдээлэл байгаа тохиолдолд хэрэгжинэ. “Төрийн хэрэгт иргэдийн оролцоо” гэдэгт санаачилга болон дэг журам нь иргэдийн гарт байхыг ойлгодог, гэхдээ оролцооны үйл явцыг төрийн байгууллага удирдан зохион байгуулдаг. Иргэдийн оролцооны дараахь хэлбэрүүд байдаг: олон нийтийн санаачилга, иргэдийн баг, бүх нийтийн санал хураалт. Харин төр олон нийтийн өмнө үйл ажиллагаагаа тайлбарлах, нотлох үүрэг хүлээнэ.

-Ил тод, нээлттэй байдал, иргэний оролцоог бий болгоход олсон амжилт болон хүндрэл, бэрхшээл юу байна гэж та үзэж байна?

-Энэ чиглэлд сүүлийн таван жилд тодорхой алхмууд хийгдлээ. Төсвийн тухай хуулийн Орон нутгийн хөгжлийн сангийн талаархи хуулийн заалтууд, Мэдээллийн ил тод байдал, Мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулийг УИХ батлан, хэрэгжүүлж эхэлсэн. Жишээлбэл, 2013 онд ОНХС-д улсын хэмжээнд 287 тэрбум төгрөг хуваарилагдаж, 5000 гаруй төсөл, арга хэмжээг санхүүжүүлсэн бол 2014 онд 204 хуваарилагдаж, Төсвийн хуулийн 63-р зүйлд заасны дагуу ОНХС-ийн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар баг, хороодын иргэдээс санал авч, эрэмбэлэх замаар шийдэж, үүнийгээ ИТХ-р батлан хэрэгжүүлсэн. Монгол Улсын түүхэнд, тодруулбал, төсвийн харилцааны түүхэнд ийнхүү анх удаа улсаас хөрөнгө оруулалтын зориулалтаар сан байгуулж, тус сангийн хөрөнгийг иргэд өөрсдөө мэдэж, шийдэх тогтолцоо 2013 оноос эхлэн хэрэгжиж байна. Аливаа шинэ бодлого хэрэгжиж, үр дүнгээ өгөх хүртэл тодорхой хугацаа шаардагдана. ОНХС-ийн тогтолцоог иргэд ихээхэн дэмжиж байна. Улаанбаатар хотын 152 хорооны 15000 өрхөд хийсэн судалгаанаас үзэхэд иргэдийн 85% нь иргэдийн оролцоо, ОНХС-ийн тогтолцоог дэмжинэ гэжээ. ОНХС-ийн хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэх талаар сайн туршлагууд бий болоод байна. Тухайлбал, ХУД ОНХС-ийн хөрөнгийнхөө 60%-г хорооддоо хүн амын тоогоор хувааж, хуваарилсан хөрөнгийг иргэд нь өөрсдөө санал өгч, иргэдийн шийдлийг эцсийн шийдэл гэж үзэн, ИТХ-с шууд батлан хэрэгжүүлж байна. Ерөнхий Аудитын газар ОНХС-ийн хэрэгжилтэнд аудит хийж, бодлого, арга хэмжээ үр дүнгээ өгч байна, гэвч нийтлэг дутагдал, зөрчлүүд байна гэж дүгнэсэн. Жишээ нь, орон нутагт иргэдээрээ хэлэлцүүлдэггүй, баг, хороодод иргэд нь саналаа өгч шийдсэн төсөл, хөтөлбөрийг ИТХ нь авч хэлэлцдэггүй, өөр хөтөлбөр, төсөл хэрэгжүүлдэг гэсэн зүйл нэлээд гарчээ. Мөн Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт туйлын хангалтгүй байна. Засгийн газар, холбогдох яамд, агентлагуудад хуулийг хэрэгжүүлэх сонирхол үнэндээ алга. Иргэний оролцооны хувьд хууль эрх зүйн орчин бүрдээгүй хэвээр байна. Стратегийн бодлогын хэрэгжилтийг хөнгөвчлөх гол механизм болох Засаг захиргаа, хууль-эрх зүйн үндсэн шинэчлэлтүүд хийгдэхгүй, удаашралтай байгаа нь бодлогын хэрэгжилтэнд сөргөөр нөлөөлж байна. МУ-ын Ерөнхийлөгч санаачлан боловсруулсан Иргэний оролцооны тухай хуулийг УИХ яаралтай хэлэлцэж батлах хэрэгтэй. Өнөөдөр иргэний оролцооны талаархи хууль, эрх зүйн мэдлэг, чадавхи сул хэвээр байгаа ч тэдний хүлээлт, идэвхи, санаачлага их байна. Иргэний оролцооны талаар нэгдсэн ойлголт, стандарт алга. Оролцогч талуудын хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоо сул, тэд юуг, хэрхэн хийхээ мэдэхгүй хэвээр байна. Төрийн байгууллагын хүнд суртал, Төрийн захиргааны бүх шатны байгууллагуудын санаачилга дутмаг, албан хаагчдын мэдлэг хангалттай биш байна. Төрийн байгууллагын зүгээс иргэний оролцооны соёлыг хүлээн зөвшөөрөх цаг нь болжээ. Иргэдийн оролцооны үе шатыг үнэлдэг Арнштэйны загварын дагуу оролцоо ямар байгааг гурван түвшинд авч үздэг. Эхний түвшин-иргэдийн оролцоог оромдох үе шат, энэ нь үгүйсгэх, тайвшруулах, дүр эсгэх гэсэн гурван шаттай. Хоёр дахь нь оролцооны гол хэсэг буюу мэдээлэл өгөх, хуваалцах, иргэдтэй зөвлөлдөх хэсэг, гурав дахь нь иргэдийн идэвхитэй оролцооны үе шат. Манайд иргэдийн оролцооны үе шат янз бүр хэрэгжиж байна. Ихэнх баг, хороо, сум, дүүрэгт оролцооны үе шат нь төрийн талаасаа оромдох үедээ байна. Иргэд удирдлагадаа санал, гомдлоо гаргадаг ч удирдлага нь асуудлыг үгүйсгэдэг. Эсвэл “Асуудлыг судалж байна, цаашид судлаад шийднэ” зэргээр тайвшруулж, оролцооны дүр эсгэсээр байна. Мөн асуудлыг шийдэх гэж байгаа юм шиг ч авирлана. Иргэдийн саналыг сонсож “Чухал юм байна” гэсэн хэрнээ шийдвэртээ тусгахгүй. Иргэддээ асуудлыг мэдээлдэг, төсөв санхүү, хууль дүрэмтэй холбоотой асуудлын талаар мэдээлэл өгч, шийдвэр гаргахдаа хамтарч, зөвлөлддөг, хэлэлцүүлэг зохион байгуулдаг байх ёстой. Заримдаа ажлын хэсэг хамтран  байгуулаад шийддэг, эсвэл шийдвэр гаргах эрх мэдлийг шууд иргэддээ өгдөг.

-Цаашид ямар асуудал дээр зайлшгүй анхаарах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

-Өнөөдөр маш олон хууль, эрх зүйн акт, дүрэм журам үйлчилж байгаа ч яг иргэдтэй холбоотой эрх зүйн зохицуулалт маш ховор. Иргэнд хүлээлгэсэн үүрэг, хариуцлага гэдэг талаасаа салбарын яамдын чиг үүрэг, нутгийн захиргааны байгууллагуудын чиг үүргийг тодорхойлсон эрх зүйн зохицуулалтууд хийгдэж байгаа ч иргэний эрхийг хамгаалсан, шийдвэр гаргах үйл явцад оролцуулах эрх зүйн чадамжийг баталгаажуулсан зохицуулалтууд үгүйлэгдэж байна. Жишээ нь, орон нутгийн шинж чанартай асуудлаар бүх нийтийн санал асуулга хэрхэн явуулах тухай зохицуулалт байхгүй. Ардчиллын үндсэн зарчмуудыг бий болгохын тулд иргэдийн оролцоог идэвхитэй, тууштай дэмжих, боловсролоор хангах, төвлөрлийг сааруулахад төрийн захиргааны байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд, төрийн албан хаагчдын хариуцлагын тогтолцоог шинээр бий болгох, УИХ, Засгийн газраас гаргаж байгаа хэт их олон дүрэм журмыг цөөлөх, орон нутагт иргэд өөрсдөө амьдралдаа хэрэгтэй дүрэм журам бий болгох, батлах, хэрэгжүүлэх эрхийг өгөх, ”Орон нутагт эрх мэдэл шилжүүлэх тухай хууль” гаргах, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоог хүлээн зөвшөөрч, үүргийг нэмэгдүүлэх, мэдээлэл, цахим харилцааны нээлттэй суваг, засаг захиргааны шуурхай байдал, иргэдийн хоорондын сүлжээг бий болгох шаардлагатай байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны ажил үйлсэд амжилт хүсье!

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж