Казиногийн хуулийг чамбайруулах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2015.04.13-нд нийтлэгдсэн

Казиногийн хуулийг чамбайруулах ёстой гэв

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг нь өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцээд илүү чамбайруулах шаардлага байна гэж үзжээ. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор өмнө нь энэ төрлийн хуулийг санаачилж байсан УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж нарыг байлцуулж мэдээлэл сонссоны зэрэгцээ эдийн засгийн үр өгөөж, мөн нийгэмд гарч болзошгүй эрсдлийн талаар тал бүрээс нь хэлэлцжээ.

Бүлгийн дарга Н.Батцэрэг хэлэхдээ “Казиногийн хуулийг зөвхөн эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд батлах шаардлага үүссэн гэдгээр дүгнэж болохгүй, асуудлыг ултай суурьтай судалгаатай хандах ёстой” гэж үзэж байна.

Мөн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд уул уурхайн компаниудын хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа явуулсан татварын орлогынх нь 50-33 хүртэл хувийг орон нутагт нь үлдээх Засгийн газрын бодлогыг дэмжих боломжгүй гэх шийдвэр гаргажээ. Энэ асуудлыг нэгдсэн бодлогоор зангидаж явахгүй бол орон нутаг бүр орлогын хөөнөөс хөөцөлдсөнөөс эргээд байгаль орчин сүйтгэгдэх, малчид бэлчээргүй болж зөрчил үүсэх магадлалтай тул энэ асуудалд ухралт хийж болохгүй гэх байр суурийг олонхи гишүүн барьсан байна.

Түүнчлэн эрчим хүчний салбар дахь хувийн хэвшлийнхний гадаад зах зээлээс авсан өрийг улсын өрөнд хамруулахгүй байх нь өрийн босго болоод бусад зүйлстэй нийцэхгүй гэж үзжээ.

Харин 1995 оноос хойш Нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй малчдыг даатгалд бүрэн хамруулж тэтгэвэр тогтоолгох боломжийг нь бий болгох хуулийн төслийг дэмжсэн байна. Гол нь энэ хуулийн хүрээнд малчдын бүртгэлийг үнэн зөв гаргах шаардлагатай аж.

Тус бүлгээс мөн Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудыг энэ сарын сүүлээр багтаан хэлэлцэх санал гаргасан байна. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох явцад дээрх хуулиуд долдугаар сар руу хэлэлцэгдэхээр шахагдсан нь урагшлуулах шалтгаан болж буй ажээ.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг Авлигатай тэмцэх газрынхан цагдаагийнхантай хамтран 2012 оны дөрөвдүгээр сарын 13-нд шилжих шөнө явуулж байсан. Энэ үйл явдалтай холбогдуулж тус намаас өнөөдөр “Хэлмэгдүүлэлт ганц өдрөөр дуусаагүй” нэрийн дор хэлэлцүүлэг өрнүүлж байгаа тухай УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ мэдээллээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж