Өнгөрсөн амралтын өдрүүд буюу хоёрдугаар сарын 24-25-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 405 дуудлага ирүүлснээс зам тээврийн ослын шинжтэй 288 дуудлага мэдээллийг алба хаагчид хүлээн авч шалгажээ. Ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирч, нийслэлд 11 хүн гэмтэж бэртсэний тав нь бага насны хүүхэд ба тээврийн хэрэгсэлд зорчиж байх үедээ осолд өртөж гэмтэж бэртсэн байна.
Тухайлбал, Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн 42-р сургуулийн баруун замд T.Chaser маркийн автомашины жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолооджээ.
Үүний улмаас гэрлийн шон мөргөж, хамт зорчиж явсан 13 настай У, зургаан настай Э, гурван настай Б нар гэмтсэн байна.
Мөн энэ өдөр Хан-Уул дүүргийн нутаг Морингийн давааны замд T.Pruis маркийн автомашины жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас онхолдож, зорчиж явсан 41 настай Ө, таван настай А, зургаан настай А нарын гурван хүн гэмтсэн ослууд бүртгэгджээ. Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг анхааруулж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ