Карабао цом нэрийн дор зохион байгуулагддаг Английн лигийн цомын шигшээ урьд шөнө Английн Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Энэ улирлын лигийн цомд тус тэмцээнд 5 түрүүлсэн Манчестер Сити болон Челси клубууд шалгарсан бөгөөд аль хожсон нь 6 дахь удаагаа түрүү байр хүртэх тоглолт байсан юм.
Хоёр багийн тоглолтын үндсэн цагт гоол ороогүй. Мөн нэмэлт цагт ч гоол ороогүй бөгөөд 11 м-н цохилтоор ялагч тодорсон. Торгуулийн цохилт гүйцэтгэхэд Челси клубээс Жоржиньо, Д.Луис нар бөмбөгөө алдсан бол Манчестер Сити клубээс Л.Сане бөмбөгөө алдаж Манчестер Сити 4-3 харьцаатай хожил байгуулж 6 дахь удаагаа Английн лигийн цомыг хүртсэн.
Үүнээс илүү энэ тоглолтонд олны анхаарлыг татсан үйл явдал болов. Тоглолтын нэмэлт цагийн 13 дахь минутанд Челси клубын дасгалжуулагч М.Сарри хаалгач Кепа Аррисабалагаг сэлгээгээр суулгах гэсэн боловч Испани эр талбайг чөлөөлөөгүй. Кепа бөмбөг хаах үеэр бага зэрэг өвдөлт мэдэрсэн бөгөөд эмчийн зөвлөгөөг авсан. Дараа нь багийн дасгалжуулагч “би буруу ойлгосон байсан. Эмчийг ирэх үед нөхцөл байдлыг ойлгосон” хэмээн ярьжээ. Хэдийгээр дасгалжуулагч тамирчны биеийн нөхцөл байдлыг тухайн үед буруу үнэлсэн байсан ч тамирчин дасгалжуулагчийн шийдвэрийг үл тоосон нь Челчи клубын хуучны зарим нэг тоглогчдын дургүйг хүргэсэн байна. Ямартаа ч дэлхийн хамгийн өндөр үнэтэй хаалгач Кепа тоглолтын үеэр дасгалжуулагчийн шийдвэрийг үл тоож хөлбөмбөгийн ертөнцийг алмайруулаад авчээ.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ