БНХАУ-ын мэдээллийн технологийн “Huawei Technologies” компани ням гаригт 2600 ам.долларын үнэ бүхий, эвхэгддэг, 5G ухаалаг “Mate X” гар утсаа Дэлхийн гар утасны томоохон үзэсгэлэнгийн өмнө олон нийтэд танилцуулжээ.
Дэлхийд ухаалаг утасны үйлдвэрлэлээрээ “Самсунг”-ийн дараа хоёрдугаарт бичигдэж буй "Huawei" компани 5G-ыг хөгжүүлэх чиглэлээр тэргүүлэх байр суурь эзэлж буйгаа мэдэгдсэн байна. "Бид хэрэглэгчид болон бизнесүүдэд интернэтийн супер хурдыг амлаж байна" хэмээн “Huawei” компанийн Бизнесийн группийн захирал Ричард Ю хэлжээ.
“Mate X” гар утас нь 6.6 инчийн дэлгэцтэй, дэлгэсний дараа 8 инч хэмжээтэй болдог, 8 GB рам, 512 GB багтаамжтай юм байна. “Huawei” компанийн шинэ ухаалаг гар утасны үзүүлэлтээс хэрэглэгчдийн сонирхолд хамгийн их нийцэж буй нь түүний нимгэн байдал аж. Эвхэгдсэн үедээ 11 мм зузаан байх “Mate X” ухаалаг утсаар 1 гигабайт киног гурван секундын дотор татаж авах боломжтой бөгөөд 2299 евро буюу 2607 ам.доллараар ирэх зунаас хэрэглэгчдэд нийлүүлэхээр төлөвлөж буй юм байна.
“Huawei” нь "Samsung" компани эвхэгддэг утсаа танилцуулснаас ердөө дөрвөн хоногийн дараа энэхүү танилцуулгаа хийжээ. “Samsung"-ийн олонд танилцуулсан эвхэгддэг, ухаалаг утас нь 2000 орчим ам.долларын үнэтэй байх аж.
"Huawei" компани “Mate X” гар утаснаас гадна 13.9 инч хэмжээтэй, 3К нарийвчлал бүхий дэлгэцтэй “MateBook X Pro” болон 13, 14 инчийн дэлгэц бүхий “MateBooks” загварын зөөврийн компьютерийг олон нийтэд танилцуулжээ.
Эх сурвалж: Channel News Asia
Холбоотой мэдээ