"Айтүүлc" ХК-ийн жилийн эцсийн тайлангийн хураангуй

Хуучирсан мэдээ: 2019.02.25-нд нийтлэгдсэн

"Айтүүлc" ХК-ийн жилийн эцсийн тайлангийн хураангуй

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ИЛГЭЭЛТ

Эрхэм хөрөнгө оруулагчид, бизнесийн түншүүд, хамтран ажиллагсад та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна. Манай компани олон нийтийн, нээлттэй компани болсноос хойших нэг жилийн хугацаанд нэлээдгүй олон IPO гаргасан, амжилттай компаниудыг араасаа дагуулж, хөрөнгийн зах зээлийн хөгжилд төдийгүй Монголын иргэн бүрд энэхүү зах зээлийг ойлгуулах таниулахад үнэтэй хувь нэмэр үзүүлсээр ирлээ. Маш хурдацтай хөгжиж буй мэдээллийн технологийн салбартай хөл нийлүүлэн, мөр зэрэгцэн алхаж, хором мөч бүртэй уралдан ажиллаж, судалгаа шинжилгээ сайжруулалт хийж, мэдээллийн аюулгүй байдлыг дээд зэргээр сахин хамгаалж, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарласан, салбартаа тэргүүлэгч компани гэдгээ дахин нотлон ажилласан жил байлаа. Дэлхийн нийтийг хамарсан дижитал шилжилт Монгол улсад хүчээ авахтай зэрэгцүүлэн бид ч мэдээллийн аюулгүй байдал түүний дэд бүтэц, програм хангамжийн чадамжаа улам бүр нэмэгдүүлсээр байгааг энэ дашрамд хэлэхэд таатай байна. Айтүүлс компани нь Монголын хөрөнгийн биржээс жил бүр тодруулдаг ТОП 20 индекст багтаж чадсан нь үүний тод жишээ гэж дүгнэж байна. 2018 онд нийт 252 өдрийн арилжаа явагдсанаас компанийн хувьцаа 240 өдөр буюу 95.2 % идэвхтэй арилжаалагдсан байна. Энэ нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татсан үйл явдал боллоо. Бид 2018 оны санхүүгийн төсөөлөл, төлөвлөгөөндөө хүрч чадсан амжилт дүүрэн жил байлаа. Жилийн борлуулалтын орлого 1,5 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 13%-иар, цэвэр ашгийн хэмжээ 171 сая төгрөгт хүрч 172%-иар тус тус өссөн ба борлуулсан бүтээгдэхүүнийхээ өртгийг ч мөн 30%-иар бууруулж чадлаа. Монголын ТОП 100 аж ахуй нэгжүүдийн 30 орчим хувьтай нь хамтын ажиллагааг эхлүүлэн үйлчилгээ үзүүлж эхэлсэн ба МХБ-д бүртгэлтэй хувьцаат компаниуд ч мөн бидний харилцагч болж харилцагчийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. Түүнчлэн Санхүүгийн салбарын харилцагчид тэр дундаа хөрөнгийн зах зээл, даатгал, банк болон банк бус санхүүгийн байгууллага, андрайтер, брокер диллерийн компанийн харилцагчид тогтмол нэмэгдэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын TIER II стандартын шаардлага хангасан дата төвийнхөө дэргэд Санхүүгийн дата төвийн тусгай үйлчилгээ үзүүлдэг болсон нь үндсэн үйл ажиллагааны борлуулалтын орлого өсөхөд голлох байр суурь эзэллээ. Дата төвийн төгс шийдэл болох Клауд системийг Үндэсний тодотголтойгоор нэвтрүүлэхээр хөгжүүлэлтийн ажлыг эхлүүлсэн ба энэ оны 2 дугаар улиралд батгаан үйлчилгээндээ нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн онд “Ай си ти Групп” ХХК-ийн Дархан-Уул аймагт байрлалтай обьектэд тулгуурлан Блокчейн дата төвөө бүрэн ашиглалтад оруулж, дотоодын болон гадаадын компаниудтай амжилттай хамтран ажиллаж үйлчилгээгээ үзүүлсээр байна. “Айтүүлс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурлаас ногдол ашиг хувиарлах эсэх тухай хэлэлцсэн бөгөөд Компанийн үйл ажиллагааг өргөжүүлж, санхүүгийн дата төвийн үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2018 оны ашгаас ногдол ашиг хуваарилахгүй байх нь зүйтэй хэмээн хуралд оролцсон ТУЗ-ын гишүүд санал нэгтэйгээр шийдвэрлэсэн. Гүйцэтгэх захирлын хувьд мэдээллийн технологийн салбарын цаг минутаар хэмжигдэн хөгжиж буй энэ үед нүдээ олсон шийдвэр байлаа гэж үзэж байна. 2019 онд компанийнхаа ашиг орлогыг улам нэмэгдүүлж, компанийн сайн засаглалыг улам батжуулж, мэдээллийн нээлттэй ил тод байдлыг бүрэн хангаж, бизнесийн ёс зүйг эрхэмлэн ажиллахаа хариуцлагатайгаар та бүхэндээ мэдэгдэж байна. Мэдээллийн технологийн салбарт буюу Монгол Үндэсний мэдээллийн аюулгүй байдлыг хангах их үйлсэд үнэтэй хувь нэмэр, хөрөнгө оруулалт хийсэн та бүхэндээ баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж