Тусгай замын автобус үлгэр болов уу | News.MN

Тусгай замын автобус үлгэр болов уу

Тусгай замын автобус үлгэр болов уу

Хийсэн ажилгүй хэдэн хүн хоёр жилийн дотор ₮1.3 тэрбумыг зарлагаджээ

Улс оронд өгөөжтэй ч улстөрчдөд унацгүй бол Монголд ажил урагшилна гэдэг амаргүй. Хэрэгжүүлсэн бол өдийд эдийн засгийн үр ашгаа өгч, нийгмийн зарим салбарын тодорхой асуудлыг шийдчих байсан томоохон төслүүдээс цаасан дээр сүндэрлэсэн нь тоймгүй олон. Гэвч улсын төсөв болон гадаадын зээл, тусламжаар хийгдэх төслүүдийн санхүүжилт өөр голдрилоор урсан, эрх барьж байгаа нам, тэдний томилсон хүмүүсийн халаас руу “цутгадаг” болсон нь нууц биш. Төслийн хүрээнд улс орон, ард түмэнд ашигтай ажил, бүтээн босголт хийхээс илүү өндөр цалин, тусгай хангамжийг нь харж төслийн нэгжийг удирдах, тэнд шахааныхаа хүнээ шингээх гэсэн хувийн ашиг сонирхол албан тушаалтнуудад нийтлэг нэвчжээ. Яг ийм голдрилоор урсаж байгаа төслийн нэг нь BRT буюу нийслэлийн нийтийн тээврийн тусгай замын автобусны төсөл болж байна уу гэмээр баримтууд НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан дээр цухас дэлгэгдээд өнгөрөв.

Уншигчдад ойлгомжтой байх үүднээс эхлээд уг төслийн товч танилцуулгыг өгье.

2015 онд анх BRT төслийн зээлийн гэрээг нь баталж, хоёр жилийн дараа төсөл хэрэгжиж эхэлсэн түүхтэй. Азийн хөгжлийн банк, Дэлхийн байгаль орчны сан, Монголын Засгийн газар хамтран санхүүжүүлэх уг төслийн нийт өртөг 274.4 сая ам.доллар. Задалбал, Азийн хөгжлийн банк 215.9 сая ам.долларыг нь санхүүжүүлж, манай Засгийн газар 57, Дэлхийн байгаль орчны сан 1.5 саяыг нь тус тус гаргахаар болжээ.

Төсөл гурван үе шаттай хэрэгжих бөгөөд эхнийх нь 78.4 сая ам.доллар байхаар баталж, санхүүжилтийг Сангийн яам руу шилжүүлсэн байна.

Нийт 32.7 км автозамыг өргөтгөн сайжруулж, 42 байрлалд тусгай замын автобусны буудал гарган, 32.7 км шугам, систем татан, 145 ширхэг тусгай замын автобус худалдаж авах ажлыг уг төслийн хүрээнд гүйцэтгэх ёстой.

Нийслэлийн нийтийн тээврийн салбарт тусгай замын автобус нэвтрүүлснээр замын түгжрэл, ачаалал өнөөдрийнхөөс хоёр дахин багасаж, агаарын бохирдол бууран, нийтийн тээврийн үйлчлүүлэгч болон явган зорчигчийн аюулгүй байдлыг сайжруулж, хотын өнгө үзэмж дээшилнэ гэх мэт чихэнд сонсголонтой олон зүйлийг жагсаан бичжээ. Гэвч энэ их мөнгөөр хийх тэр сайхан ажлууд өнөөдрийг хүртэл цаасан дээрээ, гавьтай хийсэн ажилгүй атлаа зарцуулж, зарлагадсан мөнгө нь тоймгүй ихэссэн байх юм.

Анх төслийн нэгжийг байгуулахдаа 15 орон тоотой баталсан бол өнөөдөр яг хэдэн хүн ажиллаж байгаа нь тодорхойгүй буйг шалгалтын Ажлын хэсгийнхэн онцолсон юм. Төслийн удирдах хорооны дарга нь нийслэлийн Засаг дарга С.Батболд байв. Гэвч тэрбээр өөрийн хүсэлтээр хотын мээрээс буугаад бараг гурван сарын нүүрийг үзэх гэж байна. Харин хотын орлогч дарга П.Баярхүү уг төслийн удирдах хорооны дэд дарга гэнэ.

Анх уг төслийн нэгжийг байгуулж байхад НИТХ-ын тэргүүлэгчид удирдах хороог баталсан ч, уг хуралдаанаар баталсан хавсралтыг нь өөрчилж, хоёр хүнийг сольсон нь бас Ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн аж.

Мэргэжилтнүүдийн олонх нь ажлын байрны шаардлага хангадаггүй, англи хэлний наад захын мэдлэггүй. Төслийн зохицуулагч нь өнгөрсөн арваннэгдүгээр сард ажлаасаа гарсан ч түүнээс хойш 74 сая төгрөгийн гүйлгээн дээр гарын үсэг зурж зарлагадсан байх юм. Олон улсын байгууллагаас санхүүжилт авч, дэлхийн жишгийн дагуу ажил хийх гэж байгаа багийн ур чадвар, мэдлэг туршлага ийм жул байхад уг төслөөс үр дүн хүлээх нь үүлгүй тэнгэрээс хур гуйсантай адил бололтой.

  • Хоёр жилийн дотор нэг тэрбум гаруй төгрөгийг ажилчдын цалин, төслийн нэгжийн үйл ажиллагааны зардалд гаргажээ. 
  • Төслийн зохицуулагч нь өнгөрсөн арваннэгдүгээр сард ажлаасаа гарсан ч түүнээс хойш 74 сая төгрөгийн гүйлгээн дээр гарын үсэг зурж зарлагадсан байх юм. 
  • BRT төсөл гэхэд зохицуулагч нь 4.5 сая төгрөгийн цалинтай бол хамгийн бага цалинг жолооч нь авдаг гэнэ. Тодруулбал, 2.1 сая төгрөг.

Бас нэгэн анхаарал татсан зүйл нь бүтэн хоёр жилийн хугацаанд нүдэнд харагдаж, гарт баригдах юу ч хийгээгүй хэрнээ 2017, 2018 онд нийт 1.3 тэрбум төгрөг зарлагадсан байгаа юм.

Үүнээс ердөө 170 гаруй сая төгрөгийг нь Азийн хөгжлийн банкнаас авсан зээлийн мөнгө байршуулсны хүүгийн төлбөрт өгсөн бол үлдсэн нь ажилчдын цалин, төслийн нэгжийн үйл ажиллагааны зардалд урсчээ.

Аливаа төслийн багийнхан төрийн албан хаагчдаас илүү өндөр цалин, тусгай хангамж авдаг жишигтэй. Хийх ажил нь олон улсын түвшнийх байдаг учраас цалин, урамшууллыг нь ч тэр жишгээр тооцдог биз. Гэхдээ авсан цалинтайгаа дүйцэх ажил хийх ёстойгоо манайхан мартдаг нь гэм биш зан. Санасан ч энд тэндээс чихүүлж орж ирсэн чадваргүй мэргэжилтнүүд тэр хэмжээнд ажиллаж чаддаггүй нь нууц биш. BRT төсөл гэхэд зохицуулагч нь 4.5 сая төгрөгийн цалинтай бол хамгийн бага цалинг жолооч нь авдаг гэнэ. Тодруулбал, 2.1 сая төгрөг. Бага гээд байгаа энэ мөнгө асар их ачаалалтай, нойр хоолоо хугаслан ажиллаад авдаг сувилагчийн цалингаас даруй 3-4 дахин их гэсэн үг.

15-хан хүн ирэн, очин ажилласан болдог тэд “Гэгээнтэн” цогцолборт сар бүр 4.5 сая төгрөгийн түрээс төлж суудаг гээд “арай ч дээ” гэмээр цамаан, цатгалан загнасан байх жишээний.

Өнгөрсөн хугацаанд огт ажил хийгээгүй гэвэл хүн гүтгэсэн хэрэг болох вий гэж болгоомжлоод багахан эрэл сурал хийлээ. Таван сарын өмнө нэг тендер зарлуулсан юм байна. Харамсалтай нь алдаатай тендер гээд түүнийгээ цуцалжээ.

Бас төслийн нэгжийн мэргэжилтнүүд туршлага судлахаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гадаад руу багагүй явсныг нь ажил хийсэн гэж тооцъё. Үүнд 90 гаруй сая төгрөг зарцуулсан гэж байгаа. Өөрсдийнх нь тайлагнаснаар хийсэн ажил гэвэл ердөө л энэ. Уг нь өдийд гүйцэтгэгч компаниуд нь тодорчихсон, газар чөлөөлөх ажлаа ядаж нугалчихсан баймаар юм. Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал инду Бушан Монголд ирээд буцахдаа “Санхүүжүүлсэн төслүүд нь үр дүн өгөхгүй бол дахин шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх, батлахад хүндрэлтэй болно шүү” гэдгийг шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзахдаа сануулаад явсан юм даг. Тус банкнаас маш олон төсөл хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхээр хөрөнгө олгодог ч хэрэгжилт хэт удаан, үр дүн бага байгаад сэтгэл дундуур байгаагаа хэлж, урамгүйхэн буцсан билээ. Гэвч төрийн дээд түвшиндээ анхаарал хандуулдаг ч дунд шатандаа ажил нь унаад байвал ямар олиг байх вэ дээ. Төрийн албыг намын харьяаллаар бужигнуулдаг муу жишиг төслийн нэгжүүд рүү шилжсэний гор. Төсвийнхөө хөрөнгө оруулалтаар нийгмийн асуудлуудаа бүрэн дүүрэн шийдвэрлэж чаддаггүй Монгол шиг орноос Азийн хөгжлийн банк зэрэг томоохон донорууд залхаж, санхүүжилт олгохоо зогсоовол чадан ядан урагшилж байгаа манай эдийн засагт том цохилт болохыг хэн хүнгүй мэднэ. Аливаа төслийг ажил, үүрэг гэж үзэхээсээ илүү мөнгө олох суваг гэж хардаг манай төрийн албаны эрхтэн, дархтнуудад даруй ухамсарлуулан ойлгуулах цаг хэдийн болсныг өгүүльюү.

Эх сурвалж: “ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ” СОНИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тээвэрчин 2019-02-25 103.212.117.23

Буруу

Avatar

Тээвэрчин 2019-02-25 103.212.117.23

Буруу л бичиж байна даа.

Avatar

oops 2019-02-25 49.0.212.116

ХҮҮЕ ЯМАР ГОЁ ЮМ БЭ, ТЭНД ЧИНЬ ЖОРЛОН ЦЭВЭРЛЭГЧЭЭР ОРООД ШААЧИХ ЮМСАН.

Avatar

Зочин 2019-02-25 202.21.111.98

эзэнгүй төр, хяналтгүй УЛС, ДААН Ч ДЭЭ, ИНГЭЖ АЖИЛЛАЖ БОЛОХ УУ

Avatar

Хак 2019-02-25 202.126.89.156

ЯМИ Ч БАЙ ХҮ Ч БАЙ ХАМААГҮЙ ЭНЭ МАН ГЭДЭГ МАНГАСААС Л САЛАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2019-02-25 112.72.11.103

2 сая төг цалинтай жолооч хийж үзэх юмсан. н**ш юм аа.

Avatar

зочин 2019-02-25 43.228.130.71

энэ төслийг тусгай ажлын хэсэг гаргаад даруйхан шалга даа .Амарсайхаан төслийг яаралтай зогсоо наад ажил чинь угаасаа ийм бүрэлдэхүүнтэйгээр явахгүй . Наана чиннь ажллаж байгаа Даваасүрэнгээс эхлээд бүгд очсон газар бүхнээ бужигнуулдаг хүмүүс байна даа

Avatar

Зочин 2019-02-25 202.72.245.206

энэ ч нэг их оновчтой шийдэл биш юм шиг ээ

Avatar

Зочин 2019-02-25 103.229.121.232

энэ автобус угаасаа дэмий.тэрний оронд яаж ийж байгаад метро барьвал хэдэн зуун жил ашиглах болно.наа муу автобус зам муутай байхад дэмий зам эзлэх юм байнлээ.эсвэл дээгүүр явдаг метро байвал зүгээр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж