АН: Тавантолгойн асуудлаар байр сууриа нэгтгэнэ

Хуучирсан мэдээ: 2015.04.13-нд нийтлэгдсэн

АН: Тавантолгойн асуудлаар байр сууриа нэгтгэнэ

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дэд дарга С.Одонтуяа, Ш.Түвдэндорж нар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн түрээсийн орон сууц барих, улаан бурхан өвчний тархалтаас сэргийлэх, ИНЕГ-ын зарим чиг үүргийг өөрчлөх, зэрэг чухал асуудлыг шийдвэрлэсэн талаараа мэдээлэл өгсөн байна. Мөн бүлгийн хуралдаанаар Казиногийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар санал солилцжээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төмөр зам, эрчим хүчний салбарын өрийг улсын өрд хамааруулахгүй байхаар болсон бол Хүний хөгжил сангийн тухай хуульд уул уурхайгаас олж байгаа орлогын 70 хувийг Хүний хөгжил санд, 25 хувийг улсын төсөвт, 5 хувийг орон нутгийнг дэмжих санд шилжүүлдэг байсныг өөрчилсөн байна. Тодруулбал, Хүний хөгжил санд 65 хувь, орон нутгийн хөгжлийн санд 30 хувь, орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд 5 хувийг төвлөрүүлэхээр тусгасан байна.

Мэдээлэл хийх үеэр зарим асуултад хариулт авлаа.

-Улаанбурхан өвчний нөхцөл байдал ямар байгаа болон хэрхэн намжаах асуудлаар ярилцав уу?

Ш.Түвдэндорж: Улаанбурхан өвчин устсан гэж байсан ч дахин сэдэрлээ. Вакцинжуулалт муугаас болж энэ өвчин дэгдсэн. Одоогийн дэгдэлтийг нь намжаахад хэрэгтэй эм, тарианаас эхлээд бүхий л зүйлээр хангаж ажиллахыг Онцгой байдлын газар болон Эрүүл мэнд, спортын яаманд үүрэг болголоо.

-Уул, уурхайгаас олсон мөнгийг орон нутгийн хөгжлийн санд оруулахдаа юунд захиран зарцуулахыг нь нарийн зааж өгсөн үү? Тухайлбал, юунд зарцуулж болох, болохгүй талаар зааг тогтоосон уу?

С.Одонтуяа: Уул, уурхайгаас орж ирсэн ямар ажилд зарцуулах саналыг сумын иргэд гаргана. Сумын иргэдийн саналыг хэлэлцэж, хэрэгжүүлээд явна. Харин улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа, ТББ-ууд, Үндэсний баяр наадмаас бусад арга хэмжээ, иргэдийн саналыг тусгаагүй зүйлд тус мөнгийг хэрэглэхийг хориглосон байгаа. Мөн ямар нэгэн өр зээлийн төлбөрт төлөхгүй. Уул, уурхайн том төслүүдээс орж ирэх мөнгө улсын төсөвт орж ирдгээрээ ирнэ. Харин зарим хөрөнгө төсөв рүү бус орон нутаг руу орно.

-Төсөв рүү ордог мөнгө орон нутгийн сан руу орохоор Төсвийн бүрдүүлэлтэд яаж нөлөөлөх вэ?

Ш.Түвдэндорж: Төсөвт нөлөөлөхгүй. Ашигт малтмалын олборлолт явуулж байгаа орон нутагт мөнгө нь орж иргэдэд нь ашигтай байх хувилбар гарч ирнэ.

-Бүлгийн өнөөдрийн хурал дээр Тавантолгойн асуудлаар дахин ярилцсан уу?

Ш.Түвдэндорж: Намын бүлгийн удирдлагууд УИХ-ын удирдлагатай ярилцаад одоо хийгдэх гэж байгаа гэрээг нэг их эвдэхгүйгээр хэлэлцүүлэх асуудлыг ярилцаж байгаа. Энэ долоо хоногт багтан уг асуудлаар байр сууриа нэгтгэнэ.

-АН-ын бүлэг Казиногийн хууль дээр байр сууриа нэгтгэсэн үү?

-АН-ын гишүүд Казиногоос орж ирэх мөнгийг нийгмийн шинж чанартай ажилд зарцуулах ёстой гэж үзэж байгаа. Ер нь энэ хуулийг батлахад буруудахгүй гэж үзэж байгаа. АН-ын гишүүд өөр өөрийн байр сууринаас хандана.

-Эрчим хүчний байгууллагуудын тавьсан өрийг улсын өрд тооцохгүй гэсэн хуулийн заалт Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд байгаа гэсэн. Үүнийг тодруулаач?

-Эрчим хүч, Төмөр замын өрийг улсын өрөнд хамааруулахгүй гэж байгаа. Тус хоёр чиглэлийн төслийг тухайн зээл авч байгаа аж, ахуй нэгж, зээл өгч байгаа банк хоёр хариуцлагыг нь үүрнэ. Түүнээс улс ямар нэгэн баталгаа гаргаагүй. Тиймээс аж, ахуй нэгж, банк, даатгал нь хариуцлагаа бүрэн хүлээнэ.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж