Д.Дамдинцэрэн: Өрөө болгон камертай
ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга Д.Дамдинцэрэн хорих ангид амиа алдсан шүүгчийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Хорих ангийн дотоод журам цагдан хорих дотоод журамд биечилсэн хяналт тавьдаг. Тухайн хэрэг гарах мөчид ээлжийн хамгаалалтынхан бүрэлдэхүүнээрээ ажиллаж байсан. Хэрэг гарснаас хойш албаны дотоод хяналт явж байгаа. Хяналтын ажилтнууд, давхрын харуулууд ажилдаа хариуцлагагүй хандсан эсвэл сонор сэрэмж алдсан байхыг үгүйсгэхгүй. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Өрөө бүрт хяналтын камер байдаг бөгөөд харуулын ажилтан 20-30 камерын төхөөрөмжид хяналт тавьдаг. Байршуулсан камер өрөөг бүхэлд нь харах боломж хомсхон байдаг. Мөн цагдан хоригдож буй этгээдийг цагдан хоригдох дотоод журамд зааснаар өөрийн өмсөж буй тухайн улирлын хувцастай нь оруулахыг зөвшөөрдөг. Уг хэрэг Бямба гаригийн орой 21.40 цагийн орчимд гарсан. Камерын бичлэгт талийгаачийн сэтгэл санааны байдал анхаарал татахаар зүйл байгаагүй” гэж ярилаа.
АТГ: Гэрт нь нэгжлэг хийж ноцтой баримтуудыг хурааж авсан
Талийгаачийн үхэлтэй холбоотойгоор өгсөн АТГ-ын мэдээллийг дэлгэрэнгүй хүргэе.
-Талийгаач шүүгч Ч.Бямбааг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байсан бэ?
-Салхитын мөнгөний ордыг ашиглаж байсан ашиглагч нарын хоорондын маргаанаас үүдэлтэйгээр хууль хяналтын байгууллага тухайн маргааныг хянаж байх явцад их хэмжээний мөнгийг хээл хахуульд өгсөн болохыг тогтоосон. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг төлөвлөгөөний дагуу явуулж байсан. Мөрдөх байгууллагын хувьд талийгаачийг ажлын байр гэрт нь нэгжлэг хийн ноцтой баримтуудыг хураан авсан. Хураагдсан баримтуудын хүрээнд хууль зүйн үндэслэл тогтоогдсон учраас талийгаачийг сэжиглэн 48 цагийн дотор баривчилсан. 48 цагийн хугацаа нь дуусаад бид авахаар очих үед харамсалтай үйл явдал болсныг мэдсэн. Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй.
–Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зургаан шүүгчийн хэрэг ямар шатанд явна вэ?
-Хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгагдаж байгаа. АТГ-ын хянан шалгах дүн шинжилгээний хэлтсээс шүүгч нарын хөрөнгө оруулгын мэдүүлгийг /ХОМ/ 2012-2017 оны байдлаар шалгасан. Шалгалтын явцад зарим нэр бүхий шүүгч нар ХОМ-гээ мэдүүлээгүй эсхүл зөрүүтэй мэдүүлсэн, хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй. Тиймээс гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Шүүгчдийн албан үүргийг нь түдгэлзүүлэхийг прокурорын байгууллагат мэдэгдсэн .
-Талийгаач Ч.Бямбаа ямар зүйл заалтаар цагдан хоригдож байсан юм бэ
-Мөрдөн шалгах ажиллагааны нууц. Тухайн хэрэг дээр талийгаач хээл хахуул өгөх, авах гэмт хэрэгт хамтран оролцогчоор сэжиглэгдэн шалгагдаж байсан юм.
–Талийгаачийг 48 цагийн хугацаа дууссан байсан юм уу. Өнгөрсөн Баасан гаригт 48 цагийн хугацаа нь дууссан. АТГ-аас шүүхэд санал өгөөгүй гэсэн мэдээлэл бас бий.
-АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн хувьд сэжигтнээр баривчлах 48 цагийг хэтрүүлсэн явдал байхгүй. Бүх тогтоол шийдвэрүүд хуулийн дагуу явагдсан. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах ажиллагаа байсан юм.
-Талийгаач шүүгч Ч.Бямбаатай хамт уяач Ш.Мөнгөншагайг хамт хорьсон гэх мэдээлэл энэ үнэн үү?
-Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор хээл хахууль өгсөн гэмт хэрэг дээр АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар цагдан хорьсон хүмүүс байхгүй. Баривчлах ажиллагааны явцад таван хүн баривчилсан.
-Хөгжлийн банк болон бондтой холбоотой хэргүүд анхан шатны шүүх дээр мөрдөн байцаах руу буцсан. Энэ нь АТГ мөрдөн шалгах багийнхан ажлаа дутуу хийгээд байна уу аль эсвэл шүүхийн байгууллагаас эргүүлээд бойкотлоод байна гэх хардлага байна
-Прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн байна гэж үзээд шүүхэд шилжүүлсэн. Шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хэргүүдийг хянаж үзээд буцаасан. Хэрэг албан ёсоор АТГ-д ирээгүй байна. Шүүгчийн шийдвэр үндэслэлгүй байгаа тохиолдолд прокурорын байгууллагаас бүрэн эрхийнхээ дагуу эсэргүүцлээ бичээд хэргүүд хянагдаад явна.
Э.БУРАМ
Хэргийн газраас 3 ширхэг гэрээслэл олдсон байна
Эх сурвалжийн мэдээллээр хэргийн газраас талийгаачийн өмсөж байсан дотуур хувцас болон талийгаачийн өөрийн гараар бичиж үлдээсэн гурван ширхэг гэрээслэл олдсон байна.
Хэргийг сануулахад, Дундговь аймгийн Гурван сайхан сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт байх Салхитын мөнгөний орд газар Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан гэх хоёр хүний мэдэлд байсан гэнэ. Тэд 2010 онд “Жи Пи Эф” гэх нэртэй компани байгуулжээ. Ш.Мөнгөншагай тус компанийн мэдэлд байх Салхитын мөнгөний орд газрын 60 хувийг эзэмшиж байж. Гэтэл компанийн 40 хувийг эзэмшигч Г.Жаргалантай БНХАУ-ын иргэн холбогдож эхэлсэн байна. БНХАУ-ын иргэн Салхитын мөнгөний орд газрыг худалдаж авах саналыг тавьсан гэх. Үүнийг Ш.Мөнгөншагайд Г.Жаргалан хэлж байжээ. Ингээд ордоо зарахаар болжээ. Гэвч, “Жи Пи Эф” гэх нэртэй компанийн 60 хувийг эзэмшигч Ш.Мөнгөншагайгийн гарын үсгийг БНХАУ-ын иргэд хуурамчаар зурж, “Жи Пи Эф” компанийн хувьцаа, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ зэргийг хуурамчаар үйлдсэн байжээ.
2012 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр гэх огноогоор дээрх бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Бүр улсын бүртгэлд бүртгүүлж, хятад иргэний гар дээр очжээ. Салхитын мөнгөний орд газрыг худалдаж авсан хятад үйл ажиллагаа явуулах гэсэн боловч өөрийн гэсэн компани байхгүй байсан гэнэ. Тиймээс Монголд зургаан жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа “Си Си Эм Икс” компанийн захирал нутаг нэгтэн Жин Жиа Минтай холбогдож хамтран ажиллаж эхэлжээ. Ингэж л анх Салхитын мөнгөний орд газар хятадуудын гарт очсон бөгөөд дуулиант маргаан эндээс эхэлжээ. Харин өнгөрсөн оны сүүлээр УИХ-ын дарга Г.Занданшатар ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Салхитын мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулж төрийн мэдэлд лицензыг нь авсан юм.
Талийгаач өрөөндөө ганцаараа хоригдож байжээ
Дээрх асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулахад “2019 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 21.40 цагийн орчимд иргэн Б нь ганцаараа байрлах хорих ангийн өрөөндөө өөрийн хувцсаар хоолойгоо боосон байдалтай амь насаа алдсан байсан. Одоогоор дээрх асуудалд Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас албаны шалгалт явуулж байгаа учраас шалгалтын дүнг үндэслэн буруутай албан хаагчид холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцох болно” гэлээ.
Суллагдахаасаа 5 цагийн өмнө амиа алдсан байжээ
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай хоригдсон шүүгч Л.Бямбаа нь өөрийгөө боомилж амиа алдсан байж болзошгүй хэргийн талаар бид мэдээлсэн.
Хэргийг тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр АТГ-аас нэр бүхий шүүгч нарыг авлигын хэргээр прокурорын зөвшөөрөлтэйгөөр баривчилгаа явуулжээ. Харин энэ сарын 23-ны өдөр 461-р хорих ангид 48 цагийн хугацаанд саатуулагдахаар ирсэн гавьяат хуульч Л.Бямбаа нь суллагдахаасаа таван цагийн өмнө өөрийгөө боомилсон гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна.
Талийгаачийг АТГ-аас Салхитын мөнгөний ордтой холбоотой авлигын хэргээр Н.Мөнгөншагайн хамтаар түр саатуулаад байсан аж. Гэхдээ түүнийг Салхитын мөнгөний ордтой ямар сэжүүрээр холбогдсон нь тодорхойгүй байна. Талийгаачийг амиа хорлосон уу, гаднын нөлөөтэй амиа алдсан уу гэдгийг хуулийн байгууллага эцэслэн тогтооно. Эх сурвалжуудын мэдээллээр талийгаач нь өмсөж байсан хөхний даруулгаараа өөрийгөө боомилсон байдалтай олдсон гэгдээд буй.
Одоогоор хорих ангид хүн нас барсан хэргийг мөрдөн байцаах газарт шалгаж байгаа юм.
ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ХӨРӨНГӨЖСӨН ГЭХ ЗУРГААН ШҮҮГЧИЙН НЭГ НЬ ТАЛИЙГААЧ Л.БЯМБААГИЙН ХҮҮ ГЭВ
Тэгвэл өнгөрөгч долоо хоногт АТГ-аас зургаан шүүгчийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх үндэслэлээр нэр бүхий зургаан шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэхээр хэрэг бүртгэлт нээжээ. Мөн шалгагдаж буй зургаан шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлсэн.
Тухайлбал, дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан шүүгчид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгах хүсэлт гаргасан аж.
Тэгвэл Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат нь талийгаач Л.Бямбаагийн хүү бөгөөд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх зургаан шүүгчийн нэгд багтсан байна. Шүүгч С.Төмөрбат нь 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хувийн орлогоо 41 сая, гэр бүлийн орлогоо 21 төгрөг гэж мэдүүлсэн байна. Мөн 478 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, 47 сая төгрөгийн үнэ бүхий хоёр автомашинтай гэж мэдүүлжээ.
АТГ: Талийгаачийг хахууль өгсөн хэрэгт шалгаж байсан
Авлигын хэргийн хамсаатан байж болзошгүй гэх асуудлаар 461 дүгээр ангид шалгагдаж байсан сэжигтэн амиа хорлосон байж болзошгүй асуудал хуулийнхны дунд дуулиан тариад байна. Амиа алдсан сэжигтэнг Ч.Бямбаа гэдэг байсан бөгөөд насаараа шүүгч хийсэн гавъяат хуульч байжээ. Тэрбээр ШЕЗ-д ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсны дараа өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлдэг байсан гэнэ. Талийгаач Салхитын мөнгөний ордын дуулиантай нэр холбогдож, Монголын хуулийнханд авлига өгсөн гэх хэрэгт хамсаатан байж магадгүй гэх үндэслэлээр АТГ-аас баривчлан саатуулсан бөгөөд 461 дүгээр ангид сэжигтнээр хоригдох явцдаа нас барсан аж. Тиймээс Авлигатай тэмцэх газар энэ хэргийн талаар мэдээлэл өглөө.
Авлигатай тэмцэх газраас саатуулсан байсан, хуульч Ч.Бямбаа энэ сарын 22-нд амиа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа. Энэ асуудалд АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар “Үнэхээр харамсмаар үйл явдал боллоо.
Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шалгах явцад их хэмжээний хээл хахууль өгсөн хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор талийгаачийг сэжигтнээр тогтоон, 48 цагийн хугацаатай саатуулсан байсан. Хээл хахууль өгсөн хэрэгт хамтран оролцсон гэх хэрэгт шалгагдаж байсан.
Талийгаачийн ажлын байр, гэрт нь нэгжлэг хийж, баримтууд хураасан. Тухайн хүнийг сэжигтнээр баривчлан 461 дүгээр ангид саатуулан шалгах явцад ийм харамсалтай явдал болжээ. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байгаа учраас цагдаагийн байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл авах хэрэгтэй. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хувьд 48 цагийг хэтрүүлсэн асуудал байхгүй. Цаг хугацаагаар хянагдсан хуулийн дагуу явагдсан" гэв.
Хэвлэлийн хуралд АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нар оролцож буй юм.
Холбоотой мэдээ