Ц.Мөнх-Оргил: Төмөр зам төрийн өмчид байх ёстой

Хуучирсан мэдээ: 2015.04.13-нд нийтлэгдсэн

Ц.Мөнх-Оргил: Төмөр зам төрийн өмчид байх ёстой

-Төмөр зам төрийн өмчид байх ёстой. Үүнтэй хэн ч маргахгүй-

Ц.Мөнх-Оргил: Төмөр зам төрийн өмчид байх ёстой

Тавантолгойн төслийг хоёр долоо хоногт багтаан УИХ-аар хэлэлцэж шийдвэр гаргана. Эдийн засаг хямралтай байгаа энэ үед олон нийт бүгд энэ сэдвийг анхааран харж байгаа. Таван толгойн гэрээний талаар хуульчдын дунд ч маргаан өрнөж буй. Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргилтой энэ талаар ярилцлаа.

-Та бол хуульч хүн, нөгөө талаас Таван толгойн гэрээ тойрон яригдаж байгаа олон хууль, тогтоомж, баримт бичгээс батлалцаж явсан хүмүүсийн нэг. Тэгэхээр Таван толгойтой холбоотой, олон нийтэд ойлгомжгүй байгаа хэд хэдэн асуудлаар танаас мэргэжлийн хуульч хүний тань хувьд тодруулга авмаар байна. Юуны өмнө асуухад, та Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй биечлэн танилцав уу? Энэ гэрээний хувьд эдийн засгийн үр ашиг гэхээсээ илүүтэй Монгол Улсын хууль, тогтоомжуудыг зөрчсөн гэдэг асуудал хамгийн их яригдаж байна. Та гэрээтэй танилцаж амжсан бол энэ тал дээр ямар зүйлсийг анзаарав? Хууль тогтоомжуудыг зөрчсөн асуудал үнэхээр байна уу?

-Засгийн газраар эцэслэн хэлэлцэгдээгүй, УИХ-д албан ёсоор өргөн бариагүй байгаа төслөөр ийм их маргаан мэтгэлцээн болж байсныг мэдэхгүй л юм байна. Би parliament.mn сайт дээр тавигдсан гэрээний төслийг уншсан. Мөн консорциумын нөхдүүд надаас яриа хэлэлцээрийн дундуур ганц нэг хууль тогтоомжийн талаар зөвөлгөө авч байсан болохоор гэрээний төслийн талаар ойлголттой байгаа. Эдийн засгийн болон үр ашгийн нарийн тооцоо, бодлогын асуудлаар надаа мэдэх зүйл алга, тэр бол яриа хэлэлцээр хийж байгаа талуудын мэдэх асуудал. Хууль тогтоомжтой нийцэж байна уу гэдэг дээр бол санаа бодлоо хэлж болно. Тэр тусмаа одоо яригдаад байгаа асуудлууд нь нэг их хуулийн нарийн мэргэжил, ур чадвар шаардаад байх асуудал биш байна лээ. Сайт дээр байгаа төслийг сайт дээр байгаа хууль, тогтоомжтой тулгаж унших л асуудал байнлээ.

-Хамгийн түрүүнд төрийн хувь эзэмшлийн тухай асуумаар байна. Тавантолгой бол төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн стратегийн орд. Иймээс төр 50% эзэмших ёстой, ордыг ашиглах компанийн 50%-ийг ч төр эзэмших ёстой, гэтэл хувийнханд, хятадуудад өгөх гэлээ гэж яриад байгаа?

-Нэгдүгээрт, Эрдэнэс-Тавантолгой компаниараа дамжуулаад Монголын төр Таван толгойг 100% эзэмшсэн хэвээрээ байна. Лиценз шилжихгүй бөгөөд төрийн өмчит Эрдэнэс- Тавантолгой компани дээрээ хэвээрээ байгаа. Энийг гэрээний төслөөс ч, Энхсайхан сайдын тайлбараас ч харж болно. Засгийн газар ч гэсэн 2014 оны 268-р тогтоолоороо Таван толгойн ажлын хэсэгт анх чиглэл өгөхдөө “Ордын лицензийг нь шилжүүлж болохгүй, Эрдэнэс Тавантолгой дээр хэвээр үлдэнэ. Гэхдээ хөрөнгө оруулагч буюу оператор компани олоод ажиллуулаарай” гэсэн даалгавар өгсөн юм байна лээ. Яг энэ даалгаврын дагуу лиценз төрд хадгалагдаж байгаа. Хоёрдугаарт, хөрөнгө оруулагч оператор компанийн 50% нь монгол компани байх ёстой гэсэн хуулийн шаардлага байхгүй, Засгийн газрын тогтоолд ч байхгүй юм байна лээ. Харин ч бүр эсрэгээрээ, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй, эрсдлээ даагаад явах хувийн компани байх ёстой гэсэн заалт байна. Жишээ нь, УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоолд “Таван толгойн орд газраас олборлож байгаа бүтээгдхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан, нэмүү өртөг шингээж, экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулах, уг зорилгоор орд газрыг иж бүрэн хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг эдийн засагт үр ашигтай, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байх хувилбараар, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар цогцоор нь шийдвэрлэх” чиглэлийг Засгийн газарт өгсөн байна. Энэ хууль, УИХ-ын тогтоолуудыг www.legalinfo.mn дээрээс хэн ч татаж үзээд гэрээний төсөлтэй харьцуулаад харж болно. Гуравдугаарт, энэ төслийг харахад ММС гэсэн компанитай гэрээ байгуулсан юм байхгүй байна. Гэрээний төслийг харсан ч тэр, М.Энхсайхан даргын тайлбарыг сонсоход ч Монгол Улсад бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг, татвараа төлдөг Энержи Ресурс ХХК, Энержи Ресурс Корпорацитай гэрээ байгуулж байгаа юм байна. Эдгээр нь бол Монгол улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулиараа дотоодын хөрөнгө оруулагчид.

-Дараагийн нэг асуух чухал зүйл бол төмөр замын асуудал. Төрд байх ёстой төмөр замын суурь бүтцийг хувийн компанид өгөх гээд байна гэдэг зүйл маш хүчтэй яригдаж байна. Энэ тал дээр?

-Ер нь энэ яригдаад байгаа төмөр зам бол эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтэц мөн үү гэвэл мөн. Энэ утгаараа төрийн өмчид байх ёстой юу гэвэл тийм, төрийн өмчид байх ёстой. Хуулиараа ч тэр, УИХ-ын тогтоолоороо ч тэр. Үүнтэй хэн ч маргахгүй. Гэхдээ хууль тогтоомжоороо төрийн өмчит төмөр замыг бий болгох 2 хувилбар байна. Эхнийх нь, улс өөрөө төрийн өмчит компаниараа дамжуулж шууд хөрөнгө оруулалтаа хийгээд, өөрийнхөө өмчлөлд аваад явах нэг арга байна. Нөгөөдөх нь, концессийн гэрээ байгуулж, хувийн хөрөнгө оруулалтаар төмөр замаа бариад, ашиглаад, тодорхой хугацааны дараа буцаагаад төрийн өмчид шилжүүлж авах. УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 6.4.1-д “Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа холбогдох хуулийн дагуу төмөр замын суурь бүтцийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж байгуулах бөгөөд улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой иөмөр замын суурь бүтцийг ашиглалтын тодорхой хугацааны дараа төрийн өмчид шилжүүлнэ” гэж заасан байгаа. Ийм л хоёр хувилбар байгаа юм. Засгийн газар эхлээд 2012 онд 121 дүгээр тогтоолоороо нэгдүгээр хувилбарыг сонгосон байдаг. Тогтоол гаргаад, төмөр замын лицензийг МТЗ компанид шилжүүлж, хөрөнгө оруулалтаа өөрөө хийгээд бариад, өмчил гэсэн даалгавар өгсөн. Ингээд 2 жил болсон. Хийсэн ажлын үр дүн, эдийн засгийн хямрал гээд юм юмыг тооцож үзээд ер нь бол энэ төмөр замыг бүхэл бүтэн том ордын ашиглалттай нь хамтруулаад, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр бариулахаар шийдсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нэгдүгээр хувилбараас татгалзаж, 2014 оны 268-р тогтоолоороо хоёрдахь хувилбар буюу концессийн гэрээгээр бариалаад, тодорхой хугацааны дараа төрийн мэдэлд шилжүүлж авах хувилбарыг сонгосон байгаа. Тухайлбал, энэ тогтоолын 1(e)-д “Эхний ээлжинд Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах, ашиглалтад орсноос хойш 30 жилйин дараа 51 хувийг төрийн мэдэлд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх үндсэн нөхцөл бүхий барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх эрхийг Концессийн тухай хуульд заасан журмын дагуу хөрөнгө оруулагчид олгох”-оор шийдвэрлэсэн байгаа юм. Үүний ч дагуу Энхсайханы ажлын хэсэг яриа хэлэлцээрээ хийгээд юм байна лээ.

Мэдээж, дээрхи хоёр хувилбарын алийг нь сонгох уу, аль нь илүү үр өгөөжтэй вэ гэх мэт эдийн засгийн тооцоо судалгаа, бодлогын чанартай маргаан байж л таараа. Тэрийг Засгийн газар тооцоод, УИХ эцсийн үгээ хэлнэ байх. Тэр бол тусдаа асуудал. Би тэрийг мэдэхгүй, харин одоогийн төсөлд тусгасан хувилбар бол хууль зөрчөөгүй, харин ч хуулийн дагуу, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу гэдгийг л хэлээд байгаа юм. Эдийн засгийн үр өгөөжийг ярих, хууль зөрчсөн эсэхийг ярихын хооронд их зөрүү байгаа л гэдгийг хэлээд байгаа юм.

-Төрөөс баримтлах төмөр замын бодлоготой зөрчилдөөд байгаа юм биш үү? Бас төмөр замын газрыг 60 жилээр өгсөн байна гэж А.Гансүх зөвлөх жиргэсэн нь багагүй дуулиан тарьсан.

-Зөрчилдөөгүй ээ. Та өөрөө сайтууд руу ороод гэрээний төслийг хууль, УИХ, Засгийн газрын тогтоолуудтай тулгаад үз л дээ. Би дээр бодлогын баримт бичгээс иш татаж хувийн хөрөнгө оруулалтаар төмөр зам барьж болох тухай тайлбарласан шүү дээ. Газрын хувьд асуудал бүр ч ойлгомжтой. Монгол улсын Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.1-д “Төмөр замын зурвас газар төрийн өмч байна” гээд маш тодорхой заасан. Би өөрөө энэ хууль, бодлогын баримт бичгийг батлахад оролцсон хүний хувьд мэдэж байна. Өмчлөлийн асуудал байхгүй. Тодорхой нөхцлөөр, тодорхой хугацаанд эзэмшүүлж ашиглуулна. Төмөр замын зурвас газрыг ашиглах эрх өгөхгүйгээр төмөр зам бариад ашигла гэсэн шаардлага хөрөнгө оруулагчдад тавьж болохгүй нь хэнд ч ойлгомжтой. Концессийн гэрээ дуусахлээр зурвас газар эзэмшиж ашиглах эрх төмөр замын суурь бүтэцтэйгээ хамт төрийн өмчийн аж ахуйн нэгжид шилжинэ. Хугацааны хувьд 30 жил юс байнлээ. 60 жил биш, яагаад гэвэл концесс нь өөрөө 30 жилээр юм байнлээ. 30 жилийг их, бага гэж маргаж болно. Гэхдээ хууль зөрчсөн зүйл байхгүй. Монгол улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12.1-ээр “Хөрөнгө оруулагчид газрыг 60 жил хүртэл гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг нэг удаа 40 жилээр сунгах” эрх гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт нээлттэй байгаа. Дахиад хэлье, төслийн үр ашгийн тооцоо хийж хугацаан дээр маргаж болно, гэхдээ хууль зөрчсөн зүйл байхгүй. Энэ бол угаасаа бүгд ойлгомжтой, заавал хуульч хүн тайлбарлаад байх ч шаардлагатай зүйл биш л дээ.

-Наад заалтаас чинь арай өөр л заалт яригдаад байсан?

-Мэдэхгүй дээ, та өөрөө хууль тогтоомж, энэ төслөө сайн уншаад үз л дээ. Хуулинд “улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтэц” гэж юу юм, ямар зохицуулалт байх уу гээд бүгд дэлгэрэнгүй заачихсан байгаа.

-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай зөрчилдсөн юм бий юу?

-Хууль тогтоомжтой нийцэж байхад Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай зөрчилдөнө гэж байхгүй ээ. Угаасаа хууль тогтоомж маань энэ үзэл баримтлалтай нийцэж гарч байгаа шүү дээ. Тэгээд ч ҮАБЗ энэ гэрээний төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн гэж сонссон, үнэн худлааг мэдэхгүй.

-Ерөөсөө стратегийн ордоос хил сэтэлж гарч байгаа төмөр замыг хувийнхнаар бариулж огт болохгүй гэж тайлбарлаад байгаа, энэ ер нь юуны, ямар заалт вэ?

-Тийм заалт байхгүй. Зарим замыг төсвийн хөрөнгөөр, заримыг нь хувийн хөрөнгө оруулалтаар барина. Сонголтоо Засгийн газар, УИХ хийнэ. Ерөөсөө болохгүй гэсэн хуулийн шаардлага байхгүй.

-Төрийн өмчит Монголын төмөр зам компани шинэ төмөр замын төсөлд 280 сая доллар зарцуулсан мөртлөө ганц ч км төмөр зам бариагүй, шороо л овоолсон байгаа гэдэг. Одоо энэ ажлыг консорциумд хүлээлгэж өгөөд, гаргасан мөнгийг нь консорциумаас авах гэж байгаа гэсэн. Энэ тохиолдолд энэ олон сая долларын зарцуулалтыг шалгахгүй хүлээж авна гэж байх уу?

-Шалгах юу байхав дээ, аудит хийлгэнэ шүү дээ. Зөвхөн энийг ч биш. Хөрөнгө оруулагч талын ч хийсэн, бүтээсэн, нийлүүлж байгаа зүйлд аудит хийж тооцоо нийлж таарах байх. Ийм том хэмжээний төсөлд байтугай хавьгүй жижиг зүйл дээр хийдэг л ажил.

-Одоо Тавантолгойн гэрээний маргаан дагуулаад байгаа зарим нөхцлүүдээс асуумаар байна. Жишээ нь, гэрээг 30 жилийн хугацаатай байгуулаад, дахиад автоматаар 30 жилээр сунгагдах нөхцөлтэй хийсэн гэж байгаа. Энэ зөв үү?

-Зөв бурууг би сайн мэдэхгүй, та ажлын хэсгээс асуумаар юм байна. Энхсайхан сайдын мэдээллээс үзэхэд, сүүлийн төсөл дээр автомат сунгал байхгүй гэж тайлбарлаж байх шиг байсан. Гэхдээ ийм хэмжээний гэрээ хэлцэл хийгдэж байхад 30 жил гэдэг бол байдаг л хугацаа л даа. Сунгах ч асуудал байдаг.

-Монголын Засгийн газрын үүрэг бол их тодорхой, харин хөрөнгө оруулагч консорциумын үүрэг их тодорхойгүй байна гэж УИХ-ын дарга шүүмжилсэн?

-Энэ бол гэрээний гэдэс дотортой холбоотой асуудал байна. Засгийн газар “Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 268 дугаар тогтоолоор маш тодорхой зорилт дэвшүүлсэн байгаа юм. Гэрээний төслийг тэр тогтоолтой тулгаж үзвэл М.Энхсайхан сайдын ахалсан ажлын хэсэг Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлжээ гэж дүгнэхээс өөр аргагүй. Хөрөнгө оруулагч ол, гэхдээ ашиглалтын лиценз шилжүүлэхгүй гэсэн байгаа юм, жишээ нь. Энэ амаргүй нөхцлийг шийдүүлсэн байна. Нэмэлт хайгуул хийж, нөөц нэмэх, Чалкогийн өрийг төлж барагдуулах, 2.5 жилд багтаан 30 сая тонн нүүрс угааж баяжуулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах, улсын төсөвт урьдчилан төлбөр хийх, төмөр замд оруулсан хөрөнгийг буцааж өгөх, төмөр замыг өөрийн хөрөнгөөр барих, 51 хувьд нь Монголын компани байх ёстой гээд бүх л нөхцлийг биелүүлсэн харагдаад байгаа юм.

-Гэрээг цуцалсан тохиолдолд консорциумын гишүүн Шинхуа Энержи компанийн 30 жилд олох байсан ашгийг манай тал төлөх үүрэг хүлээсэн тухайд юу хэлэх вэ? Энэ ч арай дэндэнэ ээ гэсэн утгатай жиргээ хүртэл явсан?

-Заалт нь гэрээний төсөл дээрээ байнлээ, уншаад үзээрэй. Хөрөнгө оруулалт хийсний дараа манай тал гэрээг цуцалвал ажилласан жилээсээ шалтгаалж олох байсан ашгаа тооцох аргачлал гаргасан юм байна. Жишээ нь, 10 жил ажилласны дараа цуцалвал, 20 жилийн дараа цуцалвал өөр өөр хэмжээний ашиг тооцох юм байна. Байдаг л нөхцөл л шүү дээ. Нэг талаас хөрөнгө оруулалтыг хамгаалж, хөхүүлж байна, нөгөө талаас манай талыг сахилгажуулж байна. Төмөр зам, үйлдвэр бариад, Чалка-гийн өрийг төлөөд, улсад урьдчилгаа төлөөд, 3-4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгээд явж байхад гэрээг цуцлавал яах уу гэсэн асуудалд л хариу өгсөн хэрэг.

-Нөгөөтэйгүүр, Сумитомо корпораци консорциумын бүрэн эрхэт гишүүн байж чадаж байна уу? Зүгээр худалдааны л түнш болохоос хөрөнгө оруулагч биш гэдэг тайлбар яваад байгаа?

-Консорциумын гишүүд бүгд л хөрөнгө оруулагчид шүү дээ. Хоорондоо ярьж тохироод үүргээ хуваагаад, манай талын нөхцлийг хүлээн зөвшөөрөөд байхад чи хөрөнгө оруулагч мөн, чи биш гэж хэлэх үү? Тэгээд ч Монгол улсын Хөрөнгө оруулалтын тухай хуулинд хөрөнгө оруулалт гэж Монголд оруулж байгаа “биет болон биет бус хөрөнгийг” хэлнэ гээд заасан байгаа.

-Ингэхэд хууль эрхзүйн хувьд ямар зүйлийг хөрөнгө оруулалтанд тооцдог юм бэ? Дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалтанд Энержи Ресурс компанийн одоо оруулсан хөрөнгө оруулалтыг хамруулж болохгүй юу? Уул уурхайн мэргэжлийн хүмүүс хэлэхдээ, Ухаа Худагийн уурхай дагасан дэд бүтцийг ашиглаж байж гэрээ зурагдмагц шууд экспортоо хийх боломж бүрдэнэ гээд байгаа?

-Монголчууд юм хийгээд, бүтээгээд, хөрөнгө оруулалт хийгээд, тэрийгээ үнэлүүлье, тооцуулъя гэхээр тэр нь хөрөнгө оруулалт болдоггүй, заавал гадныхан орж ирэхээр хөрөнгө оруулалт гэж тооцдог юм байж болохгүй л дээ. Тэгээд ч тэр хөрөнгө оруулалтыг хөндлөнгийн аудитаар үнэлж авах байлгүй дээ. Ер нь ч Монголын Энержи Ресурс энэ консорциумд орж байгаагийн нэг гол утга учир нь төсөл шууд хөдлөөд явна, цаг алдахгүй, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа гэдгийг хүмүүс ойлгож л байгаа л даа.

-Сүүлд М.Энхсайхан сайд мэдэгдэл хийсэн. Ингэхдээ аль 2-р сард яригдаад явж байсан техникийн баримт бичгийг задлаад, тэрэн дээр үндэслээд яриад явж болохгүй гэдгийг хэлсэн байсан. Тэгэхээр техникийн баримт бичиг гэж яг юуг хэлж байна вэ?

-Ер нь аливаа баримт бичиг, тэр тусмаа төр засгийн, ийм түвшний хөрөнгө оруулалтын гэрээ, боловсруулалтын шатанд байгаа аливаа баримт бичиг заавал нууц байдаг шүү дээ. Зөвхөн хөрөнгө оруулалтын гэрээ ч биш, хуулийн төсөл, бүр яамны хэмжээнд боловсруулж байгаа бичиг баримтууд ч гэсэн заавал нууцын зэрэглэлтэй байдаг. Яагаад гэвэл яг юу хийж, ямар маргаан дундаас гарсан юм бэ гэдэг асуудал бол манай дотоод буюу “гал тогооны” асуудал. Яг төрийн бодлого ийм байна гэдэг нь өөрөө олон нийтэд ил тод байх ёстой л юм шүү дээ. Энэ хоёрын хооронд зөрөө байгаа.

-Ер нь УИХ-аар хэлэлцэнэ, хэлэлцэхгүй гээд маргаан яваад байна, энийг яаж ойлгох ёстой юм бэ?

-Ямар нэгэн байдлаар УИХ энэ асуудлыг хэлэлцэж л таарна даа. Хэлэлцэх нь ч зөв байх гэж бодож байна. Олон жил хэрэгжих энэ том төсөл, хөрөнгө оруулалтыг УИХ-аараа хэлэлцэж дэмжих эсэхээ шийдэх нь төрийн бодлого тогтвортой байх, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, олон нийтэд ч бүрэн дүүрэн мэдээлэл өгөх гээд олон талын ач холбогдолтой байх. Тэгээд ч УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолоор бас ийм шаардлага байгаа байх гэж бодож байна. Байхгүй байсан ч УИХ татаж аваад хэлэлцэж болно л доо. Харин ямар хэмжээнд, гэдэс дотор луу нь хэр их орохоо шийдэх л асуудал байгаа байх.

-Тодорхойгүй орхигдсон, тохиролцоо хийгдээгүй чухал асуудлын нэг нь иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцаа гэсэн байна?

-Наадах чинь бүр ч их ойлгомжтой шүү дээ. Хөрөнгө оруулагчаас авсан, олсон зүйлээ хэзээ, яаж зарцуулах гэдэг чинь монголчууд бидний дотоодын л асуудал болохоос хөрөнгө оруулагч-оператор компанид хамаагүй зүйл л дээ. Засгийн газар, УИХ өөрөө л шийднэ шүү дээ. Хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа хийнэ, татвар болон бусад төлбөрөө хийнэ, тэрийг яаж зарцуулах нь бидний л асуудал.

-Эцэст нь, гэрээний маргаанаас үүссэн арбитрын хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон Засгийн газар өөрийн халдашгүй дархан эрхээсээ татгалзаж байгаа нь хууль зөрчсөн явдал болох уу гэдгийг асууя.

-Монгол улсын ч Засгийн газар бай, АНУ-ын Засгийн газар ч бай, ямар ч Засгийн газар бизнес, арилжааны шинж чанартай гэрээ хэлцлийг хувийн секторын төлөөлөлтэй хийх бүрдээ энэхүү дархан эрхээсээ татгалздаг практиктай. Энэ бол дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн зүйл. Манай улсын Засгийн газраас байгуулсан олон зээлийн болон бусад гэрээнүүдэд энэ заалт байгаа. Энд хуулийн зөрчил байхгүй.

-Цаг гарган ярилцсанд танд их баярлалаа.

Б.ЭНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж