94 хүүхэд, 22 хүргэн, бэр, 27 ач, гучтай ээж

Хуучирсан мэдээ: 2019.02.26-нд нийтлэгдсэн

94 хүүхэд, 22 хүргэн, бэр, 27 ач, гучтай ээж

Дархан хот өнгөрсөн жил “Хүүхдэд ээлтэй” хотоор шалгарч, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь улсын хэмжээнд шилдэг агентлагаар тодорчээ. Иймээс Дархан хотыг хэрхэн хүүхдэд ээлтэй хот болж, хүүхэд хамгааллын чиглэлээр хийж буй ажлынх нь талаар туршлага солилцохоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 21 аймаг, есөн дүүрэг дэх салбарын төлөөллүүд Дархан хотыг зорьсон юм.

Дархан хот нь 100 гаруй мянган хүн амтай. Нийт хүн амын 60-аас дээш хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг. Иймээс Дарханыг "Залуучуудын хот" гэж нэрлэдэг.

Тус хотыг "Залуучуудын хот" гэдгийг нь илтгэх олон бүтээн байгуулалтын ажил хийгджээ. Тухайлбал, “Хүүхэд хөгжлийн ордон”, “Залуучууд хөгжлийн төв”, “Түр хамгаалах байр”, “Зулзагын гол” хүүхдийн зуслан, “Залуучуудын гэрэлт гудамж”, Олон улсын стандартад нийцсэн “Мини хөл бөмбөгийн талбай” зэрэг чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх, хөгжих, хамгаалагдах орчныг бүрдүүлж, шинэ ажлын байрыг бий болгосон бүтээлч санаачилгуудыг онцолж болмоор.

Монгол Улсад хамгийн анх байгуулсан таван асрамжийн төвийн нэг нь Дархан хотод байрладаг. Энэ бол "Нарны хүүхдүүд" асрамжийн төв. Өнөөдөр энэ төв Монголд төдийгүй Япон улсад алдартай. Тус төвийн дарга, гавьяат багш С.Эрдэнэчулуун өнгөрсөн 20 жилийн хугацаанд гудамжны тэнэмэл, орон гэргүй, бүтэн өнчин хүүхдүүдийг хүний зэрэгтэй хүн болгож, дэлхийд Монгол Улсын нэрийг цуурайтуулах шилдэг боловсон хүчин болгон хүмүүжүүлж явна.

С.ЭРДЭНЭЧУЛУУН: ЭХ ХҮНИЙ АЖЛЫГ ХИЙГЭЭД ЯВЖ БАЙНА

"Нарны хүүхдүүд” төв нь 2000 онд Английн “Хүүхдийг ивээх сан”-гийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад байгуулагдсан анхны таван халамжийн төвийн нэг бөгөөд энэ төвийн тэргүүнээр Монгол улсын гавьяат багш, мэргэжлийн пионерын удирдагч С.Эрдэнэчулуун 2002 оноос хойш ажиллаж, үйл ажиллагааг нь өргөжүүлэн хөгжүүлжээ.

"Нарны хүүхдүүд" асрамжийн төвийн дарга, Монгол Улсын гавьяат багш С.Эрдэнэчулуун

С.Эрдэнэчулуун багш 1976 оноос хойш хүүхдүүдтэй ажиллаж, тэр тусмаа 1997 оноос хойш тэнэмэл, гудамжны хүүхдүүдтэй ажиллаж байсан туршлага дээр тулгуурлан өнөөдрийг хүртэл энэ асрамжийн төвийн үйл ажиллагаа авч яваа нэгэн.

"Нарны хүүхдүүд" асрамжийн төвийг 2005 он хүртэл Японы "Азийн хүүхдүүд сан" санхүүжүүлж байжээ. Энэ үед С.Эрдэнэчулуун багш хүүхдүүдээ монгол ахуй, ардын урлагаар хүмүүжүүлэхийг зорьсон тухайгаа бидэнд хуучилсан юм. Ингээд 2003 онд Японы Окинова хотод урлагийн анхны тоглолтоо таван хүүхдийн бүрэлдэхүүнтэй хийснээс хойш өнөөдрийг хүртэл 24 удаа Японы 14 хотод урлагийн тоглолт хийжээ. Тус төвийн хүүхдүүд алдарт Диснейлендийн хөгжмийн фестивалийн гранпри шагнал хүртэж байсан юм байна.

"Нарны хүүхдүүд" асрамжийн төвийг санхүүжилт 2006 оноос эхлэн зогссон тул С.Эрдэнэчулуун багш олон газраас хандив, санхүүжилт гуйсан ч боломж гараагүй гэнэ. Энэ хэцүү үед нь хэрвээ хүмүүс түүнд мөнгө өгсөн бол тэрбээр өөхшөөд, улам л бэлэн мөнгө, бэлэн гар хараад байх байсан ч болов уу гэж байв. Ингээд 10 сарын туршид мөнгөгүй, маш хүнд байдалтай байсан гэнэ. Энэ үед тэрбээр хүүхдүүдээ тэжээхийн тулд хуучин оёдлын машин худалдан авч, жижиг оёдлын цех ажиллуулж эхэлжээ. Гэхдээ оёсон бүтээлээ хаана, яаж борлуулахаа мэдэхгүй байсан тул япончууд руу захидал бичиж, улмаар япончууд тэдний бүтээлийг Япон улсад борлуулахад нь тусалсан юм байна.  Тэр цагаас хойш "Нарны хүүхдүүд" төв өрнөөсөө салж, Япончуудтай гэрээ хийжээ. Гэрээнд Япончууд багш нарын цалин, НДШ, хүүхдүүдийн хоолны зардлыг гаргах тухай л зааж өгчээ. Тухайлбал, тухайн үеийн гэрээнд махыг кг-750 төгрөгөөр үнэлсэн нь өнөөдрийг хүртэл үйлчилж байгаа гэнэ. Энэ үер С.Эрдэнэчулуун багшаас сэтгүүлчид асуулт асуусан юм.

-Махыг 750 төгрөгөөр үнэлсэн гэж байна. Өнөөдөр мах хэдэн төгрөг байгаа билээ. Гэрээндээ өөрчлөлт оруулъя гэж бодож байгаагүй юу?

-Юмны үнэ нэмэгдлээ гээд хамаагүй шаардлага тавихаар япончуудыг өөрсдөөсөө холдуулчихвий гэж их айдаг байсан. Тэд биднийг тэжээх албагүй шүү дээ. Иймээс бид өөрсдөө мөнгө босгох ажлаа хийж эхэлсэн. Бид оёдлын цехийн орлогоороо хүүхдүүдээ хувцасладаг. Бидний хийсэн бүтээл Японд маш их алдартай. Эрэлт хэрэгцээ ч их. Япончууд бидний бүтээлийг миний нэрээр  "Эрдэнэ" гээд брэнд болгочихсон байсан

-Оёдлын цех нь захиалга ихтэй байдаг уу?

-Тийм ээ. Захиалга ихтэй. Долоо хоног бүр оёдлын цехийн бүтээл Япон руу явдаг. Сүмийн 1000 ширхэг жижиг кимоно мөн хийж, япон руу илгээдэг.  Түүгээрээ бид хүүхдүүдээ хувцаслаад, хичээлийн хэрэглэлийн зардлыг олоод амьдардаг. Мөн бид нарийн боовны жижигхэн цех ажиллуулж байна. Нарийн боовны цехэд үйлдвэрлэсэн боов, талхаар хоёр цэцэрлэгийн орон гэргүй 100 гаруй хүүхдүүдийг тэжээж, дэмжиж явна. Үүнээс гадна, бид урлантай. Урлангийн бүтээлээ борлуулаад урсгал зардлаа олчихдог. Зуны цагт урлангийн бүтээл нэлээн сайн гүйлгээтэй байдаг.

-Хүүхдүүд 18 нас хүрээд асрамжийн төвөөс явах хэрэгцээ, шаардлага гардаг. Энэ үед нь та ямар зохицуулалт хийж байна вэ?

-Манайхыг 50 хүүхэд төгсөж гарсан. Тэдний 41 нь их дээд сургуульд орсон, ес нь МСҮТ суралцаж байна. Гадаадад найман хүүхэд сурч байна.  Сургалтын зардлын хувьд би бүрэн даадаг. Манай анхны хүүхдүүдээс нэг охин Щвейцарт балетын сургууль төгсөөд одоо Германд балетчинаар ажиллаж байна.

Японд тоглолт хийснээрээ бид цэцэрлэгийн 100 хүүхэд, оюутны зардал, амьдрах зардал болон байшин барилга барих зардлаа олчихдог. Үүгээрээ бид бусад асрамжийн төвөөс өөр.

-Та бүхнийг Япончуудад хариу тусламж үзүүлж байсан гэж дуулсан? 

-Япон улсад цунами болох үеэр бид аймагтаа урлагийн тоглолт хийж, гурван сая төгрөг цуглуулан Японы ард түмэнд хандивласан. Улмаар Япон улсад бидний нэр хүнд маш их өссөн. Тус улсын Гадаад хэргийн яамны танилцуулгад улс орны онцлох үйл явдал гэсэн хэсэгт Монголоос асрамжийн төвийн хүүхдүүд мөнгө цуглуулж өгсөн гээд биччихсэн байдаг.

Тухайн үед Фукушима хотын иргэд манай асрамжийн төв хаана байдаг тухай их олон асууж, сурагласан байдаг юм байна лээ. Тэд биднийг олохгүй олон жил болсон тухайгаа ч хуучилж байсан.

Нэг өдөр Дархан хотын Минж проперти гээд байгууллагын хүмүүс Японд очих үеэрээ япончуудад биднийг зааж өгсөн байсан. Ингээд Японы их хурлын гишүүд, хотын дарга гээд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хүмүүс манай төвд айлчилж байсан. Тэр цагаас хойш зундаа япончуудын хөл хөдөлгөөн манайд тасрахгүй. Бид хүүхдүүдийнхээ хүчээр монгол гэр байгуулсан. Энэ гэртээ зундаа япончуудыг байрлуулан хэдэн төгрөг бас олчихдог.

-Япон дахин тоглолт хийх үү?

-Бид жил бүр тоглолт хийдэг. Энэ жил арваннэгдүгээр сард тоглолт хийхээр төлөвлөж байна. Ингэхдээ бид байнга шинэ уран бүтээлтэй явдаг.

-Одоо хэдэн хүүхэдтэй байна вэ?

-Асрамжийн төвдөө 40 хүүхэд байна. Нийт хүүхдүүд хэд байна вэ гээд бодоод үзвэл их олон. Миний өөрийн дөрвөн хүүхэд, манай асрамжийн төвийг төгссөн 50 хүүхэд, одоо байгаа 40 хүүхэд гэвэл 94 болно. Үүнээс гадна 22 хүргэн, бэр, 27 ач, гучтай. Цагаан сар, Наадмаар бид халуун ам бүлээрээ эндээ цугладаг.

-Олон хүүхэд тэжээн тэтгэхэд амар хялбар биш шүү дээ. Мөнгө босгох өөр ямар ажил хийж байна вэ?

-Би гурван жилийн хугацаатай хүүгүй зээл авсан. Энэ мөнгөөрөө Япон авто угаалгын газрыг ажиллуулж байна. Олны хүч оломгүй далай гэдэг шиг олон хүүхдүүд энэ газарт ажиллаад маш хурдан шуурхай үйлчилгээг үзүүлж байна.

Үүнээс гадна, жил ирэх бүр санхүүжилт маань багасч байгаа тул "Нарны хүүхдүүдийн нууцаас" ном бичиж эхэлсэн. Одоо япон хэл дээр орчуулагдаж байгаа. Удахгүй нээлтээ хийнэ. Би уг нь ном бичээд байхаар хүн биш. Гэхдээ Япончууд намайг ийм зүйл хийхийг ятгасан.

Өнөөдөр японд амиа хорлолт их байна. Иймээс  яагаад ийм тэсвэр хатуужилтай, хөдөлмөрөөр, урлагаар хүүхдүүдийг хүмүүжүүлэх болсон, ямар хүүхдийг ямар болгосон гэдэг талаараа нэг бүрчлэн бич гэсэн зөвлөгөө өгсөн.

Японы хэвлэлийн компани 10 хувийг аваад, борлуулалтыг нь хийж өгнө гэсэн. Иймээс энэ мөнгө маань хүүхдүүдээ тэжээхэд нэмэр болох боловуу гэж бодож байна

-Улсаас ямар нэгэн байдлаар халамж олгодоггүй юм уу?

-Уг нь бол улсаас 3.5 сая төгрөг халамжийн мөнгө авдаг байсан. Гэтэл нэгдүгээр сард тендер зарлагдах сургаар энэ мөнгө зогсчихсон. Энэ мөнгөөр цахилгаан, дулаан, усны мөнгөө төлчихдөг байсан юм. Одоо авто угаалга ажиллуулж байгаа учраас усны мөнгө их гарч байна. Гэхдээ улс бидэнд ямар өгөх албатай биш, бид ямар авах албатай биш гээд энэ зардлаа нөхөхийн тулд хамаг чадлаараа хичээгээд явж байна. Болохгүй ч юм байхгүй. Хэрвээ бэлэн мөнгө байсан бол сэтгэл амар байх байсан байх. Гэхдээ биднийг хуурай аав, ээжүүд маань их дэмждэг.

Яах вэ, ээж хүний хийдэг ажлыг л хийгээд явж байна. Насан туршийн гэр бүл гэдгийг хүүхдүүддээ хамгийн анх амласан тул насан туршид нь хүүхдүүдтэйгээ нэгэн гэр бүл болж явахыг хичээж байна.

ТҮР ХАМГААЛАХ БАЙРААР ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН 22 ХҮҮХЭД "ҮЙЛЧЛҮҮЛЖЭЭ"

Үүний дараагаар бид Дархан-уул аймагт саяхан нээгдсэн "Түр хамгаалах байр"-аар зочилсон билээ.  “Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байр”-ыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар байгуулж, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр тохижуулан ашиглалтад оруулснаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадсан гэдгийг нутгийн удирдлагууд нь хэлж байсан юм.

Биднийг түр хамгаалах байр руу ороход энэ ах эгч нар бидэнд чихэр өгөх гэж байгаа юм уу гэсээр бяцхан хүүхдүүд угтсан юм. Өнөөдрийн байдлаар гэр бүл, сэтгэл санаа, бие махбод, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн 28 хүн энэ төвд ханджээ. Тэдгээрийн зургаа нь насанд хүрсэн хүн байсан бол үлдсэн нь хүүхдүүд байгаа гэлээ.

Энд ирж байгаа хүүхдүүд хэн нэгнээс айсан, хүнтэй дуугарахгүй, харц нь гуниг хураасан, сургууль завсардчихсан үргэлж ширээ доогуур ороод суучихдаг байснаа бодвол түр хамгаалах байрны ажилтнуудын  сэтгэлзүйн тусламж, ярилцах, нийгэмшүүлэх ажил нь үүргээ гүйцэтгэж эхэлжээ. Сургуулиасаа завсардсан байсан хүүхдүүд нь одоо сургаальдаа ч явдаг боллоо. Энэ төв зөвхөн хүүхдүүдтэй ажиллахаас гадна эцэг эхтэй нь мөн адил ажилладаг гэнэ. Ингэснээр хүүхдүүдийг эргээд гэр бүлтэй нь нэгтгэдэг гэнэ.

ДАРХАНЧУУД ХУРИМЫН ШИНЭ ӨРГӨӨТЭЙ БОЛЛОО

Дархан хотын залуу хосуудад тулгамддаг асуудлын нэг бол яах аргагүй гэрлэх ёслолын ордон байдаг. Тус хотын гэрлэх ёслолын ордон нь хувьчлалд шилжсэнээс хойш харж хандах, арчлах хүнгүй байсаар балгас болсон түүхтэй. Иймээс дарханчууд Улаанбаатар болон Эрдэнэт хотыг зорьж, хуримын ёслолоо хийдэг байв.

Иймээс нутгийн удирдлагууд гэрлэх ёслолын ордныг шинээр баригдтал  гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхаа хоёр давхарт гэрлэх ёслолын өргөөг шинээр тохижуулжээ.

Тун удахгүй нээлтээ хийх гэж буй гэрлэх ёслолын өргөө шинээр гэрлэлтээ бүртгүүлэх гэж буй хосод гэр бүлийн боловсрол олгох танхимыг ч мөн байгуулсан байна.

Үүнээс гадна, сүүлийн үед залуучууд хуримын ёслолоо гадаа талбайд зохион байгуулах нь ихэсч байгаа тул тус аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гаднах талбайгаа тохижуулж, хуримын ёслол зохион байгуулах боломжтой талаар ч ярилцаж байсан юм.

Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, залуучуудыг чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, хөгжүүлэх, залуу гэр бүлийг төрийн бодлогоор дэмжихийн тулд нэн тэргүүнд тэдэнд чиглэсэн дэд бүтцийг бий болгох нь чухал. Тэгвэл  Дархан хот нь энэ мэтчилэн хүүхэд хамгаалах, гэр бүлийг дэмжих, залуучуудыг хөгжүүлэх зэрэгт дэд бүтцийг нь бүтээн байгуулчихсан гэдгээ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 21 аймаг, есөн дүүрэг дэх салбарын төлөөллүүдэд танилцуулсан юм. Одоо Дарханчуудад энэ чиглэлд үйлчилгээгээ сайжруулах л үлдлээ гэдгийг нутгийн удирдлагууд нь онцолж байсан юм.

Дашрамд мэдээлэхэд, Дархан хотын гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь  улсын хэмжээнд 2018 онд хийж бүтээсэн ажлаараа тэргүүн байрыг эзэлсэн юм.

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж