МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос өнгөрсөн долоо хоногт намынхаа гурван гишүүнийг гишүүнчлэлээс нь хасах шийдвэрийг гаргаснаар Монголын намууд улам бүр хаалттай болж, хувь хүний халаасных болсны нэгэн тод жишээ боллоо. Өөрөөр хэлбэл, намын төв хорооны шийдвэрийг дагаагүйгээс болоод нутаг заагддаг, ажлаасаа халагддаг, үр хүүхэд нь хүртэл халагддаг байсан үе өнөөдөр МАН нэгэнтэй эргэн ирсэн нь Удирдах зөвлөлийн болоод У.Хүрэлсүхийн шийдвэрийг дагаагүй гэх тайлбар.
Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуйг мөн А.Ганбаатар нарыг 60 тэрбумтай холбоотой, энэ схемийг хэрэгжүүлсэн, намынхаа болон сонгогчдын итгэлийг алдсан гэж үзэж хариуцлага тооцсон бол С.Мөнхчулууны тухайд хамаарал бүхий этгээд нь олон нийтийн газар сэлэм барьж танхайрсан, удаа дараа хар тамхины хэрэгт холбогдсон, намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн гэж үзэж хариуцлага тооцож намаасаа хөөжээ. Уг нь ардчилсан нийгэмд хүн намынхаа бодлого шийдвэрийг дагах албагүй. Энэ бол ардчилалын үнэ цэн, утга учир юм.
Өмнө нь мөрдөгдөж байсан тус намын дүрмийн заалт нь гишүүддээ хариуцлага тооцоход учир дутагдалтай байсан учраас өнгөрсөн Бага хурлаас хариуцлага тооцох дүрмийг оруулж өгсөн нь даргын үзэл бодлыг таалаагүй л бол гишүүнээ хөөдөг байх эрхтэй болсон, МАН-ынхан. У.Хүрэлсүхийн үгийг яв цав биелүүлэх үүргийг Хяналтын ерөнхий хороо хүлээгээд байгаа.
Үнэхээр МАН дүрмээ ягштал дагаж, гишүүддээ хариуцлага тооцдог болж байгаа бол ЖДҮ-чиддээ ч ялгаагүй хариуцлага тооцож намынх гишүүнчлэлээс нь хасах ёстой. ЖДҮ-чид жинхэнэ утгаараа намынхаа нэр хүндийг унагаж цаашлаад өөрт давуу байдлаа ашиглаж улсын тусгай сангаас “хулгай” хийсэн үйлдэлд нь хуулийн байгууллага ч хариуцлага тооцсонгүй мөн намын дарга нь тэдний толгойг илээд өнгөрөв. Гэтэл 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр гарсан 60 тэрбум гэх хэрэгт холбогдуулан бараг гурван жилийн дараа Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг намын гишүүнчлэлээс хассан нь “бай”-гаа оноогүй шийдвэр байлаа.
ЖДҮ-чин гишүүддээ ч мөн ялгаагүй хариуцлага тооцож чадвал МАН-ын дүрмийн заалт нь утга төгөлдөр хэрэгжиж байна гэж ойлгоё. Түүнээс биш хар, бороор нь ялгаж хариуцлага тооцох нь зүйд хэрхэв ч нийцэхгүй эсрэгээрээ муухай харагдуулж байна.
Ардчилсан гэх тодотголтой ардчилсан нам мөн л ялгаагүй гишүүдээ хөөж туух энүүхэнд болсон. Оны өмнөхөн АН Ж.Батзанданг намын гишүүнчлэлээс нь хассан. Мөн үүнээс өмнө С.Баярцогтыг хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж эхлэнгүүт нь АН гишүүнчлэлээс нь хасах шийдвэрийг С.Эрдэнэ дарга гаргаж байсан билээ. Энэ мэтээр намууд ядаж л "хөөгдөгсөд"-ийнхээ үгийг сонсолгүй арга хэмжээ авах болсон нь Монголын намуудаас ардчилал алсарсаар байгаагийн тод жишээ болж буй юм. Коммунист МАН-ын коммунист дарга байг гэхнээ Ардчилалын нэрээр гоёсон Ардчилсан нам ардчилалгүй болно гэдэг эмгэнэлтэй.
Холбоотой мэдээ