2019 оны 1 дүгээр сараас ”Номоо солилцъё” бичил номын сангийн үйл ажиллагааг НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан, JCI Grand зэрэг байгууллагуудтай хамтран НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооноос санаачилсан “УНШЛАГЫГ ДЭМЖИХ 2021” хөтөлбөр болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн #4 Чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.
Төслийн дараагийн номын тавиурыг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр TOP GENIUS сургалтын төвд байрлуулж, хүлээлгэн өглөө.
Тус арга хэмжээнд TOP GENIUS сургалтын төвийн захирал С.Майцэцэг, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга, JCI Grand салбар байгууллагын 2019 оны Eрөнхийлөгч Ж.Дамдинцэрэн болон сургалтын төвийн ажилчид оролцлоо.
Энэхүү төв дээр байрлуулах санаачлагыг С.Майцэцэг гаргаж номын тавиурын төлбөрийг хандивласныг дуулгахад таатай байна.
Бичил номын санг EБС, ИДС, Төрийн байгууллага, хувийн хэвшил, эмнэлэг, цэцэрлэгүүдэд байрлуулах бөгөөд зөвхөн төрийн оролцоотой бус төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд энэхүү төсөл цаашид үргэлжлэх юм.
Өөрөө өөртөө үйлчлэх бичил номын санг тодорхой цэгүүдэд байршуулснаар хувь хүн, гэр бүл, байгууллага, хамт олны ном унших дадал зуршлыг нэмэгдүүлэх, өөрийнхөө уншсан номыг бусдад уншуулах, нийтээрээ номонд хайртай байх, эерэг хандлагыг бий болгох зорилготой юм.
“Номоо солилцъё” төслийн дүрэм энгийн – НЭГ НОМ ӨГӨӨД НЭГ НОМ АВАХ юм. Та бүхэн бичил номын сангаар үйлчлүүлэхийг уриалж байна гэж нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.