Су.Батболд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш бараг гурван сарын хугацаа өнгөрөв. Гэсэн ч эрх баригчид түүний орыг залгах эрхмийг одоо болтол тодруулж, их хотыг “эзэн”-тэй болгож чадсангүй. НИТХ өнгөрсөн нэгдүгээр сард хотын шинэ мэрийг сонгохоор хуралдаж, танхимаас төлөөлөгч С.Мөнхчулуун гэдэг “битүү морь” нэрээ дэвшүүлж ялалт байгуулсан ч Ерөнхий сайд батламжилсангүй. Тиймээс нэг сая гаруй хүн амтай нийслэл хотын Засаг даргаар ажиллах кандидатыг дахин сонгох марафон хөшигний наана, цаана дахин өрнөх болов. Тэгвэл мэргэжилтнүүдийн хувьд “Улаанбаатар гэдэг угтаа хоёр том бүтээн байгуулалт юм. Хөрсөн дээр нь олон хүн оршин суудаг энэ хотын доор дэд бүтэц хэмээх их бүтээн байгуулалт бий” хэмээн ярьдаг Улаанбаатарыг удирдах эрхийг ямар кандидатад өгвөл зохилтой вэ. УИХ, НИТХ-ын 2020 оны сонгууль эхлэхэд нэг жил гаруйн хугацаа үлдчихээд байгаа энэ үед хотын шинэ мэрийн асуудал эрх баригчдын эгзэгтэй цэг нь болчихоод байна. Дээр нь хавар болж, их бүтээн байгуулалт юу юугүй эхлэх нь. Улс төрийн хийгээд цаг үеийн ажил давхцсан энэ үед МАН ямар сонголт хийхийг олон нийт анхааралтай ажиглаж байгаа нь ч тодорхой.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ынхны байр суурийг харвал, хотын шинэ мэрийг сонгох марафоноос мөнөөх “60 тэрбумынхан” хүссэн ч, эс хүссэн ч хасагдсан нь тодорхой болов. Эрх баригч хүчний тэргүүний зүгээс тэдэнд өгсөн хатуухан хариулт бол С.Мөнхчулууныг батламжлаагүй явдал юм. Тиймээс их хотын амьдралыг аж ахуйн ажилтай нь мэддэг, удирдлагын багт нь ажилласан туршлагатай, олон нийт хийгээд эрх баригч хүчнийхэндээ нэр хүндтэй, нам болон Засгийн газартайгаа ойлголцож, тэдний дэмжлэгийг хүлээж чаддаг кандидатыг Улаанбаатар хотын шинэ Засаг даргаар сонгох нь нийтийн эрх ашигт ч нийцтэй билээ. Учир нь эрх баригч хүчин дэх бүлэглэлүүд өөр хоорондоо хагаралтай байгаа үед бас нэгэн “гал асаагч”-ийг хотын мэрээр сонгочихвол юу болох вэ. Намынхантайгаа, НИТХ-ын төлөөлөгчидтэйгөө зөвшилцөж, Засгийн газраасаа ч олигтой дэмжлэг авч чадахгүй нөхрийг сонгочихвол Сүхбаатарын талбайг тойрсон хэрүүл дэгдээхээс өөрөөр нийслэлчүүдийн ажил, амьдралд нааштай өөрчлөлтийг хийж чадахгүй. Тойрч, талцаж хэрэлдсээр байтал 2020 он болж нийслэл хот ч, нийслэлчүүдийн амьдрал ч бахь байдгаараа үлдэнэ гэсэн үг. Ирэх сонгуулийн ялалтаар намынхаа 100 жилийн ойг угтах далдхан хүсэлтэй МАН-ынхан ч хот удирдаж байсан туршлагагүй, хэрэлдэж, улстөржихөөс өөр ажилгүй нөхрийг хотын шинэ мэрээр тодруулж нэрээ сэвтүүлэхгүй нь тодорхой биз.
Нийслэлийн шинэ Засаг дарга хараахан тодроогүй байгаа энэ үед олон нийтийн дунд “Нийслэл хот маань Засаг даргагүй байгаагийн улмаас бүтээн байгуулалтын ажлууд хойшилж, цалгардах вий” гэсэн болгоомжлол хэдийнэ үүсчээ. Арга ч үгүй юм. Төсөв, тендер, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хүлээгдэж, Улаанбаатарчууд шинэ Засаг даргаа хүлээж буйтай адил бизнесийн салбарынхан ч цаг үеийн ажлынхаа бэлтгэлийг эхэлж, эрх мэдэлтнүүдийн шийдвэрийг хүлээж буй нь ойлгомжтой.
Тиймээс Ерөнхий сайд аа, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаа нэн даруй сонгоё. Цаг хугацааны хайчинд орсон бүтээн байгуулагчдын ажил цаана чинь хэцүүдлээ. Сонгууль ч дөхлөө. Эрх баригчдын хувьд, их хотыг нэн даруй шинэ мэртэй болгож, 2020 оны улс төрийн тулаандаа бэлтгэж эхлэх цаг мөн биз!?.
С.Саруул