2017 оноос эхлэн бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо нэмэгдэх болсныг Үндэсний Статистикийн хорооноос мэдээлсэн. Тодруулбал, Монгол Улсын хөдөлмөрийн насны нийт иргэдийн 9,6 хувь нь буюу 35,000 иргэн ажилгүй, ажилгүйдлийн түвшин 8,8 хувьтай байна. Гуравхан сая хүнтэй, том төсөл хэрэгжвэл ажиллах хүчний хомсдол шууд нүүрлэх манай улсын хувьд энэ үзүүлэлт анхаарал татахгүй байхын аргагүй юм. Төрд ажиллагсдыг олноор нэмэгдүүлвэл төр данхайж, зардал хэтэрч төсөвт хүндрэл үүснэ. Ажилгүйдлийг гол бууруулагч нь хувийн хэвшил байсаар ирсэн. Монгол Улсад 167 мянган аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж, 1,2 сая иргэнийг ажлын байраар хангаж байна. Улс төрийн зөрчил эдийн засгийн тогтвортой байдлыг эвдээд хаячихгүй бол эдийн засгийн өнөөдрийн өсөлтөө дагаад салбарууд сэргэж ажлын байр нэмэгдэх өөдрөг хандлага харагдаж байна. Ажиллагсдын тоогоороо Оюу толгой компани 14,000, М-Си-Эс Групп 9,000, ХААН банк 6,000, Эрдэнэт үйлдвэр 6,000 ажилтантайгаар компаниудыг тэргүүлж байна. Өнгөрсөн онд гэхэд М-Си-Эс Групп 400, ХААН банк 400, Номин 300 шинэ ажлын байр шинээр бий болгожээ.
Холбоотой мэдээ