Мадуро Колумбтай харилцаагаа тасаллаа

Хуучирсан мэдээ: 2019.02.25-нд нийтлэгдсэн

Мадуро Колумбтай харилцаагаа тасаллаа

Мадуро Колумбтай харилцаагаа тасаллаа

Улс төрийн тогтворгүй байдалд байгаа Венесуэл улсын нөхцөл байдал улам хүндэрч, Ерөнхийлөгч Николас Мадурогийн хувь заяа бүрхсээр байна. АНУ-аас ирж буй хүмүүнлэгийн тусламжийг улс оронд нь үймээн самуун дэгдээхэд ашиглах зэвсэг гэж үзээд, хил давуулахгүйн тулд Бразил улстай залгаа хилээ хааж байгаагаа саяхан мэдэгдээд байсан Николас Мадуро хил залгаа Колумб улстай дипломат харилцаагаа тасалж байгаагаа Бямба гаригт /2019.02.23/ зарлалаа. Өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарласан сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо ард иргэд нь өлсгөлөн, өвчин зовлонд нэрвэгдээд байгаа учир АНУ-аас тусламж хүссэн юм.

АНУ түүний хүсэлтийн дагуу Венесуэл улс руу хэдэн зуун тонн хүмүүнлэгийн тусламжийг цэргийн онгоцоор хүргэсэн боловч Мадурогийн эсэргүүцэлтэй тулгарч Колумб улсын хил дээр гацаад байгаа билээ. Хуан Гуайдо энэ сарын 23 буюу Бямба гаригт бүх тусламжийн ачааг ямар нэг аргаар хилээр нэвтрүүлнэ гэж мэдэгдээд байв. Ингээд нөхцөл байдал хурцдаж Мадуро ачааг хил давуулахгүйн тулд цэргийн хүчийг ашиглаж, Венесуэл-Колумбын хил дээр Хуан Гуайдог дэмжигчиид болон хүчнийхний хооронд мөргөлдөөн үүссэн юм. Зөвхөн хил дээр ч бус нийслэл Каракас хотод ч мөн эсэргүүцлийн үйл ажиллагаа зохион байгуулагдсан байна.

Хүмүүнлэгийн тусламжийг хил давуулах гэсэн иргэдийн эсрэг цэрэг, хүчнийхэн нулимс асгаруулагч хий, резинэн сумтай буу ашиглажээ. Мөргөлдөөний улмаас Бразилын хил дээр нэг, Колумбын хил дээр гурван хүн цэргүүдийн гарт амиа алдаж, 300 орчим хүн бэртэж гэмтэн, 37 хүн яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсон байна. Мөн 23 цэрэг Хуан Гуайдогийн талд орсон гэх мэдээлэл гарчээ. Цэргийн хүчээр хамгаалсны үр дүнд Колумбын хилээр нэг ч тусламж ачсан машин нэвтрээгүй бол, Бразилын хилээр хоёр ачааны машин нэвтэрч чадсан гэж Бразилын талын эх сурвалж мэдээлжээ.

Сөрөг хүчий удирдагч Хуан Гуайдо “Венесуэл улсад ардчилал эрх чөлөө ялахаас нааш бид хэзээ ч зогсохгүй” хэмээн уриалаад байсан бол Николас Мадуро “Миний тэвчээр алдагдаж байна. Би үүнээс цааш тэвчиж чадахгүй нь. Колумб улсын газар нутгийг Венесуэлийн эсрэг дайралт хийхэд ашиглахыг хараад сууж чадахгүй. Тиймээс би Колумб улсаас дипломат харилцаагаа таслаж байна. Колумбын элчин сайдын яамны ажилчдыг 24 цагийн дотор Венесуэл улсаас гарахыг шаардаж байна” хэмээн мэдэгдсэн байна. Мөн Колумб улсын Ерөнхийлөгч Иван Дьюкийг “хүний дүрд хувилсан чөтгөр” хэмээн тодорхойлжээ.

Колумбийн Ерөнхийлөгч Иван Дьюк Венесуэлийн сөрөг хүчнийг дэмжиж буйгаа удаа дараа илэрхийлж, Мадурогийн Засгийн газрыг шүүмжилж байсан билээ. Мадурогийн энэ мэдэгдлийн дараа Колумбын Гадаад хэргийн сайд Карлос Холмес Тружилло аюулгүй байдлын үүднээс Венесуэл дэх бүх дипломат ажилчдадаа тус улсаас гарахыг үүрэг болгосон байна.

АНУ тэргүүтэй 50 улс Хуан Гуайдог Венесуэл улсын хууль ёсны Ерөнхийлөгч гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Харин Николас Мадуро түүнийг “алиалагч”, “АНУ-ын утсан хүүхэлдэй” хэмээн тодорхойлоод АНУ бол улс эх оронд нь төрийн эргэлт хийх замаар байгалийн баялагт нь гар дүрэх гэсэн атгаг санаа агуулж байна гэж үзэж байгаагаа илэрхийлсээр байгаа.

АНУ-н Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Майк Помпео твиттер хуудаснаа “Ямар төрлийн дарангуйлагч гэхээрээ өлсгөлөнд нэрвэгдэн, зовж тарчилж буй ард иргэдэд нь илгээсэн тусламжийн ачааг нүдэн дээр нь галдан шатааж чаддаг байнаа. Дүүрэн хүмүүнлэгийн тусламж ачсан машин шатаж буй дүр зургийг харахад сэтгэл эмзэглэж байна” хэмээн жиргэжээ.

АНУ-ын талаас мэдээлж байгаагаар эм тариа, тэжээллэг хоол хүнс, ахуйн хэрэглээ гэх мэт 20 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж Венесуэл улс руу нэвтэрч чадахгүй гацаад байгаа юм. Инфляцийн түвшин 2,7 саяд хүрч, сарын цалингаараа ариун цэврийн цаас ч авч хүрэхээ байсан Венесуэл улсын инфляци энэ оны сүүл гэхэд 10 сая ч хүрч магадгүй байгааг Олон улсын валютын сангаас анхааруулсан байдаг. Нийгэм эдийн засаг, улс төрийн хямралаас болж гурван сая гаруй иргэд эх орноосоо дүрвэн, үлдсэн ард иргэд нь эм тариа, хоол хүнсний хомсдолд орж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж