Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг”-ийн 12 удаагийн аварга “Эрчим” багийн тоглогчид Хойд Солонгосыг өнгөрөгч амралтын өдөр зорив.
“AFC Cup” буюу Азийн цомын тэмцээний урьдчилсан шатанд Хойд Солонгосын “Рёмёнг” баг “Эрчим” багтай таарсан юм. Хоёр багийн эхний тоглолт хоёрдугаар сарын 20-д Улаанбаатарт болоход 3:0-оор “Рёмёнг” баг хожсон. Тэгвэл хариу ирэх Лхагва гаригт /2019.02.27/ Пхеньян хотод болно.
Монголын лигийн тэмцээний олон удаагийн аварга “Эрчим” баг энэ жил 1998-1999 оны залуу тоглогчдоор багаа бүрдүүлжээ.
“Эрчим” багийн дасгалжуулагч Д.Батнасан хэлэхдээ “Манай баг Хойд Солонгосын багтай зургаа удаа таарч тоглосон. Энэ жил “Рёмёнг” клубтэй таарлаа. Хойд Солонгосын залуус хурд сайн байна. Эхний тоглолтод хүссэн тоглолтоо гаргаж чадсангүй. Хариу тоглолтод гоол хийх зорилготой” гэсэн юм.