“Боловсрол” телевизийн “3 сая инээд” шоуны ээлжит дугаарын ялагч Б.Жамъяандорж боллоо. Тэрбээр өчигдрийн дугаарт оролцож, Гавьяат жүжигчин М.Баярмагнай, жүжигчин Д.Баттөмөр нарыг нэг минутын хугацаанд илгээж чадсанаар ялагч болсноор гурван сая төгрөгийг авлаа.
Шоуны оролцогчид нэг минутад хоёр шүүгчийг илгээх учиртай. Таван үетэй уг нэвтрүүлэгт амжилттай оролцож, эхний 10-30 секундэд шүүгч нарыг Б.Жамъяандорж инээлгэж чадлаа. Түүнийг хэн ч харсан бага насны хүүхэд байна гэж бодох ч 28 настай юм. Манай NewPlus булангийн оролцогч болж, олны танил болсон Б.Жамъяандорж хүнийг хэрхэн инээлгэж болохыг “3 сая инээд” шоугаар харуулж чадлаа.
Оролцогч Б.Жамъяандоржийн хувьд өөрийн бэлдсэн таван үзүүлбэрийнхээ нэгийг нь бүрэн дуусгаж чадалгүй нэвтрүүлэгийн ялагч болсон. Тэрбээр үзүүлбэрээ эхлээд 5-10 секундэд шүүгчдийг инээлгэж байсан юм. "Би өөрөө инээчих гээд байна. Уг нь энэ үзүүлбэрээ дуусгаад дараагийн үзүүлбэртээ ормоор байдаг. Гэтэл та хоёр инээчих юм гэж. Таван үзүүлбэр бэлдэж ирсэн ч нэгийг нь хийж чадлаа. Таван сая байхгүй гэж" хөгжилтэй яриагаараа шүүгчид болон үзэгчдийн хөгжөөсөн Б.Жамъяандорж гурван сая төгрөгтэй тайзнаас буув.
“3 сая инээд” шоу нэвтрүүлэгийн анхны дугаар хоёрдугаар сарын 10-д цацагдсан бөгөөд амралтын өдөр бүр шинэ ялагчдыг тодруулсаар байна. Өмнөх дугаарт оролцогч Д.Бямбахүү таван үеийг амжилттай давж, гурван сая төгрөгийн эзэн болсон бол С.Сүхбаатар гурван үеийг давж, нэг сая төгрөгтэй болсон.
2011 онд “Рассмеши комика” нэртэйгээр Укрианы “Интер” телевизээр цацагдаж эхэлсэн уг нэвтрүүлэг одоогоор 15 улирал амжилттай цацагджээ. Шведийн “Ecco Rights” компанийн албан ёсны эрхтэй уг нэвтрүүлэгийг “Боловсрол” телевиз “3 сая инээд” нэртэйгээр хүргэж, инээдээр саятнуудыг тодруулсаар байна.
Холбоотой мэдээ