Хуучирсан мэдээ: 2019.02.25-нд нийтлэгдсэн

Торны цаадах Төр

Торны цаадах Төр

-АТГ-т дуудагдсан Ц.Элбэгдоржийн "эмоци" ба "ялгарал"-

Монголын хууль “Төр барьж байсан” хүмүүсээ шаардлагатай тохиолдолд хуулийн өмнө дуудаж шалгаж чаддагаараа иргэний өмнөх тэгш эрхийг нь харуулдаг. Ардчиллаас бидний олж авсан үнэ цэнтэй хэрнээ одоогоор хамгийн үнэгүй үгт тооцогдоод байгаа “шударга ёс” эндээс эхэлдэг.

Монгол Улсын Ерөнхийлөгч асануудын тухайд л гэхэд хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандиас бусад нь АТГ-т шалгуулаад байна. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд ард иргэддээ хэлж байсан шигээ зангиагаа засч гутлаа тослоод АТГ-т очиж шалгууллаа. Түүнийг өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга иргэн хүнийхээ хувиар шалгуулахаар болж,  Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд өөрийн биеэр аваачиж өгсөн Тавантолгойн гэх 178 хуудас материалыг гардуулсан. Тэрбээр АТГ-аас гарч ирэхэд нь дуулиантайгаар тосон хүлээсэн сэтгүүлчдэд “Тавантолгойн асуудлаар Ерөнхийлөгчийн бүрдүүлж өгсөн материалтай холбоотой асуудлаар гэрчээр дуудаж тодруулга авсан. Хуулийн өмнө бүгд эрх тэгш байх ёстой. Хууль дуудсан цагт очиж хариулт өгөх үүрэгтэй. Хуулийн засаглал дуудсан цагт хүн бүр очих ёстой. Албан тушаалтнууд хуулиас зугтаж болохгүй. ШХАБ-д элсэж болохгүй. Монголын ард түмэнд аюул учруулна. Тэр 178 хуудас материалтай танилцаагүй. Миний хувьд Ерөнхийлөгчийг тэр материалаа ил тод болгооч гэж хэлж байгаа. Монгол Улсын хувьд бол хууль том хүч. Хуулиас зугтаах ямар ч шаардлага надад байхгүй" гэсэн юм. Үүний дараа “төрд эрх барьж байсан хүмүүс хуулийн байгууллагад ингэж хандаж байгаасай гэсэн жишгийг тогтоолоо” гэж олон нийт ам сайтай байгаа нь анзаарагдлаа.

Өнгөрсөн онд Монголын төрд өндөр албан тушаал хашиж байсан нэр бүхий хүмүүс, тухайлбал Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан, Сангийн сайд асан С.Баярцогт нар болон “Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг саатуулан шалгаж байсан.

Ажил үүрэг гүйцэтгэж явах цаг үе, нөхцөл байдалтай нь холбогдуулан шалгах үед саадгүй очиж тайлбар, мэдүүлгээ өгөөд, шаардлагатай тохиолдолд эрүүл мэнд амь насаа дэнсэн дээр тавиад ч атугай хуулийн өмнө өччихөөд гараад ирнэ гэдэг эрүүл, зөв үзэгдэл.

Шалгуулж байгаа бүхэн “ялтан” биш. Харин шалгах үед сэжигтэн, холбогдогч, яллагдагчийн алинаар дуудаж, ямар нөхцөл байдалд тайлбар, мэдүүлгээ авав, эцсийн хариуг шүүхээс хэрхэн тогтоов гэдэг л чухал. Гэтэл үнэн мөнийг тогтоохоос өмнө дуудаж эхэлмэгц нь улстөржүүлэх, олон нийтийн өмнө нэр хүндийг нь гутааж зохиомлоор яллах нь төрийн өндөр алба хашиж байсан тэр хүмүүст сэтгэл санааны “ял” болдог. Дээрх хүмүүсийг АТГ-т болон прокурор, шүүхээс дуудаж цаг хугацааны хувьд өө эрсэн хүнд бол “хоморголох” мэт зэрэг зэрэг барьж хорих үед “Торны цаана төр буй” мэт сэтгэгдэл төрүүлж байв.

Төрд өндөр алба хашиж байсан хүмүүс Монгол төрийн хуулийг хүндэтгэж хууль, хяналтын байгууллагад дуудсан цагт нь очно гэдэг ардчилсан орны хувьд хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг. Харин Монголын түүхэнд хууль дуудсан цагт очоогүйн улмаас “оймс гозолзуулах” гэдэг нэр томъёо бий болоход хүргэсэн нэг үйл явдал болсон нь гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах үйл явц байв.

Тухайн үед Монгол төрийн бүхий л өндөр албыг хашсан энэ эрхмийг хууль хяналтын байгууллагаас хэрхэн дуудаж, яаж баривчилж, ямар нөхцөлд мэдүүлэг авсан тэр хар дурсамж ард хоцорсон ч хууль хүчтэйг харуулсан.

Түүнд холбогдох хэрэг бол бусдад онц их хэмжээний хохирол учруулсан төдийгүй олон нийтийн анхаарлын төвд нээлттэй шийдэгдэж байснаараа шударга шүүхийн гурван шатны шийдвэрээр төрийн өндөр алба хашиж байсан гээд “зүгээр явуулчих” боломжгүйг, ялангуяа гэм буруугаа улстөржүүлэн тайлбарлаж байсан Н.Энхбаярт ардчиллын үнэ цэнийг мэдрүүлсэн гэхэд хилсдэхгүй. Гурав дахь Ерөнхийлөгч хоригдох хугацаандаа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих ангид болон Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэхчлэн урд хожид үзээгүй олон үйл явдлыг нийтэд харуулсан. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ эдэлж 2013 оны наймдугаар сарын 1-ний өдөр зарлиг гарган түүнийг ялаас чөлөөлснөөр “Н.Энхбаяр 365 хоног ял эдэлсэн” хэмээн түүхэнд тэмдэглэн үлдсэн. Хэдийгээр зарлигийг уншиж танилцуулахад Н.Энхбаяр “Би уучлал хүсээгүй. Уучлалыг гэм буруутай этгээд хүсдэг. Би ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй учраас уучлал гэдэг зүйл надад тохирохгүй” хэмээн мэдэгдсэн боловч гурван шатны шүүхийн дүгнэлтэд Монголын ард түмэн итгэсэн, тэгэх ч хуультай билээ.

Түүнийг баривчилсан, ялласнаас бусад тохиолдолд тийм хэмжээний эсэргүүцэлтэйгээр шалгуулах, гэм буруугаас зайлсхийх явдал төрийн өндөр алба хашиж байсан хүмүүсээс дахин үзэгдээгүй. “Улстөрч өөртөө, чоно бусдад том харагддаг” гэж нэгэн цагт С.Баярын хэлсэнчлэн төрийн өндөр алба хашиж байгаа хүний бодлого, шийдвэр, үг үйлдэл өөртөө зөв, түүндээ итгэлтэй байдаг. Харин хуулийн байгууллага тодорхой баримт нотолгоонд тулгуурлан шалгаж холбогдох байгууллагаар хянуулж шүүх эцсийн шийдвэрийг гаргадаг тул айж адгах, төрийн болон төрийн шүүхийн нэр хүндийг унагах нь тухайн улстөрчид итгэх олон нийтийн итгэл үнэмшлийг улам л бууруулдаг. Тиймээс ч энэ удаад Төрийн хуулиа хүндэтгэж АТГ-т хуулийн дагуу тайлбар мэдүүлгээ өгөөд гарч байгаа Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үг, хандлага түүнийг хүндэтгэх, түүнд итгэх ард иргэдийнх нь үнэлэмжийг улам ч өсгөлөө гэж дүгнэж болохоор байна.

Дашрамд дурдахад тэрбээр АТГ-аас гарч ирэхэд асуулт тавьсан сэтгүүлч бүрт хариулт өгч, тэр ч байтугай “Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу гэдэг дээ” гэж “өдөхөд” эрс эсэргүүцэн хуулийн байгууллага дуудах бүрт очиж шалгуулах ёстой, тийм үүрэгтэйг дахин сануулсан нь түүний “эмоци”, түүний ялгарал байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
138
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж